Categories
мэдээ нийгэм

“Сүүлийн гурван жилд гамшиг аюулт үзэгдэлт нийт 853 хүн өртөж нас барсан” гэв || DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийв.

Улсын хэмжээнд төрийн зургаан байгууллага хамтран “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” аяныг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн алхах мэргэжилтэн Д.Хадбаатар “Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд гамшиг аюулт үзэгдэлт нийт 853 хүн өртөж нас барсан. Үүний 16.9 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа юм.

Өнгөрсөн онд л гэхэд объектын гал түймэрт 23, усны ослоор 22, өндрөөс унасан 3, бусад шалтгаанаар 14 хүүхэд гээд нийт 62 хүүхэд амиа алдсан байна.

Бусад шалтгаан гэдэг нь салхи, шуурганы улмаас болон гэртээ цоожлогдож үлдсэний улмаас осолдсон зэрэг олон шалтгаан олдог.

Сүүлийн гурван жилд гамшиг, ослын шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 58.9 хувь нь усны осолд өртсөн гэсэн статистик судалгаа байна. Энэ нь эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлага тулгамдаж байгааг харуулж байна.

Он гарсаар ахуйн ослын улмаас гурван хүүхэд амиа алдсан байгаа юм. Иймд бид бага насны хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй.

Хүүхдийг осолд өртүүлэхгүй байхад эцэг эхийн оролцоо, анхаарал хамгийн чухал. Тэр дундаа усны ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэхэд ЕБС-ийн хүүхдүүдийг усанд сэлж сургах юм.

Одоогоор улсын хэмжээнд төрийн болон ТББ-ын 29 усан бассейн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох шат дараатай арга хэмжээг эхлүүлж байгаа” гэв.

“Ахуйн орчны осол гэмтлийн улмаас ГССҮТ-д үйлчлүүлсэн нийт хүүхдийн 40.1% нь тархины гэмтэл авч байна”

ГССҮТ-ийн Нийгэм, эрүүл мэндийн газрын дарга Д.Одгэрэл “Өнөөдөр энэхүү нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зургаан байгууллага зохион байгуулж байгаад олзуурхан хүлээн авч байна.

Би өнөөдрийн хэвлэлийн хуралд хүүхэд гэртээ осол, гэмтэлд өртсөн тоо баримтыг онцгойлон авч үзлээ.

Учир нь ГССҮТ-д сүүлийн гурван жилийн тоон мэдээллээр 157 мянган хүүхэд осол, гэмтэлд өртсөн байна. Үүний 53 хувь буюу 83 мянга нь хүүхэд хамгийн аюулгүй байх ёстой газраа буюу орон гэртээ байхдаа осолд өртжээ. Гэртээ осол, гэмтэлд өртсөн хүүхдийн 333 нь эндсэн харамсалтай тоон мэдээ байна.

2019-2021 оны хугацаанд ахуйн хүрээнд хүүхэд осол, гэмтэлд өртсөн тоо өссөн үзүүлэлттэй байгаа нь харамсалтай. Мөн ахуйн орчны осол гэмтлийн улмаас ГССҮТ-д үйлчлүүлсэн нийт хүүхдийн 40.1 хувь нь тархины гэмтэл авч байна.

Түүнчлэн 0-18 насны хүүхдүүдийн орон гэртээ гэмтэж нас барсан тохиолдлыг шалтгаанаар нь ангилж үзвэл амьсгал боогдох шалтгаан тэргүүлж буй. Энэ нь тухайлбал, пааранд хүүхдээ уяад орхисноос болж амьсгал нь боогдсон, санаатайгаар өөрийгөө гэмтээх болон түлэгдэлтийн асуудал зонхилж байгаа юм.

Ахуйн хүрээний осол хүүхэд өртсөн нийт ослын 50-аас дээш хувийг эзэлж байгаа нь аюулын харанга дэлдсэний дохио.

Бид хүүхдүүдээ осол гэмтлээс хамгаалахын тулд аюулгүй орчныг ахуйн хүрээнд нь бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо маш чухал.

Тиймээс энэхүү аянд ГССҮТ нэгдэж байна. Гол нь эцэг эхчүүд бидэнд тусалж хүүхдээ аюулаас хамгаалахад гар бие оролцох хэрэгтэй гэж уриалъя” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *