Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулах талаар яригдах болсон. Үүний нэг тод жишээ бол саяхан Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны зээлд хамруулах. Ингэхдээ “Түрээслээдөмчлөх” гэсэн хувилбар хамгийн тохиромжтой гэж үзэж буй. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарсан. Ямартаа ч энэ ажлыг судалж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн ажилтны талаар Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбооны тэргүүн, хүний их эмч Т.Адъяатөмөртэй ярилцлаа.
-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хөтөлбөрийн талаар яригдаж байна. Үүнийг таны зүгээс хэрхэн дэмжиж байна вэ?
-Энэ тухай хэвлэл мэдээллээс харсан, уншсан. Коронавирусийн халдварын цар тахлын энэ үед хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбар ямар чухал болохыг нийгэм даяараа мэдэрч байгаа нь сайн хэрэг. Монголын эрүүл мэндийн салбар, Монгол эмч нарын талаарх иргэдийн өмнөх үнэлэмж, бодол өөрчлөгдөж эерэг хандлагатай болж байгаад баяртай байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхны цалин хөлс, нийгмийн халамжийг сайжруулах оролдлогууд хийгдэж байгаа нь сайшаалтай. Мэдээж дэмжилгүй яахав. Хэрэв эмнэлгийн ажилчид орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрагдаад нэг талаараа ч гэсэн нийгмийн халамж нь сайжирч байвал сайн байна. Ингэснээр эмч нар ядаж л наад зах нь орон сууцанд санаа зовохгүй ажлаа хийнэ. Энэ асуудал бол манай салбарын томоохон асуудлуудын нэг байсаар ирсэн шүү дээ. Гэхдээ нэг сөрөг талтай байж мэдэх вий гэж хардаж байна.
-Ямар утгаар нь?
-Энэ асуудлыг сонгуультай холбоотой, оноо авах гэсэн ажил болж хувирах вий гэсэн хардлага бас төрж байна. Муухайгаар яривал сонгуулийн шоу битгий байгаасай л гэж хүсч байна.
-Цар тахалтай холбоотойгоор урамшууллууд олгож байгаа. Зарим эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Бодит байдал дээр эмч нарын цалинг нэмэгдүүлэх чухал байна уу, нэг удаагийн ахиухан урамшуулал олгох нь чухал байна уу?
-Мэдээж нэг удаагийн урамшуулал өгөөд, нэг удаагийн цалингийн хувь олгоод өнгөрөх нь эрүүл мэндийн салбарынхны нийгмийн халамжийг шийдчихлээ гэж ойлгож болохгүй. Цалинг 30 хувиар нэмлээ гээд байгаа. Ингэж нэмсэн нь мэдээж сайн хэрэг.Гэхдээ манай салбарынхны цалин угаасаа бага. Дунджаар 500 мянгаас 1 сая төгрөг орчим л байгаа. Тэрний 30 хувь гэхээр хэдийгээр чамгүй их хувь юм шиг сонсогдож байгаа хэрнээ үнэн хэрэгтээ бага юмны их хувь бага тул багахан л хэмжээний нэмэгдэл болно. Тэгэхээр энэ бол бодитой нэмэлт болж чадахгүй гэж бодож байна. Гол нь цалинг эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлын нөхцөл үр дүнтэй нь уялдуулж тодорхой зорилтот хэмжээнд хүргэх нь чухал.
-Тэгэхээр яг яаж нэмэгдүүлэх нь эмч эмнэлгийн ажилтнуудад бодит дэмжлэг болж чадна гэж бодож байна?
-Өмнө нь бас нэг хэсэг цалингаа нэмүүлэх гээд л жагсаал цуглаан болж байсан. Энэ үед гал унтраах маягтайгаар тодорхой хувиар нэмлээ гээд өнгөрч байсан. Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтний үнэлэмж, гадны эмч нарын үнэлэмжтэй харьцуулахад асар ялгаатай байна. Эрүүл мэндийн салбар нь сайн хөгжсөн орнуудад эмч нарын цалин хамгийн их, үнэлэмж нь тухайн улсынхаа бусад салбартай харьцуулахад хамгийн дээгүүрт ордог. Үнэлэмж дээгүүр, үнэлгээ нь өндөр байна гэсэн үг. Харин Монголын эмч нарын үнэлэмж хамгийн доогуур шахуу эрэмбэлэгдэнэ. Энэ эрэмбийг бидний цалин бараг хамгийн бага нь гэхэд хилсдэхгүй байх. Тэгэхээр эмч нарын үнэлэмжийг бусад оронтой зэрэгцэхүйц болгож чаддаггүй юм аа гэхэд Монголынхоо хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний үнэлэмжийг бусад салбарын мэргэжилтнүүдтэй харьцуулахад харьцангуй дээгүүр түвшинд буюу 30 хувь биш, багадаа одоогийн байгаагаас хоёр, гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
-Одоогоор орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай эрүүл мэндийн салбарын хэчнээн ажилтан байгаа бол. Энэ талаар танайх ямар нэг судалгаа хийж үзсэн үү?
-Манай байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийг мэргэжилтнүүдийн нийгмийн хамгаалал, цалин гэхээс илүүтэй бодлогын талаас нь анхааран судалдаг байгууллага тул энэ талаар нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын дийлэнх хувь нь орон сууцны зээлтэй болон орон сууцгүй байдаг гэсэн судалгаа сонсож байсан.
Манай улсын эрүүл мэндийн салбарын хамт олон үнэхээрийн сайн ажиллаж байгаа нь энэ цар тахлын үед харагдаж байна . Тэр өндөр хөгжилтэй орнууд болох Америк, Англи, Солонгост нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл манай улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал маш сайн байгаад зогсохгүй иргэддээ хүртээмжтэйгээс гадна бараг үнэгүй шахуу хүрч байгаад иргэд маань талархах хэрэгтэй. Тиймээс бид энэ салбарынхныгаа хөдөлмөрийг бодитоор үнэлэж, анхаарч ажиллах нь туйлын чухал зайлшгүй хэрэгцээтэй байна.