Categories
мэдээ нийгэм

Сүү, сүүн бүтээгдэхүүний чанар сайжирч байна гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гурван сарын хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд шалгалт хийсэн дүнгээ танилцуулсан юм. Шалгалтаар үйлдвэр, цехүүдийн ариун цэвэр, бүтээгдэхүүний чанар, стандарт хангаагүй зөрчлүүд илэрч байсан ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ахиц гарсан гэж албаныхан хэллээ.

Шалгалтад нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамрагдсан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг дурдвал,

-Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 58,5 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьж, өргөтгөн шинэчлээгүй,

-Үйлдвэрүүдийн 30,2 хувь нь бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцлийг бүрдүүлж, хүнсний зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэлгүй,

-67,9 хувь нь халуун ба хүйтэн бүсийг ялган заагласан тэмдэглэгээгүй, 47,2 хувь нь гэрлийн бүрхүүлгүй, 56,6 хувь нь хана шал болон хана таазны хоорондын өнцгийг цэвэрлэхэд хялбар байхаар хийгээгүй, цонхны тавцан нь налуу биш, шал нь гулгадаггүй материалаар хийгээгүй,

-Үйлдвэрүүдийн 69,8 хувь нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй,

-Үйлдвэрүүдийн 35,8 хувь нь ажиллагсдаа халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл, ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй,

-Үйлдвэрүүдийн 81,1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 58,5 хувь нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу дахин боловсруулах журамгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусад нь хаягжуулж хадгалдаггүй,

-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн 20,8 хувь нь бэлэн бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 86,6 хувь нь дотоод хяналтын журам боловсруулж, мөрдөж ажилладаггүй зөрчил тус тус илэрчээ.

Ийнхүү сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бүтээгдэхүүний хаяг, шошгыг тавьдаггүй зөрчил байсаар байна. Гэхдээ үйлдвэр, цехүүд Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж, шалгалтын явцад илэрсэн дээрх зөрчлийн хэмжээг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад багасч байгаа сайн тал ажиглагдсан талаар албаныхан онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *