Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: Б.Энхбаяр Оффшорын хуулийн төсөлд ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар оффшор дансны буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшорыг зөвшөөрсөн хуулийн төслийг буцааж, зохих ёсоор дахин боловсруулах саналыг тавьсан юм. Тэрбээр Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг Сү.Батболдын зөвлөх хийж байсан, удаа дараа түүний оффшор бүстэй холбоотой мэдээлэлд хамгаалах мэдэгдэл хийж байсан гэсэн юм.

Т.Аюурсайхан: Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг ажиллах ёсгүй гэж үзэж байна. Энд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Б.Энхбаяр урьд нь олон даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа өөрийг нь томилоход нөлөө үзүүлсэн хүн нь өөрөө оффшор бүсэд өмнө нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр данстай нь илэрсэн. Үүнийг хамгаалсан мэдэгдлүүдийг урьд нь удаа дараа хийж байсан. Үүнтэй холбогдсон урьдчилан сэргийлсэн ийм хуулийн төсөл байгаа юм. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр оффшор бүсэд данстай гэж мэдэгдсэн ч одоо болтол албан ёсоор шүүхийн байгууллагаар явж нэрээ цэвэрлэж аваагүй. Тиймээс үндсэндээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Хоёр сарын өмнө тухайн улс төрчийн алтны компаниуд нь Багамын оффшор бүсэд байна гэж мэдээлэл гарсан. Гэхдээ Монгол Улсын мэдээллийн сангаас устгагдсан байгаа. Тиймээс Б.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй учир ажлын хэсгээс гараасай гэж хүсч байна. Эсвэл энэ хуулиа бүр татаж аваасай гэж хүсч байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *