Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо.
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.