Цаг уурын хүрээлэнгээс хиймэл дагуул ашиглан Монгол орны гангийн нөхцөл байдлыг 10 хоногийн давтамжтайгаар харуулдаг. Зургаадугаар сарын 20-30-ны өдөр буюу сүүлийн арван хоногт гангийн нөхцөл байдал өмнөх 10 хоногийнхоос эрс нэмэгдсэнийг та доорх зургаас харж болно.
Зураг 1: 2017 оны Зургаадугаар сарын 10-20-нд
Зургаас харахад зургаадугаар сарын 10-20-нд нутгийн төв хэсэг болон зүүн хэсгээс ган ихтэй байсан ч нийт газарт эзлэх хэмжээ нь бага байжээ.
Зураг 2: 2017 оны Зургаадугаар сарын 20-30-нд
Харин зургаадугаар сарын 20-30-ны өдрүүдэд гангийн хэмжээ огцом нэмэгдэж зүүн аймгууд тэр чигтээ, төвийн аймгууд болон баруун аймгууд гантай болсон байна. Энэ нь сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжилсэнтэй холбоотой.
Зургаадугаар сарын 20-30-нд хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 61-71 градус, Алтай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 45-50 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Их нууруудын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 51-60 градус дулаан байжээ.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 6 дугаар сарын 30-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн
- 10 орчим хувьд сайн,
- 80 гаруй хувьд буюу Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар дунд,
- 10 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим судын нутагт муу үнэлгээтэй байна.
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН 4-НӨӨС 7 ДУГААР САРЫН 8-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.