Categories
мэдээ цаг-үе

Т.БАТЦЭЦЭГ: “Дэлхийн мисс”-т өөртөө харамсахааргүй оролцлоо

Дэлхийн мисс 2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Miss world” тэмцээн манай цагаар шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн. Олон монголчууд таныг дэмжсэн шүү?

-Намайг дэмжсэн бүх хүмүүстээ танай сониноор дамжуулан мэндчилж байна. Сайн байна уу, монголчууд минь. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг дэмжсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.

Нээлтийн үеэр бүжиглэсэн үндэсний хувцастай бүжиг тань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Монголыг гадаадад их сайхан сурталчилсан үйл явдал болсон байх аа?

-Сорхугтан хатны бүжиг л дээ. Бүжигчин М.Бямбаа зааж дэглэж өгсөн юм.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйд тоглодог бүсгүй юу?

-Мөн, мөн. Энэ тэмцээнд л зориулж бэлдсэн бүжиг. Нэг их удаан бэлдэж чадаагүй. Дөрөв, тав хоног л бэлдсэн байх. Би багаасаа л бүжигт дуртай байсан. Бүжиглэх дуртай. Латин америк бүжгээрхичээллэдэг байлаа. Сүүлийн үед бэлли дэнсийг сонирхон хичээллэх болсон.

-“Дэлхийн мисс”-ийн сүүлийн шат цаг гаруйн хугацаанд болоод өнгөрдөг ч оролцогчид нь олон сарын өмнөөс асар их хүч хөдөлмөр зарцуулдаг. Эх орноо төлөөлж байгаа миссүүд их л олон үйл ажиллагаанд оролцдог юм шиг байна билээ?

-Их хүч хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ тэмцээнд бэлдэх хугацаа нь сар гаруй л байсан. Манай “Miss Mongolia” тэмцээн зургадугаар сараас эхэлж явсаар есдүгээр сард сүүлийн шалгаруулалт нь болдог. Би “Дэлхийн мисс”-т орно гэж гурван жилийн өмнөөс бодсон. Тэгээд энэ жил оролцоно гэж өөртөө том төлөвлөгөө тавьсан юм. Их ч бэлдлээ. Энд нэг л юм хэлмээр байна. Монголчууддаа л баярлалаа гэж хэлмээр байна. Их Британи, тэр дундаа Лондонд байгаа монголчууд маань их дэмжсэн. Тэндхийн Элчин сайд нь хүлээж авсан. Миний зурагтай футболк, томоос том хананы зураг хүртэл хэвлээд бэлтгэчихсэн байсан. Аягүй гоё зохион байгуулалттай хүлээж авсанд баяртай байгаа.

Нээлтэд “Mongolia” хэмээнтаныгтанилцуулахад тэнд яасан олон монголчууд байв аа. Шуугилдаад л “Монгол” гэж хашгирцгаах нь сонсогдсон?

-Маш олон монголчууд байсан. Манайхан энд тэндгүй суучихсан. Хаа сайгүй л Монголын минь далбаа. Ер нь үнэхээр гоё байсан, уйлчих гээд. Огшоод байсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулаад мэндчилэхэд өөрийн эрхгүй омогшсон. Ялангуяа монгол дээл, хувцсаа өмсөөд тэр дундаа хатны хувцастай гарахаар бахархаад л байдаг юм билээ.

Сар гаруйн турш олон орны мисстэй хамт янз бүрийн л тэмцээн уралдаанд хүч үзэж байгаа харагдсан. Хэр ядрав?

-Амар юм гэж хаа байх вэ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Ядарсан, ядарсан. Өглөөнөөс орой хүртэл үйл ажиллагаатай. Өдөрт 4-6 цаг унтдаг байсан. Өглөө эрт гарахад цайгаа уучихсан байх ёстой. Хувцаслалт, нүүр будалт нь бэлэн байх хэрэгтэй. Өглөө хэдэн ч цагт гарч болно. Тийм болохоор байнгын бэлэн байдалтай л ажилласан. Тэмцээний шүүгчид ингэх явцдаа тухайн оролцогчийн бэлэн байдалд дүн тавьдаг юм. Тийм болохоор цаг барих хэрэгтэй. Яаж ч байсан хоцорч болохгүй. Ер нь аягүй ачаалалтай байсан.

Ямар орны миссүүдтэй танилцаж, найз болов?

-Оролцогчид маань бүгд гоё байсан. Өрөөнийхөө охинтой их сайн найз болсон. Вьетнамын мисс л дээ. Түүнтэй л бүтэн сарын турш бүхий л зүйлд хамтдаа байсан. Бусад оролцогчид маань надад их сайхан хандана, сайн харилцаатай байсан шүү. 121 орны миссүүдийг дотор нь групп болгоод хуваачихсан болохоор биенээ танихгүй байх тохиолдол бий. Харин намайг хэн нь ч харсан “Mongolia”гээд л танина. Тэр нь их гоё.

Өнөө жилийн тэмцээн олон нийтээс санал авснаар шинэлэг байсан. Та тэр санал хураалтаар чамгүй дээгүүр явсан шүү?

-Ер нь бол өндөр саналтай явсан. “Miss world”-ийн албан ёсны хуудсан дээр бүх мэдээлэл, явцыг танилцуулаад явж байсан. Тус тэмцээний зохион байгуулалтыг дэмждэг, сонирхдог гэх газруудын томоохон сайтууд байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-т явахаас минь өмнө тэдгээр сайтууд оролцогчдын мэдээллийг байршуулаад санал аваад эхэлчихсэн. Монголчууд маань тэдгээр сайтууд болон албан ёсны сайтад олон мянган саналаа илгээж байсан шүү.

Манай гоо бүсгүйчүүд 2005 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн. Өнөө жил монголчууд өмнөхөөсөө илүүтэй итгэл тээж байсан нь анзаарагдаж л байлаа?

-Тэгж байсан нь мэдрэгдсэн. Өмнө нь монголчууд ингэж дэмжиж байгаагүй гэсэн. Монголчууд маань үнэхээр сайхан мэссэжүүд илгээдэг байсан. Тэмцээн өндөрлөснөөс хойш өөрийн цахим хаягуудаараа маш олон сайхан үгтэй урмын мэндчилгээ, үгс хүлээн авсаар л байна. Тэмцээн дуусаад эхний гурав хоногт ямар олон сайхан үгс хүлээж авсан гэж санана. Би бүгдэд нь хариу өгч байгаа. Тэр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. “Чи бол Монголын дэлхийн мисс”, “Чи бидэндээ Дэлхийн мисс” гэсэн олон сайхан үгс ирсээр байгаа (инээв). Гоё мэссэж, сэтгэлийн үгс. Зарим нь шүлэг зохиож, зарим нь зураг зурж илгээсэн.

Таныг нэгэн дэмжигч тань “Дэлхийн мисс”-ийн цэнхэр титэмтэйгээр зурсан байна билээ?

-Харин тийм. Бас гоё үгтэй шүлгүүд ч бий.

Тамонголбүсгүйчүүдийг бусад орны эмэгтэйчүүдээс юугаараа ялгардаг, юу нь өвөрмөц гэж боддог вэ?

-Монгол бүсгүйчүүдийн царай төрх нь өвөрмөц шүү дээ. Биеэ авч яваа байдал, Монголын ёс заншил, үндэсний хувцас. Энэ бүхнийг сайхан хослуулж чаддаг.

Олимп, дэлхийн аваргууд медалийн тавцанд зогсч байхдаа Монголоороо бахархсанаа ярьдаг. “Дэлхийн мисс”-ийн хүндтэй тайзнаа алхаж явахад мисс хүнд юу бодогдох юм?

-Эх нутгийн уул тал, байгаль сэтгэлд буусан. Нүдэнд Монголын төрийн далбаа харагдсан шүү. Тэр агшинд уйлах гээд нулимс цийлэгнээд л ирсэн. Тухайн агшиныг одоо дурсч ярих гэхээр үг гарахгүй, хоолой зангираад байна (Хэсэг чимээгүй болов.сурв).

Т.Батцэцэгийг энэ тэмцээнд оролцоход ямар хүмүүс тусалж дэмжив. Том ажлын ард хамт гарсан эрхмүүдээ танилцуулбал?

-Монголын талын зохион байгуулагчид маань байна. Ээждээ, гэр бүлдээ маш их баярлалаа. Миний ард байсан хамгийн том гол хүч бол миний гэр бүл. “Шилмэл загвар” агентлагийнхандаа талархсанаа илэрхийлье. Намайг дэмжсэн бусад бүх хүндээ надтай сэтгэл зүрхээрээ хамт байсанд баярлалаа гэж хэлье.

-“Дэлхийн мисс”-ийн үеэр зорилготой гоо сайхан гэж ярьж байсан. Та ямар үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийсэн бэ?

-Хүүхдэд анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Хүүхэд бол Монголын, энэ дэлхийн ирээдүй. Би энэ удаад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд нийгэм маань анхаарал хандуулаасай гэж хүссэн юм. Тийм өвчтэй хүүхдүүд их өрөвдмөөр (Уйлав ). Өөрсдийн буруугаас болж тэгж төрөөгүй шүү дээ.

Ээж тань “Дэлхийн мисс”-ийн үеэр тантай хамт байсан уу?

-Дэргэд байсан. Ээж намайг тайзан дээр байхыг үзэгчийн суудлаас харсан. Ээж гэдэг хүн дэргэд байхаар бүх юм тайван, айдасгүй болчихдог юм билээ. Бүх зүйлд итгэлтэй, сэтгэлтэй болчихдог юм байна лээ.

-“Дэлхийн мисс 2014″-ийн тэргүүн мисс болон тэмцээний талаар ярихгүй юу. Ямархуу болж өнгөрлөө гэж бодож байна?

-Тэргүүн мисс болсон бүсгүй маань спортын тэмцээнд их амжилт гаргасан л даа. Манай группт байгаагүй болохоор яг ямархуу зан ааштай оролцогч вэ гэдгийг анзаарсангүй. Тэмцээний зохион байгуулалт их сайн байсан.

-“Би тэрэн дээрээ л анхаардаг байж дээ” гэж өөртөө шүүмжлэлтэй хандсан тал байна уу?

-Би энэ тэмцээнд өөртөө харамсахааргүй орсон. Угаасаа олон жилийн өмнөөс бодсон. Чадахаараа бэлдсэн. Бүхнийг чадлынхаа хэрээр бэлдсэн бүхнээ зориулсан болохоор харамсахгүйгээр хийнэ гэж өөртөө хэлсэн. Харамсаагүй. Дээр нь монголчууд маань үнэхээр сэтгэлээсээ дэмжсэнд талархаад баршгүй. Баярлалаа гэх үгсийг хэдэнтээ ч хэлсэн багадахаар санагдана.

Та тэмцээнд гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу. Топ модель ангилалд 20 дугаарт шалгарсан?

-121 орны оролцогчдоос Топ моделийн төрөлд шилдэг хорьд. Спортод багаараа хоёрдугаар байрт. Зорилготой гоо сайхны ангилалд шилдэг 28-д орсон байгаа. Зорилготой гоо сайхан төрөлд зарим орны оролцогчдын хийсэн ажил үнэхээр нүсэр том байсан л даа. Тэдэнтэй эн зэрэгцэн шилдэг 28-д шалгарсандаа баярласан. Хамгийн гол нь миний хийсэн хүмүүнлэгийн ажлын үр дүн нь гараагүй байсан юм. Зорилготой гоо сайхан төрөлд би зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг гадагшаа эмчилгээнд явуулсан. Тэр хүүхэд намайг явснаас долоо хоногийн дараа эмчилгээнд явсан. Өнөөдөр (өчигдөр) эх орондоо ирсэн байгаа. Хагалгаа нь амжилттай болсонд баяртай байна. Нэг ч гэсэн хүүхэд эрүүл саруул боллоо.

Манай улс дараа дараагийн “Дэлхийн мисс” тэмцээнд гоо бүсгүйчүүдээ илгээх болно. Харин юун дээрээ анхаарвал зүйтэй юм байна гэж бодов?

-Хамгийн түрүүнд цаг хугацаа хэрэгтэй. Энэ тэмцээнд явах оролцогчдоо багаар бодоход гурван сарын өмнө тодруулмаар юм байна. Цаг хугацаа хэдий уужуу байна, тэр хэрээр амжилттай бэлтгэх хугацаа ихэснэ. Хоёрдугаарт, монголчууд маань энэ л эрчээрээ дэмжлэгээ бууруулахгүй улам ч уухайлан дэмжээрэй. Тэр хүн эх орноо төлөөлөн ганцаараа явж байгаа ч ард нь шүүмжлэхээс илүүтэй дэмжих ард түмэнтэй байх нь том урам болно. Гуравдугаарт гэвэл явахаар болсон оролцогчдоо хувийн гэмээр хэлмээр зүйлс гардаг юм билээ.

Монголдоо ирсэн чинь аягүй гоё байна. Энд шинэ жилийн уур амьсгал орчихсон байна. Хүмүүсийн гар утас руу залгахаар шинэ жилийн дуу эгшиглээд л. Хаа сайгүй цастай. Үнэхээр гоё байна. Монголчууддаа, бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. 2015 оноо үр бүтээлтэй өнгөрөөж илүү сайхан байгаарай. Шинэ хуучин он солигдох тэр торгон агшинд гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаарай гэж ерөөе.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *