Categories
мэдээ нийгэм

Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, тус бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өчигдөр /2016.10.12/ АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсын хөгжлийн олон асуудлаар, тэр дундаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг 2012 онд зогсоох шийдвэр гаргасан байдаг. Учир нь тухайн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өндөр байсан төдийгүй бага-буурай орлоготой орны ангилалаас бага-дунд орлоготой орны ангилал рүү шилжсэн байдал нөлөөлсөн юм. Иймд эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед манай улсад ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

Хатагтай Сюзан Торнтон Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Монгол Улс бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавин ажиллаж байгааг сайшаав. Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зорилтын талаар харилцан санал солилцов.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *