Categories
мэдээ цаг-үе

Т.БАТСАЙХАН: Сонгодог тоглолт хийхийг олон хүн надад санал болгосон

“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлсан говь” хэмээх олны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудтай дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийх нь. Тэрбээр тенор буюу нарийн цээл хоолойтой мэргэжлийн дуучин юм. Энэ удаагийн тоглолтоороо тенор хоолойн чадлыг харуулсан олон дуугаа сонсогч, үзэгчдэдээ толилуулах ажээ.

-Дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийнэ гэхээр сонирхолтой санагдлаа. Сонсох дуртай дуучнаа өөр өнцгөөс харах боломж үзэгчдэд олдох нь байна?

-Нийтийн дуу дуулдаг хүн сонгодог дуулна гэхээр зарим хүнд сонин санагдах байх л даа. Энэ яах гээд байгаа юм бол гэж зарим хүн бодож магадгүй. Үнэндээ би СУИС-ийг 2004 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, профессор О.Ичинхорлоо багшаараа дуулах урлагийг заалгаж төгссөн. Би СУИС-д ороод дуурь гэж ямар агуу юм байдгийг мэдэрсэн. Энэ урлагаар явъя гэж их боддог байлаа. Тухайн үед амьдралын шаардлагаар нийтийн дууны урсгал руу орчихсон юм. Манай үеийнхэн, багш нар ерөнхийдөө намайг оюутан байхдаа яаж дуулдаг байсныг гадарлана.

-Оюутан байхдаа та “Хөхөө Намжил” дуурьт дуулж байсан гэл үү?

-Тийм ээ. Хилийн цэргийн ойгоор манай тайзны уран чадварын багш, Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань “Хөхөө Намжил” дуурийг найруулаад Хөхөөгийн дүрд тенор хоолойтой дуучин олох шаардлага гарч надад санал тавьсан юм. Гуравдугаар курст байхдаа энэ дүрд тоглосон доо. Миний анхны бүтээсэн дүр Хөхөө Намжил.

-СУИС-д орохдоо яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ?

-Тэр үед дуулаачийн анги дотроо гурван төрлийн анги байсан. Эстрад дууны анги, уртын дууны анги, мэргэжлийн опера дууны анги гэж байлаа. Би эстрад дуу, уртын дуу дуулж чадахгүй. Надад дуурийн дуулаачийн анги нь арай дөхөм байсан. Одоо бол ардын дууны анги гэж нээгдсэн. Тухайн үед ардын дууны анги гэж байсан бол тэрэн рүү нь давхиад орчих байсан биз.

-СУИС-д орохоосоо өмнө Өмнөговийн театрт дуулж байсан гэсэн үү?

-1997 онд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт дагалдан дуучнаар юу ч мэдэхгүй хүүхэд орж байлаа.

-Аравдугаар анги төгсөхдөө та дуучин болно гэж бодож байсан уу?

-Надад тийм бодол байгаагүй. Тухайн үедээ сургууль ч олдоогүй, конкурст ч ороогүй. Төгсөөд жил гаруй хугацаанд сайхан налайгаад явж байлаа. Булган сумандаа нэг жил ногоо тарилаа. Дараа жил нь сумынхаа Залуучуудын холбооны дарга хийлээ. Тэгээд л аймгийн театрт дагалдан дуучнаар орсон. Чи дуучин болбол зүгээр юм байна гэдгийг анх О.Ичинхорлоо багшийн шавь, Өмнөговь аймгийн театрын дарга хийдэг байсан Хишигбаяр ах маань ойлгуулж санал тавьсан юм. Хамт хөдөө явж байхдаа машин дотор дуулахыг маань сонсоод “Аймгийн театрт дуучнаар орох уу” гэсэн л дээ. Орчихвол зүгээр юм болов уу гэж бодоод очиж шалгуулсан. Шалгуулаад тэнцээд жил гаруй ажилласан.

-Тэнд ямар дуу дуулж байв?

-Миний дуу гэж ямар юм байхав. Голцуу Г.Эрдэнэбат гавьяатын дууг л дуулдаг байв. Энэ хүмүүс шиг гоё дуучин болох юмсан гэж бодно.

-Аравдугаар ангид байхдаа багш чинь дуул гэхээр анх тайзан дээр гарч байсан гэж та ярьсан байна лээ. Багш чинь таны дуулах авъяасыг олж харжээ?

-Яахав, аав, ээж дуулдаг болохоор энэ дуулж л таараа гээд намайг хүчээр тайзан дээр гаргачихсан байхгүй юу. Тухайн үедээ “Хонхны дуу” дуулсан. “Арван жилийн хичээлийн хонх” гээд. Нэлээд бүрэг хүүхэд байсан. Тайзан дээр гарч дуулах, хүний өмнө гарахаас их ичдэг байлаа. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс байсан.

-Нийтийн дуу руу орох саналыг дуучин Г.Эрдэнэтунгалаг өөрт чинь тавьсан гэдэг?

-Сургуулийн коридорт явж байхад Г.Эрдэнэтунгалаг “Баагий ах аа, хоёулаа ээжийн өрөөнд орж нэг дуу сонсоодохъё” гэсэн. Тэр дууг дуулаад л явчихсан шүү дээ.

-“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” гэх мэт сайхан дуунуудаа хамт дуулахыг чинь харахыг хүссэн хүмүүс их л байгаа байх?

-Тиймэрхүү санал ирдэг юм аа.

-“Зүрхэнд буйлдаг говь” гээд таны сайхан дуу байдаг?

-Бүх дуулсан дуунуудаа эргээд харсан чинь говийн тухай арав гаруй дуу болчихсон байна лээ.Түүгээрээ “Их говийн дуун” гээд цомог гаргасан. Говь нутгийн хүн говийн тухай дуугаар цомог гаргасан хүн өөр байхгүй юм билээ.

-Дуучин Т.Батсайхан хаана, юу хийж байгаа бол гэж таны дуунд дуртай хүмүүс сонирхох болов уу?

-Би хэсэг хугацаанд нэг их айхавтар уран бүтээл хийсэнгүй дээ. Ер нь бол дуулаад л яваад байгаа ш дээ.

-Та ямар нэг байгууллагад харьяалагдаж байна уу?

-Байхгүй. Чөлөөт уран бүтээлч.

-Таныг чимээгүй болохоор бизнест хүч үзэж байгаа юм болов уу гэж бодлоо?

-Хааяа Эрээн л явдаг ш дээ. Тоглосон юм аа.

-“Миний …сонгодог”-т ямар уран бүтээл дуулагдах вэ?

-ДБЭТ-т арванхоёрдугаар сарын 3-нд “Миний …сонгодог” тоглолт маань болно. Би өөрөө арав гаруй дуу дуулна. Үүн дээр ардын жүжигчин А.Долгортой хамтарч дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай хамт дуулна. Миний дуулж байгаа бүтээлүүд дотор хоёр л монгол дуу байгаа. Бусад нь дандаа итали, орос дуу. Н.Жанцанноров гуайн “Хүний заяа”, “Жаргалын зам” дуурийн Чулуунбатын ариг дуулна.

-Дандаа ари, романс дуулагдана гэхээр өөрийг чинь нийтийн дуучин гэж сонсч дадсан үзэгчдийн хувьд нэлээд сонин санагдах байх?

-Би сонгодог тоглолт хийх юмсан гэж бодож явдаг байлаа. Түүнчлэн ийм тоглолт хийгээч гэж олон хүн санал тавьдаг байсан. Энд тэнд баяр ёслол дээр дуулахаар “Чи сонгодог чиглэлээрээ яагаад дуулдаггүй юм бэ” гэж хэлдэг хүмүүс зөндөө байдаг.

-Сонгодог тоглолт хийгээд дуурийн дуулаачийн мэргэжлээрээ явах бодол байдаг уу?

-Нэг их айхавтар бодол байхгүй. Уг нь энэ чиглэлээр уралдаан тэмцээнд оролцох юмсан гэж боддог л байсан. Оюутан байхад МУГЖ Банди багшийн нэрэмжит уралдаан манай сургууль дээр боллоо. Хоёрдугаар хэсэгт шалгарч ороод дуулж байхдаа орос романсынхаа үгийг мартчихсан. Зогсчихоогүй юм аа, янз янзын үг хольж хэлээд дуусгасан. Мэргэжлийн багш нар “Сайхан авдаг гар байна даа” гэж бодсон байх. Тэгээд хасагдаж байлаа. Түүнээс хойш уралдаан тэмцээнд ороогүй. Нийтийн дуугаар янз бүрийн уралдаан тэмцээнд орж л байсан.

-Бүтээхийг хүсдэг дүр байдаг уу?

-Байгаа байгаа. Пуччинийн “Богема” дуурийн эрэгтэй гол дүр болох Рудольфын хэсгээс тоглолтын үеэрээ дуулах юм. Энэ дуурийн дүрийг бүтээчих юмсан гэж боддог.

-Та их тайван амгалан хүн шиг байна. Эхнэр тань гялалзуур хүн үү?

-Би тайван алгуур хүн. Болно доо, болгочихно доо гээд явж байдаг хүн. Өнөөдөр хийгээд болчих юмыг маргааш болчихно доо гээд хойшлуулдаг алдаа бий.

-Говьд их халуун болохоор хүмүүс нь ч үсчиж цовхчоод байдаггүй тайван налгар байдаг юм биш үү. Аав ээжийнхээ тухай яриач?

-Говийнхон тайван хүмүүс байдаг. Манай аав сум нэгдлийн дарга насаараа хийсэн. Ээж ахуйн үйлчилгээнд ажилладаг байв. Аавыг хөдөө явахаар нь цуг явахыг боддог. Хааяа намайг аваад явчихна. Ажил төрлөө амжуулчихаад хөдөөнийхөн орой хоол унд, айраг цагаа болно. Тэр үед аавынхаа дуулахыг сонсоход гоё байдаг сан. Уртын дуу сайхан дуулдаг хүн байлаа. Жаахан халчихаад нүүрэнд нь улаан туяа суучихаад дуулахдаа янзын дуулна.

-Та уртын дуу дуулдаг уу?

-Дуулдаггүй. Дуулбал болох л байх. Нэг уртын дуу сурчихъя гэж боддог юм.

-Дуулахаас өөр хобби байдаг уу?

-Ан ав хийдэггүй, морь мал сонирхдоггүй. Спорт жаахан сонирхдог.

-Уран бүтээлээс бусад ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?

-Гэртээ, гадуур дотуур, наана цаана ажил байна.

-Хоёр охинтой гэсэн. Охиддоо зориулсан дуу байдаг уу?

-Бий. 2003 онд том охин маань мэндэлж, аав болж байлаа. Юун төлөө дуучин хүн билээ. Охиндоо зориулж нэг дуу хийлгэхээр яруу найрагч Ц.Бавуудорж дээр очиж шүлэг захиалсан. Ер нь Ц.Бавуудоржийн шүлэгт дуртай. Ц.Бавуудоржийн “Тэнгэрийн бүсгүй”, “Үр минь” гээд шүлгүүдээр дуу хийгээд дуулсан. Сүүлд “Гурван тэс” суманд зориулсан шүлэг хийлгэхдээ “Засварлах хэрэгтэй байна” гэсэн юм. Засварлаад маш гоё дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатараар ая хийлгээд маш сайхан дуу төрсөн. Дараа нь олуулаа ээжийн тухай дуулъя гээд шүлгийг нь Ц.Бавуудоржоор хийлгэсэн. Ц.Бавуудорж эхлээд нэг шүлэг хийгээд ирэхээр нь жаахан голчихсон юм.

-Ц.Бавуудоржийн шүлгийг голдог өндөр шаардлагатай хүн байх нь ээ?

-Голох ч юу байхав дээ. Жаахан засвал зүгээр байна аа гэсэн. Ц.Бавуудорж “Батсайхаан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн гуай миний шүлгийг голдоггүй шүү” гэж дуугарч байна лээ. Би голоогүй ээ, жаахан жаахан засвар хийлгэх гэсэн юм аа гэсэн. Ц.Бавуудоржтой хамтарч ажиллахад сайхан байдаг. Маш гоё шүлэг гардаг.

-Хэр сайн аав бэ. Дуучин хүн болохоор ээжээс илүү бүүвэйн дуу дуулж өгдөг үү?

-Яахав хүүхэд жаахан байхад унтуулах гээд аялдаг л байсан байх.

-Багшийнхаа тухай яриач?

-Манай багш О.Ичинхорлоо гэж Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Олноо “Цагаан Ихо” гэж алдаршсан хүн дээ. Дуурийн дуучин байгаад багшилсан хүн. Олон шавьтай. Гавьяат жүжигчин Алтанцэцэг, “Элькондр”-ын Жаргалсайхан, Ариунбаатар гавьяат, Гантулга, Чулуунбаатар гээд олон шавьтай л даа. Манай багш Болгарт төгссөн. Шавь нарынхаа төлөө зүтгэдэг. Сурсан мэдсэнээ шавь нартаа заахдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Анх багшийнхаа нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зарлая гэж шавь нар нь нийлж байгаад “Багш шавь” холбоо гэж байгуулсан. Хоёр дахь удаагаа уралдаан зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ уралдаанаас түрүүлсэн дуучид нь бас л мундаг дуулаад явж байгаа. Манай багшийн нэрэмжит уралдаан олон сайн дуучны замыг зассан гэж бид боддог. Манайд болдог ямар ч уралдаанд ар, өврийн хаалга их байдаг. Бид багшийнхаа уралдааныг шударга шүүдэг. Уралдаанд түрүүлсэн дуучид мундаг амжилттай яваа.

-Эхнэр чинь тантай гэрлэхээсээ өмнө таны шүтэн бишрэгч байсан уу?

-Намайг нэг их айхавтар дуулж хуурддаггүй байхад айл болсон. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байлаа.

-Гэргийдээ зориулсан дуу байдаг уу?

-Ер нь миний дуулсан дуунууд бүгд эзэнтэй байдаг. Аав ээжийн дуу, үр хүүхэд, нутаг ус бүгд л эзэнтэй.

-Ханийн дууг ханьдаа зориулаад дуулчихсан юм байна шүү дээ?

-Бүх л ханиуддаа зориулаад дуулсан. (инээв).

Дашрамд дурдахад миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Apple” продакшн, дэмжиж ажиллаж байгаа Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, Улсын филормонийн оркестр, удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Туулайхүү гээд хамтран ажиллаж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *