Categories
мэдээ цаг-үе

Т.Билгүүн: Тамирчдын чадвар хэдий чухал ч сэтгэл зүрхээрээ нэгдэж баг болно гэдэг илүү чухал

Монгол Улсын шигшээ баг , “СБЛ Хасын хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Энэ жилийн “Бүх одод”-ын тоглолтын сонин сайхнаас хуваалцаач. Таны хувьд дөрөв дэх жилдээ тасралтгүй орсон байгаа?

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад дөрөв дэх жилдээ “Бүх одод”-ын тоглолтыг зохион байгуулж байна. Жил ирэх тусам илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй, легионер тамирчдын чадвар ч улам өндөр болсон байна. Энэ жилийн хувьд Хандгайтын шинэ ордонд “Бүх одод”-ын тоглолтоо хийсэн. Хотын захад байрлах спорт ордонд болсон учраас үзэгчдийн тоо харьцангуй бага байлаа. Түүнээс бусдаар бол легионор тоглогчидтой тоглох өрсөлдөөн яг хэвээрээ байсан. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн жил ирэх тусам сайжирсаар байна.

-Та энэ үеэр хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байх аа?

-Намайг үнэ цэнтэй тоглогч болоход багийн тамирчид маань их тус болсон л доо. Оноо авах боломжийг бүрэн тавьж өгч, тусалсан болохоор тэрхүү шагналыг авсан гэж бодож байна. Мөн легионер тамирчдыг тусад нь шалгаруулсан учаас энэ шагналыг авахад нэлээд нөлөөлсөн юм болов уу.

-Тухайн багт нэг тамирчин 2-3 жил ажиллана гэдэг ч юм уу, баг тамирчдын хоорондох асуудал гэрээ хэлэлцээр ямархуу байдаг юм бол?

-Нэг багт заавал тэдэн жил тоглоод гар гэсэн зүйл байхгүй. Тухайн тамирчин, баг хоорондох асуудал л даа. Монголын сагсан бөмбөгийн ихэнх тамирчид жил жилээр гэрээгээ хийгээд явдаг. Ямар нэгэн нэмж хавсаргах зүйл байвал дараагийн жилдээ гэрээнд өөрчлөлт оруулдаг байх жишээтэй. Иймэрхүү замаар хамтран ажилладаг. Тухайн гэрээн дээрээ юу гэж дурдсанаас хамаараад тамирчдад тусах өнцөг ч гэсэн өөр өөр байдаг.

-Танай багийн зарим гишүүд яагаад өөр баг руу явчихав аа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Инчеоний Азийн наадамд Монгол Улсын шигшээ баг явсныг та бүхэн мэдэж байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд “Хасын хүлэгүүд” багаас таван тамирчин байсан. Холбооноос Инчеоний Азийн наадамд нэг багийн гурван тамирчин шигшээ багт байна гээд заачихсан. Энэ шийдвэр нь бусад багуудын хувьд ашигтай боловч манай багийн хувьд хохиролтой шийдвэр байсан. Үүнээс болоод О.Бадрах, Д.Дэлгэрням, Т.Санчир гэх тамирчдаа өөр багт алдсан л даа.

-Таны хувьд оюутан байхдаа Солонгос улсад сурч, амьдарч байсан. Монголд бэлтгэл хийх, Солонгост бэлтгэл хийх ялгаатай юу?

-Түрүүнд хэлсэнчлэн заал танхимаас авахуулаад бүх зүйлээрээ өөр. Солонгост мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа өглөө, өдөр, оройдоо зөвхөн сагсан бөмбөгөө тоглодог. Монголын сагсан бөмбөгчид орой зургаан цаг хүртэл өөрсдийн ажлаа хийгээд орой найман цагаас бэлтгэлээ хийдэг. Жилийн бараг зургаан сар нь иймэрхүү өнгөрдөг. Бид лиг эхлэхээс хоёроос гурван сарын өмнө л бэлтгэлдээ гардаг. Тэгээд зуны гурван сар амардаг.

-Инчеоний Азийн наадамд явсан талаараа ярихгүй юу, Монголын баг тамирчид маш амжилттай оролцсон шүү дээ?

-Монголын шигшээ багийн тамирчдын тухайд 2010 оноос хойш бүрэлдэхүүний хувьд нэг их өөрчлөлтгүйгээр, тасралтгүй хамт шигшээ багт зүтгэж байна. Олон жил хамт тоглосон учраас нэг нэгнээ маш сайн ойлгодог. Тамирчдын чадвар хэдий чухал ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэнэ гэдэг их чухал. Бид тийм баг байж чадсан. Бүгд өөрсдийн гэсэн ажил амьдрал, үр хүүхэдтэй хүмүүс ч гэсэн эх орныхоо нэрийг гаргаад ирье гэсэн зорилготой байсан. Тийм ч учраас зорилгоо марталгүй зүтгэж шилдэг наймд үлдэж чадсан.

-Азийн наадмын эргэн тойронд мэдээж хүндрэлтэй зүйлүүд байсан л байх?

-Хүндрэлтэй зүйл гэвэл байрны асуудал байсан л даа. Хоёр холбоодын асуудлаас болсон. Хоёулаа байр гаргаж өгнө гэсэн боловч эцсийн дүнд аль аль нь байраар хангаагүй. Тэр үед бодит тусламж үзүүлсэн байгууллага, хувь хүмүүс байгаа л даа. Тухайн нөхцөл байдалд шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт маань өөрийнхөө хувийн зардлаар тамирчдын тэмцээнд явах хүртэлх хоол унд, Солонгост очоод байрлах байраар хангаж өгсөн. Сагсан бөмбөгийн холбоо ирж очих зардал, тамирчдын хувцас гэх мэт зардлыг гаргасан.

-Энэ үеэр Б. Билгүүнд олон улсын лигийн тэмцээнд оролцох эрх ирсэн гэх яриа гарсан. Үнэн үү?

-Надад албан ёсоор гэрээ хийх санал ирээгүй. Би өмнө нь Солонгос улсад сурч, амьдардаг байсан учраас тэндхийн дасгалжуулагч, тамирчид намайг тодорхой хэмжээнд таньдаг. Тэр хүмүүс маань буцаад Солонгост ирж тоглох бодол байна уу, өөр ийм ийм улсуудад тоглох боломж байна гэж хэлсэн. Тэрнээс биш аль нэг орноос албан ёсны хүсэлт ирээгүй.

-Таны хувьд ид мандаж яваа тамирчин. Энэ утгаараа рекламны санал их ирдэг байх. Энэ байдалд багийн зүгээс хэр уян хатан ханддаг вэ?

-Тамирчид лигийн багтай гэрээ хийхэд иймэрхүү зүйл анги байдаг. Багийн зүгээс ямар нэг хаалт хийх нь харьцангуй бага. Холбоонд монополь ивээн тэтгэгч хоёр байгууллага байдаг. Тэр хоёр байгууллагаас өөр компаниуд ийм ажлын санал тавихад биднийг тоглуулдаггүй. Хэрвээ нэг рекламанд тогловол тодорхой хэмжээний мөнгө төлнө. Тэр нь бидний амьдралд хэрэгтэй шүү дээ. Ивээн тэтгэгч байгууллагуудаас бидэнд ийм санал тавиад тамирчид түүнээс тодорхой хэмжээний ашиг олж байвал өөр хэрэг. Ямар нэг шалтгаангүйгээр ийм хаалт тавина гэдэг тамирчдын эрхийг зөрчиж байгаа таагүй асуудлуудын нэг.

-Таны хувьд лигт тоглохын хажуугаар ямар ажил эрхэлж байна?

-Өмнө нь “Хасбанк”-нд ажилладаг байсан. Сүүлийн үед гэр бүлийн бизнес хийж байна.

-Гэр бүлтэй юу?

-Би хоёр жилийн өмнө гэрлэсэн. Эхнэр хүүхэдтэй. Гэрлэхээсээ өмнө тийм ч ил тод байгаагүй болохоор зарим хүмүүс намайг гэр бүлтэй гэдгийг мэддэггүй л дээ.

-Бусад орны тамирчид өөр ажил хийлгүйгээр зөвхөн бэлтгэл сургуулилтдаа л анхаардаг. Манай орны хувьд хараахан ийм нөхцөл бүрдээгүй байна. Энэ байдал тамирчдын ур чадварт их нөлөөлдөг болов уу?

-Мэдээж нөлөөлөлгүй яахав. Лигийн тамирчин байх 10-15 жилийн хугацаанд цалинжаад өөрийгөө боломжийн түвшинд аваад явчихна. Сагсан бөмбөг тоглохоо болиод 30,35 нас хүрээд ирэхээр юу хийж амьдрах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Бусад орны хувьд сагсан бөмбөгийн карьер нь дууссан тохиолдолд үлдсэн амьдралд нь хүрэлцэхүйц санхүүг босгох боломж олгодог.Бидний хувьд тийм боломж байдаггүй. Тийм болохоор хажуугаар нь заавал ажил хийх шаардлага гарч ирдэг. Сөхөөд байвал цэвэр тамирчны тал дээр асуудал их байдаг.

-Сүүлийн үед сагсан бөмбөг улстөржөөд байх шиг. Энэ тал дээр тамирчин хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний харснаар зарим нам нэг баг бүрдүүлээд лиг рүү оруулаад байх шиг байгаа юм. Гэхдээ тэр багийнханд буруу байхгүй л дээ. Удирдлагууд намын харьяалалтайгаас зөрчилдөөний асуудал их байна. Зарим нь дээд удирдлагаасаа шууд хамааралтай болчихсон. Хэрүүл тэмцэл болно. Ямар нэг зүйлээр нь хааж боох ч асуудал их гардаг. Энэ бүхэн дээр тамирчны эрх ашиг яригдана, хөндөгдөнө. Миний хувьд сүүлийн гурав, дөрвөн жил тоглосноос хойш иймэрхүү асуудал, хэрүүлд зөндөө өртсөн. Үүнээс болоод хохирох тохиолдол ч гардаг байлаа.

-Лигийн тоглолтын үеэр шүүгчид “Хасын хүлэгүүд”-тэй ойлголцохгүй тохиолдол гарсан…?

-Монголд шүүгчдийн асуудал нэлээн хүнд. Мэргэжлийн, олон улсын шүүгч бараг байхгүй. Олон улсын шүүгч гэсэн сертификаттай боловч наад зах нь легионер тоглогчтой шууд холбоо тогтоох чадвартай байх ёстой. Тэгэхэд Монголын шүүгч нар хэл усны асуудалтай, олон улсын шүүгч гэсэн түвшиндээ хүрч чаддаггүй. Шүүгч нарын асуудлаас болоод баг тамирчид хохирох асуудал их гардаг. Лигийн тэмцээн бол тамирчдын бүтэн нэг жилийн хөдөлмөр шүү дээ. Тамирчин хүний хувьд нэг жилийн хугацаа бол маш урт хугацаа. Шүүгчийн хайхрамжгүй байдлаас болоод тамирчид хохирох явдал их гардаг.

-Легионер тоглогчид лигт тоглох нь зөв үү, энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Одоо нэг багт гурван легионер тамирчин, талбайд хоёр легионер тоглоно гэсэн дүрэмтэй. Багийн онооны талаас илүү хувийг легионерууд авдаг. Миний бодлоор цааш цаашдаа нэг баг хоёр легионертой, талбайд нэг легионер тамирчин тоглоно ч гэдэг юм уу иймэрхүү зохицуулалт хийвэл монгол тамирчдын тоглох орон зай арай өргөн болох болов уу гэж боддог.

-Тэднээс сурах зүйл бадйаг л биз дээ?

-Легионер тамирчид ирснээрээ Монголын тамирчдын ур чадвар харьцангуй дээшилж байгаа. Одоо бид легионеруудтай тоглоод дараа нь олон улсын тэмцээн, Ази тивийн тэмцээнд ороход илүү задарсан байдаг. NBA, NCA гээд лигүүдэд орж байсан тамирчидтай тоглоод хамгаалаад сурчихдаг. Буцаад Ази талдаа тоглоход илүү хялбар, маш давуу талтай байдаг.

-Монгол Улсад олон улсын стандарт чанарт нийцсэн заал танхим байна уу. Заалны чанар тамирчдын ур чадварт нөлөөлдөг байх?

-Монгол Улсын хэмжээнд стандартад нийцсэн заал гэвэл саяхан МУИС-ийн Эдийн засгийн сургуульд америк стандартын зууралт сайтай, талбайн хэмжээ болон бүх зүйл нь олон улсын стандартад нийцсэн заал шинээр байгуулагдсан. Халтирдаггүй, тоос шороогүй зааланд бэлтгэл хийх, энгийн зааланд бэлтгэл хийх хоёр маш их ялгаатай. Хэдий сайхан тоглолтыг гаргая гэж бодож байсан ч халтирах тохиолдол гараад чадахгүй байх нь бий. Стандартын зааланд бол санаж бодсон бүх зүйлээ хүссэнээрээ гүйцэтгэж чаддаг.

-Монголын спортын төв ордны зааланд тоглоход бэрхшээл гарч байна уу?

-Спортын ордны шал нь ойдоггүй. Шал нь тэгш хэмтэй биш, дэгэн догон гээд олон асуудал байна. Ойлт муутай учраас бөмбөг залаад гүйхэд бөмбөг ард үлдэх ч юм уу, тиймэрхүү тохиолдол гардаг.

Э. Ариунзул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *