Categories
мэдээ цаг-үе

Т.Бат-Эрдэнэ: АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд хуралдахаар товтой байгаа. Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэнэ гэж байгаа ч үндсэндээ намын шинэчлэлийг хаанаас эхлүүлэх вэ, намын дарга хэн байх вэ гэдэг асуулт олны дунд таавар болон явж байна. Та харин ҮЗХ-ны хурлын талаар ямар бодолтой яваа бол?

-Долдугаар сарын 18-нд анх Ардчилсан намын ҮЗХ-ны хурал зарлагдаж тэндээс зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Ямартай ч эхний асуудлаа хэлэлцээд хурал завсарласан. Энэ удаагийн хурал харин ирэх баасан гаригт хуралдахаар товтой байгаа. Уг хурлаар хамгийн түрүүнд өнгөрөгч сонгуульд юунаас болж, яагаад ялагдав гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Тэр утгаараа онцгой комисс байгуулсан. Онцгой комиссынхон АН сонгуульд ялагдах болсон шалтгаануудыг судлан гаргаж ирэх ёстой. Тиймээс эхний ээлжинд ялагдлын шалтгаан юу байв гэдэг дүгнэлтийг сонсоно.

Ардчилсан намын өнгөрөгч сонгуульд ялагдах болсон шалтгаан нь зөвхөн зургадугаар сарын 29-ний өдөр сонгууль болоход гарчихсан дүн биш. АН-ыг ялагдал хүлээх болсон олон шалтгаан бий гэж ойлгож байгаа. Бид яагаад Засгийн газраа огцруулах болов. Хоёрдугаарт, ямар шалтгааны улмаас сонгууль дөхсөн үед бид өөрсдийн тоглоомын дүрэм буюу өмнө нь ялалт байгуулсан Сонгуулийн хуулиа өөчлөв гээд асуудлууд бий. Үүнд ямар нэгэн шалтгаан байж л байгаа. Энэ талаараа ярих ёстой. Мөн Ардчилсан намын өнгөтэй өөдтэй гэсэн лидерүүд нь өөр хоорондоо хөлөө жийлцэн толхилцоод байсан шалтгаан юу байв гээд энэ бүгдийгээ нээлттэй, ил тод ярих цаг болсон. Тэгж байж бид алдаа оноогоо цэгнэнэ. Ингэж чадвал бид цаашид алхах боломжоо нээж байгаа хэрэг л дээ.

Мөн Ардчилсан намын дотоод харилцааг зохицуулж байдаг хамгийн том эрхзүйн акт нь намын дүрэм байдаг. Намын дүрмийг өөрчлөх гэхээсээ илүү дүрмийн дагуу ажилладаг болох хэрэгтэй. Түүнээс манай намын дүрэм тийм ч муу дүрэмтэй юм биш. Яахав ээ, манай намын дарга, цэрэг гэлтгүй бүгд л намын дүрмээ баримтлахаа больчихсон. Дураараа өөрсдийнхөөрөө өөрчилдгөөс болж намын доторх гишүүний хариуцлага гэдэг зүйл үгүй болсон. Хариуцлагагүйгээр дуугарч, хариуцлагагүйгээр үйлдэл хийж байгаагаа намын дотоод ардчилал гэж эндүүрдэг гэх зэрэг олон шалтгааны улмаас өнгөрөгч сонгуулиар АН ялагдал хүлээсэн. Энэ мэтчилэн алдаа оноогоо сайтар тунгааж ярилцах ёстой. Хүн нэг бүрчлэн яагаад тийм шийдвэр гаргах болов гээд асуух цаг нь болсон. Ингэлээ гээд хэн нэгнээс хариуцлага нэхэж, хөөж туух гээд байгаа юм биш. Бид чимээгүй цаашаа алхах юм бол өмнөх алдаануудаа давтсаар байх болно.

-Гэхдээ өнөөдрийн гол сэдэв АН-ыг хэн удирдах вэ гэдэг зүйл болчихоод байгаа юм биш үү?

