Categories
мэдээ нийгэм

СЗХ: Польш улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж буй ажлын хүрээнд энэ удаагийн төрийн айлчлал болж буйгаараа онцлогтой. Төрийн айлчлалын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Здзислав Сокалыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд “Бүгд Найрамдах Польш Улс нь эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын нэг бөгөөд Зүүн өмнөд буюу Зүүн Европын орнууд дундаа банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой орны нэгд багтдаг. Мөн хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан орны нэг” гэдгийг онцлоод Санхүүгийн зохицуулах хороо нь Польш Улсын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд 2010 онд санамж бичиг байгуулж байсныг дурдав. Талууд хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хөрөнгийн зах зээл цаашилбал санхүүгийн салбарыг уялдуулан хөгжүүлж, санхүүгийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтоох, тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Харин ноён Здзислав Сокал энэ үеэр хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсыг сонирхох сонирхол ихээхэн өсөн нэмэгдэж байгааг онцлоод санхүүгийн зах зээлийн салбарт холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх мөн Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх хүрээнд техник, арга зүйн туслалцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам өсөн нэмэгдсэн ба сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн байна. Мөн БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *