Categories
мэдээ нийгэм

СЗХ-ны дарга Д.Баярсайхан Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзав DNN.mn

Санхүүгийн зохицуулах хороны дарга Д.Баярсайхан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан дарга Рандалл Риопелле, Монгол Улс дах суурин төлөөлөгч Руфат Алимарданов нартай уулзлаа.

Уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”, “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах ажлынхаа талаар ярилцсан юм.

Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх бодлого боловсруулах, ногоон төсөл, бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгмийн болон засаглалын шаардлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар ногоон бондын зах зээлийг хөгжүүлэх судалгаа хийхийн хамт компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд ногоон бондыг бүртгэх зохицуулалтыг тусгасан. Мөн Монгол Улсын Тогтвортой санхүүгийн замын зураглалыг шинэчлэн боловсруулсны зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагуудын байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, журмын төслүүдийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороо үлгэрчилсэн журмыг баталсан. Харин цаашид БОНЗ-ын тайлагнал сайн хийдэг компаниудад зориулсан урамшууллын тогтолцоо бий болгох чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсын санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг хийж санхүүгийн байгууллагуудад заавар, чиглэл өгөх, салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд БОНЗ эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Тэгвэл Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Авлага худалдан авалт буюу факторингийн үйл ажиллагаа эрхлэх гарын авлага”-ыг боловсруулаад байна. Мөн “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэр томьёоны тодорхойлолт” номыг Монгол хэл рүү орчуулж, салбарынханд хүргэсний сацуу факторингийн үйлчилгээний гэрээ, стандарт, тавигдах гол шаардлагуудын талаар сургалт зохион байгуулаад байна. Иймд цаашид факторингийн үйл ажиллагааны журмыг батлах, салбарынханд сурталчлах, факторингийн үйл ажиллагааны загвар гэрээг эцэслэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар уулзалтаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *