УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.
-УИХ-ын чуулган өндөрлөлөө. Та гишүүнээс гадна байнгын хорооны даргын ажлыг давхар хийдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн гол онцлох ажил гэвэл юуг нэрлэх вэ?
-Би сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Энэ бол УИХ-ын чухал байнгын хороодын нэг. Байнгын хорооны даргаар анх удаа сонгогдон ажиллана гэдэг нэлээн сорьсон, өндөр шалгуур давсан хугацаа болж өнгөрлөө. Манай байнгын хороонд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар зэрэг яам, агентлаг харьяалагддаг учраас удирдлага зохион байгуулалтыг нь хангаж ажилладаг. Энэ хугацаанд Батлан хамгаалах салбарын нэлээн олон чухал хууль, тогтоомжийг баталж, бодлого шинэчлэлийг хийлээ. Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын салбарт хариуцлага дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажилласан. Энхийн цагт Батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн амь нас хохирдог, хариуцлагагүй байдал нэлээн гарсан. Гадаад харилцааны салбарт дипломат ажилтан, албан хаагчид хариуцлага алддаг, хууль бус наймаанд оролцдог, улсынхаа нэр хүндийг сэвтээдэг явдар ихээр гүнзгийрсэн байхад би ажлаа авсан. Ингээд энэ хугацаанд хууль тогтоомж болон хариуцлага чангатгах асуудал дээр голлон анхаарлаа.
Энхийн цагт манаанд гарахдаа цэргүүд амь насаа алддаг биш, харин улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог, улс орноо эрсдэлээс хамгаалах бэлтгэлээ хангадаг, хилээ манадаг байх ёстой. Тиймээс энх цагт цэргүүд маань одоо төмөр замын бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Гадаад харилцааны салбарыг хариуцлагажуулах асуудалд анхаарлаа. Элчин сайдууд, дипломат ажилтнуудыг өндөр хариуцлагажуулах, ялангуяа хууль бус наймаа, хар тамхины наймаанд оролцвол хатуу хариуцлага тооцож, хуулийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоомжоо чангатгалаа. Цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхитай тэмцэхэд хүчин зүтгэх багийг 60 гаруй хүнээр анх удаа орон тоог нь нэмлээ. Тиймээс хар тамхитай тэмцэх асуудал дээр маш ахицтай дэвшил гарах ёстой гэж үзэж байна, гаргахаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа.
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо завсарлагагүй ажилласан. Яагаад тэгж эрчимтэй ажиллах шаардлага гарав?
-Энэ цаг үед Монгол Улсад маань коронавирус тархах эрсдэлтэй байна. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зүгээс Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад харилцааны салбарыг удирдамж өгч чиглүүлдгийн хувьд энэ жилийн чуулганы хувьд завсарлаагүй тогтмол ажиллаж хуралдсан байнгын хорооны нэг нь манайх байлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бол хууль тогтоомжоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилладаг. Тиймээс маш өндөр хариуцлага, үүрэг даалгаврыг ухамсарлаж, үүний ард нэр төртэй гарахын төлөө хичээж ажилласаар ирлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахиц дэвшил гаргаж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуулиараа зөвлөх эрхтэй оролцдог. Төрийн гурван өндөрлөг суугаад улс орны амин чухал шийдвэрүүдийг гаргаж байхад зөвлөх эрхтэй ганц байнгын хорооны дарга учраас энэ чиглэлээр маш их уншиж судалж, аливаа асуудалд судалгаа тооцоотой, хамгийн гол нь Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө, Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, ард иргэдийнхээ эрсдэлгүй амар амгалан, сайн сайхан нийтлэг эрх ашгийн төлөө аливаа шийдвэр гаргахдаа зөвлөж дэмжиж, зарим шийдвэрийн төсөл дээр ажиллаж, хэрэгжилтийг нь хангахад тогтмол хяналт тавьж ажиллаж ирсэн. Энэ бол Монгол төрийн надад оногдуулсан өндөр хариуцлага, үүрэг гэдгийг ойлгож ажиллаж байна даа.
-Таныг УИХ-аас “Шилдэг залуу төрийн түшээ”-гээр өргөмжилсөн. Бусад залуу гишүүдээс таны ялгарах онцлог юу вэ?
-Монголын төр жишиг болгож цааш цаашдаа Монгол төрийн долоон түшээг энэ удаагийн парламентаас эхлэн нэрлэдэг болж байгаа юм байна. Намайг Монгол төрийн долоон түшээгийн нэгээр нэрлэж, батламжаа гардуулсанд маш их үүрэг хариуцлага ирлээ гэж хүлээж авлаа. Үүнийг шалгаруулж тайлбарлахдаа УИХ-ын чуулган болон Байнгын хороодын үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, идэвх, ирц, хууль тогтоомжийн өргөн барьж байгаа тоо хэмжээнээс гадна батлагдаж байгаа чанар, төр нийгэмд шударга ёс тогтоох асуудлууд дээр хэрхэн яаж бусдыгаа манлайлж, үүрэг гүйцэтгэж бодит үр дүн гаргасан зэрэг олон зүйлийг харгалзаж үзсэн хэмээн УИХ-ын даргын зүгээс танилцуулсан.
Миний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Шударга ёсыг тогтооно” гэсэн уриатайгаар өрсөлдөж сонгогдсон. Тиймээс энэ амлалтаа биелүүлэх юмсан гэж бүтэн дөрвөн жилийн хугацаанд ихээхэн хүн хөдөлмөр гаргаж ажилласан. Анхандаа цөөн байсан ч шударга үнэнийг дэмжсэн гишүүд маань улам олон болсон. Энэ хугацаанд итгэл үнэмшилдээ бат зогсож, сонгогчдынхоо захиас даалгаврыг биелүүлэхийн тулд ажилласны үр дүнд их олон өөрчлөлтийг бий болгож чадсан. Хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцдог боллоо. Байгуулсан Засгийн газраа хүртэл өмгөөлж хамгаалах биш хариуцлага тооцож, асуудлыг шийдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэвшүүлж, ажилд нь оруулж, хууль шүүхийн байгууллагын удирдлагыг өөрчилж, УИХ-ын даргыг чөлөөлж өөрчилсөн. Энэ бол хөшигний цаана яриад улс төрийн наймаа тохироо хийдэг өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдлыг давтах ёсгүй гэж үзсэний үндсэн дээр хийсэн ажил. Захиалгатай маш олон хууль орж ирдэг болсон байна. Жишээ нь, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аар Олон улсын гэрээг хүчингүй болгох эрхгүй, соёрхон баталдаггүй болгож байж “Эрдэнэс Таван толгой”-г гадны этгээдэд худалдаж гэсэн оролдлогыг зогсоож чадсан. Эрдэнэтийн 49 хувийг Монгол төр авах боломжийг хязгаарласан явдлыг таслан зогсоож чадсан. Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж хийлийн бүсийн 100 км-ийг байхгүй болгох замаар тэнд ашигт малтмал ухах, бусдад ашиглуулах гэж байсан оролдлогыг таслан зогсоож чадсан. Энэ мэт олон хууль тогтоомжуудыг хэлж болно. Тиймээс энэ болгонд өндөр сонор сэрэмжтэй ажиллаж, шударга зөв өөрчлөлтийг авчрах, шударга ёс тогтооно гэдэг амлалтандаа хүрэхийн тулд ажилласан их хөдөлмөр зүтгэлийн дөрвөн жил өнгөрч байна.
-Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Энэ таны санаачилсан хуулийн нэг нь байх аа…
-Бусад нөхдийнхөө хамт санаачилж УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгууль, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулсан. Түүний нэг нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй, төрийн албанд ажиллуулдаггүй болгож эхэлсэн хууль тогтоомжийг баталлаа. Энэ хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц дээр очиж хамгаалж, үндэслэл шаардлагаа гаргаж ажилласан. Энэ бүхнийг үнэлж, шударга ёсыг тогтоох, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох, мөн нийгэм эдийн засгийн сахилга батыг хангах, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах тал дээр нөхдийгөө манлайлж ажилласан гэж УИХ-ын удирдлагууд үзэж, Монгол төрийн долоон түшээгийн нэгээр намайг нэрлэж байгаа явдал бол сонгуулиар шударга ёсыг тогтооно гэж амласан амлалтандаа тодорхой хэмжээнд хүрч, зорьж явж байгаа юм байна гэсэн итгэл урам зориг өгч байна.
Мэдээж, өнөөдрийн түвшинд бүх зүйл сайн сайхан болчихоогүй ч бодит зөв өөрчлөлтүүд маш их гарсан. Үндсэн хуулинд төрийн эрхийг ард түмэн шууд төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт бий. Би энэ эрхийг ард түмэнд эдлүүлэхийн тулд, мэдээлэлтэй ойрхон байхын тулд, ард иргэдийнхээ хараа хяналтанд хууль тогтоох байгууллагыг, төрийн хариуцлагатай албан хаагчдыг аваачихын тулд нэлээн олон зүйл хийсэн. Энэ хараа хяналт үндсэндээ тогтож байна. Тиймээс хөшигний цаана нууцаар хуйвалдаж, бизнесийн бүлэглэлтэй хамтарч хувийн эрх ашгийн төлөө төрийн албан тушаалыг ашиглаж аливаа шийдвэр гаргах энэ нөхцөл улам хумигдсан. Цаашдаа бүр байхгүй болно. Энэ бол бидний хийсэн хамгийн чухал ажлын үр дүн гарч байна гэж үзэж болно.
-Та эдийн засгийн ухааны доктор хүн. Энэ утгаараа эрдэмтэдтэйгээ нэлээн хамтарч ажилладаг уу?
-Миний хувьд 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш эрдэмтэдтэйгээ хамтарч судалгаа, эрдэм шинжилгээний ажил, арга хэмжээг зохион байгуулах, эрдэмтдийнхээ хийсэн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн бодлого шийдвэрт тусгах талаар нэлээдгүй анхаарч ажиллаж байна. Салбар салбарын эрдэмтэдтэйгээ хамтарч “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” төрийн бус байгууллагыг санаачлан үүсгэн байгуулж, их олон ажил хийлээ. Эдийн засагч хүнийхээ хувьд төсөв, санхүү, мөнгөний бодлого, эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал дээр онцгой анхаарч ажилласаар ирлээ. Тооцоо судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа дутуу байтал үзэмжээрээ, баримжаагүй төрийн бодлого гаргадаг байдлыг арилгахын тулд ажлууд хийж байна. Шинжлэх ухаанч тооцоо судалгаатай, бодит эдийн засгийн сектор, өрсөлдөөнийг дэмжсэн, өсөлтийг хүртээмжтэй болгосон, хүртээмжтэй өсөлтөө тогтвортой болгодог хөгжлийн эдийн засгийн томоохон онол, практикийн концепци байдаг. Энэ дагуу бүх бодлого шийдвэр явж байх ёстой. Энэ чиглэрээр төсөв, мөнгөний бодлого болон эдийн засгийн бусад бодлогууд, ажлаа хариуцсан албан тушаалтнууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон бусад эдийн засгийн хөгжлийн чиглэлийн салбарынхаа удирдлагуудтай түлхүү хамтарч ажилласан.
-УИХ-д бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа дуусч байна. Дөрвөн жилийн өмнө Таныг УИХ-ын гишүүн болоход Монгол Улс эдийн засгийн хувьд тун амаргүй байдалтай байсан. Эдийн засгийн ухааны доктор хүний хувьд хэтийн төлөвийг юу гэж харж байна вэ?
-Анх УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байсан. Олон улсын Moody`s агентлаг удаа дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын валютын нөөц шавхагдан дуусч, хасах руу орсон. Их хэмжээний өр зээлд баригдсан, экспортын бараа бүтээгдэхүүнээ зохих ёсоор үнэ хүргэж борлуулж чаддаггүй ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Тиймээс хариуцлагажуулах асуудал дээр нэлээн ач холбогдол өгч анхаарсан. Санаачилгаараа Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгуулж, өөрөө ахалж, гурван их наяд төгрөгийн алдагдал бол хууль бус ажиллагаанаас болсон гэдгийг гаргаж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, санхүүгийн хэлэлцээрүүд, мөн эргэлзээтэй үйл ажиллагааны цаана хэрхэн хууль зөрчсөн, яагаад Монголбанк санаатай алдагдал хүлээв гээд асуудлууд гарч ирсэн. Ер нь санамсаргүйгээр алдагдал хүлээх боломжгүй, Монгол Улс заавал мэдэх боломжтой байхад энэ их мөнгөөр Монгол Улсыг хохироосон байна гэдгийг эдийн засаг, санхүүгийн анализ хийж тогтоох амаргүй ажил хийсэн. Гэхдээ энэ бүгдийг бид тогтоож чадсан, хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Одоо зарим хүмүүсийн асуудал хууль, шүүхийн шатанд шалгагдаад явж байна. Энэ бол зөвхөн нэг хүнд хариуцлага тооцох гээд байгаа асуудал биш юм. Зөвхөн хэн нэгний араас шалгаж сайн мууг нь үзэх гээд байгаа юм биш. Энэ бол одоо ажил хариуцаж байгаа, цаашид ажил хариуцах хүмүүст хариуцлагагүй ажиллах юм бол монгол төрийн ой санамж байдаг юм байна, монгол төр мартдаггүй, араас нь нэхэл хатуутай ажилладаг юм байна, заавал хариуцлага тооцдог юм байна гэдэг ухамсрыг төлөвшүүлснээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйлст хүн болгон анхаарч хариуцлагатай ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой юм.