-Хүн бүр л зөвхөн намын даргын тухай ярьж байна. Намын дарга хэн байх нь, хэдэн настай хүн байх нь үнэндээ чухал биш. Намын гишүүдийнхээ оролцоог хангасан дүрэмтэй болж, үйлчлэлийг нь зөв явуулаад эхлэх юм бол болох нь тэр. Тиймээс намын дарга хөгшин, залуу байх нь хамаагүй. Зөв хүн л чухал. Бид намын дүрмээ зөв зохион байгуулалттай явуулахгүй бол залуу хүн намын дарга болоод ч нэмэргүй. Яг адилхан. Хэн нэгэнд хариуцлага тооцож, хэн нэгнийг муу хүн болгож харуулах шаардлага байхгүй. Дүрмийн механизмаа сайн ажиллуулах ёстой.

-Фракцын асуудал танай намын толгойны өвчин байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой вэ?

-Өнгөрөгч хэдэн жилд фракц үнэндээ замбараагаа алдаж, дэндүү том толгойтой болсон. Энэ нь дүрмээ барьж ажиллаагүй, Ардчилсан нам гэдэг үнэ цэнээ умартан мартсанаас болсон. Миний хувьд фракц байх ёстой гэж боддог. Олон ургальч үзлийг дэмждэг, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө явдаг АН-ын хувьд фракц гэдэг байх ёстой зүйлийн нэг. Фракц нь нэгдүгээрт, хэмжээ хязгаартай байх ёстой юм. Тухайлбал, улс төрийн шийдэл гаргаж асуудал шийдвэрлэх гэж байгаа бол тухайн хурлын бүтцийн байгууллагын доторх гишүүд маань үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, тухайн гарах шийдвэрт фракцалж болох байхгүй юу. Энэ чинь эрүүл фракц.

Гэтэл энэ нь цаашлаад шийдвэр гаргахаасаа халиад намын дотоод амьдрал руу гүнзгий хутгалдаж, жирийн гишүүдээ фракцаар хувааж, талцуулаад фракц нь намынхаа дээр гарч үйл ажиллагаа явуулдаг нь буруу. Тиймээс фракцуудын харилцааг тодорхойлсон хайрцаг гаргаж өгөх ёстой. Аливаа асуудал дээр та фракцалж болно. Гэхдээ намаас том толгойлж, эрх мэдэлд хүрэхийн тулд бусдыг өөртөө татаж болохгүй. Ардчилсан нам гэдэг нэг том айлын нэг нэг өрөөнд фракцууд байрлаж байна гэж бодоход АН чинь нэг өрөөнд амьдраад байгаа юм шиг харагдаж болохгүй л дээ. Ингээд явчихаар л үнэ цэн, ардчилал, шударга ёс чинь алдагдаад байгаа юм.

-ҮЗХ-ноос та их зүйлийг хүлээж байгаа юм байна. Гэхдээ ҮЗХ-ны хурал фракцын л хурал болно шүү дээ. Фракц болгоноос нэгнийгээ намын дарга болгох гэж зүтгүүлнэ, хатгана гээд асуудлууд гарах л байх?

-Би таны асуулттай санал нэг байна. Бид асуудлынхаа гол руу орж чадахгүй байна л даа. Ялангуяа сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа зүйлийг харахад намын дарга хэн байх вэ, намын дарга тэр байвал зүгээр байна гэдэг ч юм уу, иймэрхүү мессэж яваад байгаа. Үнэндээ бол хүндээ байгаа юм биш. Олон хүнийг зохицуулж байгаа тэр хэм хэмжээ чинь намын дүрэм байхгүй юу. Одоо бол АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна. Хэн ч байсан намынхаа дүрмээр л явах ёстой. Тэр утгаараа миний хувьд намын дарга хэн байх нь вэ гэдэг тийм чухал биш. Намын дарга удирдах бүрэлдэхүүнийг гаргаж ирэх намын механизмыг л ажиллуулчихад болчих гээд байгаа юм. Арванхоёрдугаар сарын зургаанд намынхаа Их хурлыг хийхдээ л намын даргаа сонгоно гэдэг ойлголттой явж байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс байж болно. Тэд намын Их хурал хуралдах хүртэл намын дарга болоод юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж, цаашид энэ хүмүүс намын энэ албан тушаал дээр явна гэдэг ч юм уу, 2020 оны сонгууль хүртэл манай баг ингэж ажиллана гээд танилцуулах ёстой. Тэгэхгүйгээр энэ болно, тэр болно гээд гүйх нь утгагүй. Нөгөө талд нь миний үеийн залуус дургүйцлээ илэрхийлэн манай үе хийх ёстой. Ах нар зайгаа тавьж өг гэдэг ч юм уу хувь хүн, хүн хоорондын зөрчил үүсгээд байгаад харамсаж байна. Нэг хүн намын дарга боллоо гэхэд нөгөө фракц нь одоо манай хүнийг ерөнхий нарийн бичгийн дарга болго гээд байх нь ямар ч утгагүй. Ийм шинэчлэл хэрэггүй. Хүн сонгохдоо асуудлын гол нь байгаа юм биш. Ардчилсан намыг хүчтэй байлгах нь бидний үүрэг.

-ҮЗХ-ны ротацийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ротаци буюу эргэлтийн сонгууль жил бүр гуравны нэгт нь явагдаж байх ёстой. Ингэснээрээ АН эрүүл байх зарчмыг хадгалж байсан юм. Олон жил харамсалтай нь үүнийг гацаасан. Бид реформ хийх цаг болсон. ҮЗХ тараад дахин шинээр сонгогдох ёстой болов уу.

Үнэндээ ойлгомжгүй байдал бий болсон. Манай нам дээр квот авсан бусад намуудын гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүн болж ирээд учраа олохоо байсан. Намын дүрмээр 228 гишүүн байх ёстой бол одоо 250-260 болчихлоо. Олон хүн намынхаа ҮЗХ-д орж үгээ хэлэх хүсэлтэй байдаг. Энэ боломжийг хангасан, нээж өгсөн дүрмийн шинэчлэлтэй болох хэрэгтэй.

-Нийслэлийн АН өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээлээ. Өмнөх дөрвөн жилд нийслэлийг нүүрээ угаасан хүүхэд шиг боллоо гэдэг зүйл ярьж байсан ч ард түмэнд хангалтгүй санагдсан бололтой. АН улс орны хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн ч ялагдлаа…

-Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн АН-ыг төлөөлж НИТХ-д 26 гишүүн төлөөлж суусан. Энэ хугацаанд бид борви бохисхийх завгүй ажилласан. Тиймээс хийсэн ажлаараа үнэхээр бардам байгаа. Хотоо өөрчилж чадсан. Өнгөрөгч сонгуулиар нийслэлийн АН ялагдсанд маш их харамсдаг. Гэхдээ бидэнд цаашид бодох ёстой зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгууллаа. Хийж бүтээсэн зүйлсээс гадна намын дотоод эв нэгдэл, УИХ дахь гишүүдийн байдал гэхчилэн намын дүр төрх, зан харилцаанаас эхлээд нийгэмд сүүдэр нь тусдаг. Энэ бүхэн намд нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэрлээ. Бид саяын сонгуульд ялагдсан ч удахгүй орон нутгийн сонгуульд орно. Бууж өгч болохгүй. Өмнөх алдаагаа бид засах ёстой. Нийслэл гэдэг бол бидний гэр орон. Тиймээс энэ тал дээр бид улстөржих шаардлагагүй. Хэн хийж чадсан, хэн хийж чадаж байгаагаа дэмжээд явах ёстой. Сонгуульд ялагдал хүлээсний дараа нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын даргын ажлаа өгнө гэсэн. Магадгүй намын Их хурлын өмнө нийслэлийн АН-ын хороо хуралдаж зохион байгуулалтын асуудлаа ярих байх.

-Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам юу хийх ёстой вэ. Алдаан дээрээсээ юуг суралцах ёстой бол?

-Үүнийгээ бид ярих ёстой. АН ялагдлаа гэхээр бүгд гудамжинд гарч лааз өшиглөөд явах уу, үгүй. Нам ялагдсаны дараа нэг хэсэг нь Америк руугаа явах уу. Манай намд Америкийн хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгж бодож байгаа бол үгүй шүү. Ардчилсан нам монгол төрийн нэг том тулах багана мөн. Цаашид Монголын төр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад юу хэрэгтэй байна гэдгийг дүгнээд түүнийг засч залруулахын төлөө явах учиртай. Монголд ардчилал ялснаас хойш УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиа хийлээ. Энэ бүхнийг ажиглаад байхад аль нэг нам төрийн эргэлт хийж байгаа мэт бүх зүйлийг өөрчилдөг. Чадавхитай боловсон хүчний нөөцөөр ажлаа үргэлжлүүлэх боломжийг хаагаад намын харьяалалтайгаар төрийн албан хаагчдыг халж, сольж эхэлдэг. Энэ нь цааш үргэлжлэх ёстой маш олон ажилд тээг болдог. Шинэ хүмүүс нь ажилдаа шинээр суралцахаас өөр замгүй байдаг. Монгол төрийн тасралтгүй үргэлжилж байх ёстой зарчим нэг нам төрийн эрхэнд гарснаар алдагдаад байгаа юм. Ардчилсан нам үүн дээр өөрчлөлт хийх ёстой. Манай намын шинэчлэл бүр улс орны хөгжлийг урагш нь алхуулж байдаг. Одоо бид монгол төрийн институцийг сонгох хууль эрхзүйн орчинг сайжруулахаас өөр аргагүй. Үндсэн хуулиа тодорхой зохицуулалт дээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэж хувь хүнийхээ үүднээс хардаг. Миний харж байгаараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын статусын асуудлыг тодорхой болгох цаг болжээ. Монгол Улс сонгодог парламентын зарчмаар хөгжих үү, Ерөнхийлөгчийн засаглалтай болж хөгжих үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Гарцыг нь олж өгөхгүй бол гурван биенээ чөдөрлөсөн байдалтайгаар төрийн институци явахгүй.

Улстөрч хүн маш олон хүнээс сонгогдох юм бол хамгийн том улстөрч гэж боддог. Тэгээд үзэхээр Ерөнхийлөгч болчихож байгаа юм. Ерөнхийлөгч аливаа зүйлийг хийе гэхээр эрх мэдэл байдаггүй. УИХ гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа мундаг том байгаа биз. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихдаг. Ерөнхий сайд нь мундаг юм уу гэхээр Их хурал руу асуудал оруулахаар Их хурал нь чагталчихдаг. Ингэснээрээ гурван биенээ буруу ч юм хийлгэхгүй, зөв ч юм хийлгэдэггүй. Төрийн ажлыг явуулъя гэхээр хувь хүний субьектив байдлаас хамааралтай болчихоод байгаа юм. Хоёр нь нийлж нэгийгээ шахах маягаар улс хөгжихгүй. Хувь хүнийхээ үүднээс сонгодог парламентын зарчмыг дэмждэг.

-Энэ нь дан ганц АН-ын асуудал биш улс төрийн бүх намын асуудал байх л даа?

-Яг үнэн. Таныг хэлэхэд нэг санаа орж ирлээ. Тэр утгаараа Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх цаг болсон. Яагаад бид хатуу гишүүнчлэлтэй байх зам руу яваад байгаа юм. Өнөөдөр 1.2 сая хүн сонгууль өглөө гэхэд намын гишүүнчлэлийг хараарай. АН 160 мянга, МАН 160 мянган гишүүнтэй гэж бодъё. Үсрээд нэг нам ард түмний 10 гаруй хувийн дэмжлэгийг авахаар байгаа биз дээ. 10 гаруй хувь аваад ялж байгаа юм биш. Ард түмэн тэр чигтээ санал өгч байж ялж байгаа шүү дээ. Гэтэл ялсан намын нөхөр нь манай намын гишүүн гээд яриад явдаг. Намын харьяалалгүй бусад хүмүүсээ яах юм. Ингээд бодохоор өрөөсгөл байгаа юм.

Нам дотроо фракцална, гэр бүл дотроо намаараа талцана. Ингэж дотроо талцах нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй. Харин ч гадныхны өгөөш болоход хялбар болж байгаа хэрэг. Бид олон бутарч болохгүй. Манай нам ялах юм бол ийм бодлого явуулна гэдгээ зарладаг байх хэрэгтэй.Ард түмнээ талцуулах нь зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Намын бодлого гэхээсээ илүү манай намын гишүүн юм чинь чөтгөр байсан ч яахав гээд дугуйлдаг. Ардчилсан нам ялагдсанаар ардчилал алга болчихож байгаа юм биш. Одоо бид хоёр дахь ардчиллын давалгааг эхлүүлэх цаг болжээ. Бодлогын уралдаан зарлах ёстой. Ард түмэн бодлогыг нь хараад сонгодог болох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *