Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (IV)

Түрүүч нь №207(5774), №211(5778), №215(5782) дугаарт

“Алтай” чуулгын тайзнаа төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит зохиолч уншигчдын уулзалт эхэллээ. Их зохиолчийнхоо бүтээлийг эхийн сүү шигээ хөхөж өссөн алтайчууд хөдөөдөө хамгийн томд тооцогддог чуулгын танхимыг дүүргэжээ. Суудал олдоогүй нэгэн нь хоёр давхрын чөлөөнд босоогоор зогсч, ёстой нөгөө “зүү орох зайгүй” гэдэг шиг багтаж ядан байна. Уран үгсийн чуулганыг Монголын өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, гавьяат жүжигчин Гомбын Равдан, “Болор цом”-ын хөтлөгчийн дархан эрхийг Бямбаа гавьяатаас өвлөн авсан нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа нар удирдан явуулсан юм. “Түмэн олноос уран уншигч алдрыг хүртээж, үг танихын гайхамшгийг надад мэдрүүлсэн зохиолч бол яах аргагүй Лодойдамба гуай” гэж Равдан гавьяат сэтгэл догдлон хэлж байна. Тэрээр 1979 онд Монголын зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойгоор зарлагдсан уран уншигчдын улсын уралдаанд нэрт зохиолчийн “Шаргачин” өгүүллэгийг уншиж мөнгөн медаль хүртжээ. Мөн наян таван онд Монголын радиогоор “Алтайд” романыг бүрэн эхээр нь уншиж түмний сонорт хүргэсэн бол 100 жилийнх нь ойгоор “Тунгалаг Тамир”-ын хоёр ботийг бүтнээр нь уншжээ. Эл үдэш ч “Шаргачин”, “Солонго” тэргүүт өгүүллэгүүдийг нь амилуулж, Алтайн зон олонд сэтгэлийн цэнгэл амсуулсан юм.

Уран үгсийн чуулганд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн эрдэмтэн зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нарын эрхмүүд өнөө “Засагт ханы хөх харчууд”-ын дунд сууж шүлэг найргаа уншсаан. “Засагт ханы хөх харчууд” гэдэг нь мэдээж төрийн шагналт Далхаагийн Норов, соёлын гавьяат Санжийн Пүрэв тэргүүтэй аваргууд. Тэдний араас “Би жинхэнэ монгол билэг танхай хөдөөний хүн”, “Цэцгээр хорвоо бялуурахын цагтаа санаагүй байж мэднээ ээж ээ, цээжнээ зовлон хурахын цагт таныгаа л үгүйлдэг шүү ээж ээ, уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа, уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжээ”, “Уулзах л юмсан чамтайгаа, би” зэрэг олон дууны эзэн Халиун сум, Хар азаргын нурууны авьяас билэгт найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбийн Дашдондов, “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай, насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад бас хайртай, өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай, өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай”, “Цаст хайрхан, хөвч хангай, элсэн манхан, цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй, уулс ус ургамал амьтан, буурал дээдэс минь, уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь” хэмээх олон аварга дууны эзэн соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажав, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найргийн тайзнаа шуугиан тарьдаг Мишигийн Цэндэндоржийн шагналт Мөнхөөгийн Билэгсайхан, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Намрын өнгө орлоо ээж ээ” тэргүүт хит дуунуудын эзэн Намбарын Пүрэв гээд аргагүй л Алтайн сор болсон найрагчид тайзыг эзэгнэсэн байлаа. Яруу сайхны төгс илэрхийлэл гэж хэлж болохоор тийм тансаг үдэш. Өндөр Алтайнх нь найрагчид Монголын яруу найргийн цээжний морьдын дунд явааг их Лодойдамба, Мишигийн Цэдэндорж нь мэдэрч байгаа даа гэх бодол эрхгүй төрөв. Үзэгчдийн алга ташилт үнэндээ саарсангүй. Хаврын хаварт хангайн тэлмэгэр нуруу Бөхөн шар, Идэрийн голын хөвөөнөө ийм л нэг үлэмж тансаг үдэш болдог сон. Чилаажав найрагч Лодойдамба гуайд зориулсан “Цахиур Төмөрийн дуулал”-аа уншсаны дараа “Ингэн тэмээ буйлаад л байдаг нутаг даа, Ээж минь хүүдээ бүүвэй аялж суусан даа, тэнгэр ч гэж тэнгэр дээ, Алтайн хөх тэнгэр ээ, тэнд л намайг төрүүлсэн ижий аав хоёр минь дээ. Агт морин үүрсээд байдаг нутаг даа, Аав минь хүүдээ үнэг хайчилж суусан даа, уулс ч гэж уулс даа, Алтайн цэнхэр уулс аа, усаар нь намайгаа ариулсан ижий, аав хоёр минь дээ” гэж уншихад нь нүдний нулимс гарах шиг болсон.

Уулзалтын дундуур Лодой гуайнхаа 100 жилийн ойд автобус дүүрэн зохиолчдын дунд гонзойгоод хүрээд очсон соёлын гавьяат зүтгэлтэн, генерал Лувсангийн Пүрэвдоржтой уулзлаа. “Лодойдамба гуайг зохиолчийнх нь хувьд их зохиолч гэж хүндэтгэдэг. Ер нь тэгээд Лодойдамба, Түдэв, Эрдэнэ, Явуухулан, Пүрэвдорж гээд цөөхөн хүнийг их зохиолч гэнэ. “Тунгалаг Тамир” дэлхийд судлагдсан бүтээл. Гэтэл “Солонго” гээд богинохоон өгүүллэгийг нь уншихаар “монгол хүний монгол өгүүллэг гэж тийм л юм байдаг байх” гэж бодогддог. Үнэхээр нүдний нулимс гаргадаг зохиол юм. Энгийн хэрнээ нарийн зүйлийг ажиглаж бичнэ гэдэг аргагүй л авьяас билэгтэй хүний ажил мөн. Лодойдамба гуай Монголын соёлыг манлайлдаг хүн байжээ. Энэ талаар би киноныхон, сонгодог урлагийнхан, жүжигчид, дуучид, балетынхан гээд олон хүнтэй ярилцсан. Бүгд л “Лодой багш” гэдэг. Ухаандаа Лодойдамба гуай бүжгийн хүн биш шүү дээ” гэв. Пүрэвдорж генерал батлан хамгаалахын офицер байхдаа Лодойдамба гуайн НАХЯ-ныхантай уулзсан уулзалтад байсан гэдэг. Тухайн яамны нэг хүн “Хугараагүй ноён нуруу” зохиолынх нь тухай асуугаад, энгийн ардыг манай яамныхан хэлмэгдүүлж байсан гэж та бичжээ. Таныг зохиолыг уншаад би айлаа хэмээн жаахан гомдсон, дургүйцсэн байдалтай хэлж л дээ. Лодой гуай “Би тэгж л айлгах гэж бичсэн юм” гэж шуудхан хариулсан байна. Ардчиллын үнэр ч байхгүй далаад онд Лодойдамбаас өөр зохиолч “нахынхны” өмнө тийм зоригтой үг хэлж чадахгүй гэж генерал өчсөн. Мөн тэрээр “Олон зарц ажилчидтай баян нөхрийг эерэг сайн дүр болгож Монголын утга зохиолд анх үзүүлсэн хүн” гэж Итгэлтийн дүрийг жишээ болгон хэлсэн. Нээрээ л хөрөнгө мөнгөтэй хүн өөдгүй новш, тайж ноёд өөдгүй амьтад гэсэн сэтгэлгээ манай утга зохиолд илэрхий байдаг нь үнэн. Пүрэвдорж генералын “Монголын соёлыг манлайлагч” гэж хэлснийг өмнөх тэмдэглэлдээ зууны манлай Хорлоогийн Уртнасан, балетмейстр Жамъяндагва нарын олон хүний яриагаар тодотгосон. Үргэлжлэл болгож өгүүлэхүйд, өдгөө Монголын кино урлагийн тулах багана нь болсон ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн “Миний хайрлан хүндэтгэж явдаг хүн гарцаагүй Лодой багш маань юм. Тэр хүний буянаар би Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгссөн” гэж залбирдаг.

Жаран онд Жийгээ найруулагч Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь авчээ. Ээж нь “Ганц хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй. Рагчаа дээр дагуулж очин эмч болгоно” гэж зүтгэсэн байна. Ижийнхээ үгнээс гардаггүй хүү нь эмч болохоор явж байтал Лодойдамба гуай таарсан гэнэ. Түүнд хандан нэг жил кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллахыг үүрэгджээ. Ингээд тэрээр Монгол киноны тэргүүн жанжин Дэжидийн Жигжид гуайтай хамтран “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажилласан түүхтэй. Дараа жил нь Лодой зохиолч хэлсэн ёсоор киноны операторын ангийн хуваарь ирэхэд дээд боловсролын хороогоор өөрөө хөөцөлдөж байж найруулагчийн ангиар солиулаад Жигжидсүрэнг явуулсан гэдэг. Дипломынх нь ажил “Анхны алхам” киног цээжээрээ хамгаалж, ямар ч хасалт оруулалгүй гаргах эрхийг өгсөн хүн мөн л Лодойдамба гуай. “Харамсалтай нь багш маань “Анхны алхам” киног маань дэлгэцэнд гарахыг нь үзэж чадаагүй” гэв. Лодой гуайгаа ийнхүү Жигжидсүрэнг кино найруулагчийн сургуульд явуулаагүй бол Монголын кино урлаг “Хатанбаатар”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Нарны унага”-аар дутах байсан. Багшдаа зориулж “Солонго”, “Шаргачин” хоёр өгүүлэгийг нь нэгтгээд кино хийхийг олон жилийн өмнөөс бодсон. Энэ миний сүүлчийн бүтээл байх болно гэж эрхэм найруулагч хэлсэн. Бас л айхтар сонсогдож байна лээ. Түрүү жилийн намар, есдүгээр сарын сүүлээр миний бие Хатанбаатарын дүрээр ард түмний хайр талархлыг хүлээсэн, Булган хангайн хүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Лхагвын Эрдэнэбулганыд очиж, Навчаа эгч тэр хоёртой үдэшжин хуучилсан сан. Эрдэнэбулган ах “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх энэ агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн бүр чин зүрхнээсээ хэлж билээ.

Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын VIII их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүнийг агуу их Дагвын Лувсаншарав багш нь багтааж, Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. “Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хэмжээлшгүй баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж аньсага чийгтүүлэн хэлж байв.

Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан ахуй цагтаа Бажуудайн Ганбат судлаачийн Лодойдамба гуайн инээмсэглэсэн хөрөг зурагтай зузаан гэгч цэнхэр номыг илтэл нь уншиж билээ. Уг бүтээлээрээ Ганбат зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг Тугалхүүгийн Баасансүрэн, Бямбажавын Хүрэлбаатар гээд Сутай хайрханыхаа “нэг уяаны морьд”-той хамт хүртэж байхыг зурагтаар харан баясаж байсан сан. Мөн 2001 оны намар, дөнгөж нэгдүгээр курсын жулдрай оюутан байхдаа ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн гуайг сүүлчийн замд үдэхэд нь драмын театр дээр очиж, алтан шарилынх нь өмнө мэхийж байсан. Дунд сургуулийн сурагч байхад “Чиний хайр шиг тунгалаг, чиний сэтгэл шиг цагаан зүйл энэ хорвоод үгүй билээ. Догоо минь чи яасан сайхан хүн, ямар сайхан хүүхэн бэ. Чамайг мөн ч их санаж байна. Гудманд бүхий л биеэрээ наалдан хөтлөлцөөд, дөрвөн хүүхдээ дагуулаад явмаар байна. Зөвхөн явмаар биш яваад л баймаар байна” гэх Лодойдамба гуайн ханьдаа бичсэн халуун зүрхнийх нь захидлыг сониноос олж үзсэн. Үнэгэн лоовуузан малгай өмссөн Долгорсүрэн гуайн яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэж буй гэрэл гэгээ цацарсан зураг нь тэрхүү захидлын хамт сонинд гарсан байв. Тугалхүүгийн Баасансүрэн гавьяат Варшав хотоос анд нөхөр Бажуудайн Ганбатад бичсэн захидлыг нь “Уул шиг түшигтэй нөхөр минь” номноос нь уншиж байлаа. “Уул уулаа таньдгийн адилаар Ганбат Лодойдамба гуайг таньсан” гэж Дөнгөтийн Цоодол багш минь хэлдэг сэн. Эл бүх учрал, дурсамж дурдатгалыг санан өндөр их Алтай, Хантайширын нуруунаас буцаж явна.

“Лодойдамба гуайг хэзээ ч муу үг сонсож, муухай санаа өвөрлөж яваагүй хүн гэж боддог. Нэг үе Гаадамба гуай тэр хоёр их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолын талаар “Утга зохиол” сониноор олон дугаар дамнуулан айхтар сүрхий маргалдсан. Гаадамба гуай надад бүр сүүлд “Лодойдамбаас өөр надтай маргалдаж чадах онолын бэлтгэлтэй хүн манай зохиолчдын дотор байхгүй л дээ” гэж байв. Харин Лодойдамба гуай бол их зохиолчийн бичсэн “Монголын уул талаар соёлын үрийг таригч” мөнөөсөө мөн байсан байх шүү” гэж Лувсандамбын Дашням доктор хэлдэг. Эдүгээ сэрүүн тунгалаг байгаа зохиолчдын дунд Лодойдамба гуайтай хамгийн олон уулзсан, үг яриаг нь сонссон, зураг хөргөө татуулсан хүн бол Дашням ах юм. Том охин Насанбуянтай нь хамт хойно сурч, Лодой амин зүрхний хайрт охиноо Дашням ахад захин виски задалж, үлдээсэн мөнгөөр нь мань хоёр Москвад ганцхан байдаг “Националь” зочид буудлын бааранд орж явсан түүх ч бий.

“Лодой гуай биднийг магтах дуртай. Манай Явуу ч хийл хөгжим шиг найрагч. Гайтав маань ч бөмбөр юм” гэж ирээд магтана. Лодойдамба гуайгаар магтуулна гэдэг төрийн шагнал авахтай ижил санагддаг” гэж төрийн шагналт ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын хэлсэн үг бий. Дооров гэснээс нэг зүйл санаанд ургалаа. Лодой гуай “Тунгалаг Тамир” романыхаа анхны дэвтрийг редактортоо өгнө гээд сонингийн цаасанд боочихсон Зохиолчдын хороон дээр ирж гэнэ. Тэгэхэд роман нь “Тамир нутгийнхан”, “Тамирын урсгал”, “Тунгалаг Тамир” гэсэн гурван нэртэй байжээ. Аль нь дээр вэ гэж Дооров тэргүүтэй зохиолчдоос асуухад, “Тунгалаг Тамир” нь илүү сонслолонтой юмаа гэсэн гэдэг. Бас л сонин сайхан дурсамж. Уг романы анхны редактор нь төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай. “Лодойдамба гуай намайг тоож романаа редакторлуулсанд би их баярладаг. Бүлэг бүлгээр нь уншаад засах зүйлийнхээ тэнд анхааруулах тэмдэг тавина. Шууд засч зүрхлэхгүй шүү дээ” гэж хуучилсан бол “Манай хүн нэг зөрөхөөрөө лут зөрнө. Үгүй гэм дээ гээд л зүтгэчихнэ. Монголын зохиолчдын байгууллагын 40 жилийн ой тэмдэглэх үеэр нэг шог яриа гарсан. Түүнд зохиолчдыг тарвага болгож шоглосон юм. Лодойдамба гуайг буудуулчихсан хэрнээ нүх рүүгээ орох гээд цээж хийгээд зүтгэчихсэн, анчин нүхнээс нь сугалах гээд дийлэхгүй байгаагаар шог ярианд оруулсан байдаг. Үүнийг өөрөө сонсчихоод “Наадах чинь би мөн байна” гэж билээ” хэмээн Дэндэвийн Пүрэвдорж гуай ярьсныг ч энд шигтгэе.

“Аав минь хэрийн юмнаас айдаггүй, гүжирмэг, гаднах байдалдаа төдийлөн анхаардаггүй хүн байв. Нэг хөгтэй явдлыг санах юм. Аав гадаад явахаар МИАТ-ээс онгоцны билет авчээ. Тэр үед билет олддоггүй бас л хэцүү байсан юм билээ. Аав захисан билетээ авъя гээд кассынх нь хүн дээр очиж. Билетээ аваад гарах гэж явбал ээлжийнх нь ахлагч “Юун хүнд чи Лодойдамба гуайн билетийг өгчихөв өө. Лодойдамба гуай наадахыг нь захиалсан шүү дээ. Алив нааш нь аваад ир” гээд кассчинг, давхар аавыг мөн сандаргасан гэдэг. Сайд хүн гэхэд, дэндүү хээ шаагүй, гаднах төрх нь ч тийм харагдсан байлгүй. Тэр явдлаас хойш аавыг хувцас хунартаа анхаарч бай гэсэн яриа манай гэрт өрнөсөн” хэмээн хүү Галбадрах нь нэгэнтээ хэлж байсныг санав.

Лодой гуай 1970 оны нэгдүгээр сарын 11-нд өнгөрчээ. Эмнэлэгт байхдаа “Миний хувьд хийх юм мөн ч их байна даа хэмээн харуусч бодол санаагаа гүйцээхээс урьтаж богинохон насаа гүйцээх болж байна даа” хэмээн яагаад ч тэсэхгүй нь гэдгээ шулуухан хэлжээ. Түүнийг өнгөрснийг дуулаад “Улаан наран”, “Үүрийн туяа” романуудын эзэн Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дашдэндэв, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нарын дотны нөхөд харууслын үг бичиж байжээ. Монголын утга зохиол, соёлын хэзээ ч бүдгэрэхгүй аугаа их авьяастан тэрээр ид хийж бүтээх тавин гуравхан насандаа орчлон хорвоог орхижээ. Нэгэнтээ суут их зохиолч Лодонгийн Түдэв “Монголын утга зохиолд Лодойдамбыг уултай зүйрлэвэл Хантайширын нуруу, устай зүйрлэвэл тунгалаг Тамирын гол” гэж хэлсэн байдаг. Түдэв гуайн энэ үгээр “Суу билэгтний өлгий” цуврал тэмдэглэлээ өндөрлөж байна. Өвөр бууцанд нь төрсөн нэрт зохиолч байхгүй ч өндөр их Алтай нь хэвээрээ, халуун зүрхнийхээ нулимсыг унасан Хантайширын нуруу нь дүнжгэрээрээ л байна. Харин Монголын их Алтай дэлхийн суут хөвгүүн төрүүлсэн юм шүү гэсэн шиг ихэмсэг бадрангуй төрхөөрөө үдэж мордуулсан юм. Нийслэл хотын зүг хошуу эргэсэн зохиолчдын цуваа их Лодойдамбаа сэтгэл оюундаа адислаад Тарлан хайрхных нь дэргэдүүр дуулалдан буцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл(III)

Түрүүч нь №207(5774), №211(5778) дугаарт

Их зохиолчийн төрсөн бууцнаас хөдөлсөн цуваа Тайшир сумыг зорих замд “Тунгалаг Тамир”-ын Итгэлт буюу ардын жүжигчин Аюурзанын Очирбат гуайн яриа хөөрөө сэтгэлд ургаад ирлээ. Тэр жилийн арваннэгдүгээр сард юмсан. Бүр нарийн үзвэл Улс тунхагласны баярын өдөр миний бие “Богд Ар”-ын байранд Очирбат гуайнд очиж билээ. Бүрэнгийн хонхроос тодорсон нэрт жүжигчин маань хоёр нүдээ сүрхий гэгч нь эргэлдүүлж, дээш доош нь “үсэргээд” хичнээн сайхан дурсамж дурдатгалыг хуучилсан гэж санана. “Манай Лодой багш мөн ч сийрэгхэн ухаантай хүн байсан юм шүү. “Тунгалаг Тамир”-ын жүжигчдийг хоёр, гурваар нь дагуулж уулзалтад явдаг байв. Нэг удаа багштай хамт явж байтал заалнаас хүн босоод “Та цахиур Төмөрөө яагаад алчихсан юм бэ, амийг нь хороохгүй өршөөж болоогүй юм уу” гэхэд багш “Үгүй ээ хүүхээ, би алаагүй шүү дээ. Түүнийг чинь Түгжил алчихсан юм” гэв. Хүмүүс нирхийтэл инээлдээд л явчихлаа. Хэрвээ багшийн оронд би байвал юу гэж хариулах бол. “Тэр нөхрийг зайлшгүй егүүтгэх шаардлага байсан” гэж тэнэглэж магадгүй гээд хөмсгөө атируулан жуумганан инээвхийлж байсан сан. Тэрээр “Итгэлтийн дүрд тоглоно гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан даа” гэж хэлдэг. Мэдээж тэр тухай асуулгүй л яав гэж. Ардын жүжигчин ийн хариулсан байдаг.

“Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман кино болох нь гэх сургаар жүжигчид тэр түүний дүрд таарна гэсэн таамаглал яриаг өөр хоорондоо хэлэлцэж эхэлсэн. Би өөрөө бодох нь байтугай бусад маань ч намайг Итгэлт болно гэж бодоогүй нь мэдээж. Тухайн үед нэг ч кинонд дүр бүтээгээгүй. Бие жижиг, дээр нь царай муутай учир найруулагчийн нүдэнд өртөөгүй байсан хэрэг л дээ. Итгэлтэд “цоохор” Мижиддорж гуайг тоглоно гэсэн яриа хүмүүсийн дунд байв, би ч тэгэх байх л гэж бодож байсан. Донровын Намдаг гуайн “Хярааны хонхорт” жүжгийн гол дүр Цэрэнжав зангид би тоглож байсан юм. Хожим нь “Харуул занги” нэртэй кино болсон. Уг жүжгийг Лодойдамба гуай үзэж л дээ. Тэгж суухдаа “Би Итгэлтээ оллоо” гэж хэлсэн гэдэг юм. Надад энэ үгийг Хо.Нацагдорж сүүлд дуулгасан. Ингэж Лодойдамба гуайн буянаар тэрхүү сонгодог сайхан кинонд Итгэлтийн дүрийг бүтээсэн хүн дээ” гэж хуучилсныг санав.

Лодойдамба гуай бүхий л кино, жүжгийнхээ дүрүүдийг өөрөө сонгодог байсан тухай олон хүний дурдатгалд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн дүрд хэнийг тоглуулах вэ гэдгээ бодож байгаад яг л онодог байж. “Өвгөн миний хамгийн эрхэм шагнал энэ юм” гэж Очирбат гуай Лодойдамбын нэрэмшит шагналтны тэмдгээ үзүүлж байсан. Ерэн хоёр онд Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналыг бий болгож, журмыг нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тоомойн Очирхүү боловсруулж, тухайн үед Говь-Алтайн намын хорооны дарга байсан Вандангийн Алзахгүй тэргүүтэй хүмүүс баталж байсан гэдэг. Анхны шагналыг нь Лодойдамба зохиолчийн амьдрал, уран бүтээлийг дагнан судалж “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” бүтээл туурвисан судлаач Бажуудайн Ганбат, уран бүтээлийн дотны нөхөр ахмад зохиолч Дэгээхүүгийн Сүрьяа, “Зууны манлай” “Тунгалаг Тамир”-ынх нь Итгэлтийн дүрийг бүтээсэн ардын жүжигчин А.Очирбат нарт олгожээ. Нэрт зохиолчийн төрсөн бууцнаа эдгээр гурван эрхмийн татуулсан зураг хөрөг ч байдаг. Сүрьяа гэж урт цагаан сахалтай өвгөний дүрийг Итгэлт баяны зургийн цомгоос үзэж билээ. Цээжнийхээ цаана ийм л дурсамжийг Алтайн салхинд алчуур шиг намируулаад Тайширын төвд, их зохиолчийн гэрэлт хөшөөний өмнө дөрөө мулталлаа.

Монголын урлагийн алтан үеийн сор болсон жүжигчдийн төлөөлөл Чимэдийн Долгорсүрэн гуай тэр намар ханийнхаа нутаг Хантайширт ирэхдээ зүрхнийхээ долгисоор шүлэг найргийн шад мөрүүдийг уяран ундруулсан нь бий. Алтай нутгийн тухай хэд хэдэн эвлэгхээн шүлэг тэрлэсний нэгэн нь “Эрдэнийн Тайшир” бүтээл юм. Ижийнхээ тэрхүү шүлэгт охин Насанбат нь аялгуу хийж аавынхаа унасан газар, уул нуруудад сонордуулан дуун суварга бүтээжээ. Дэлхийн сонгодог Чайковскийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн түүнийг “Орчлонгийн сайхан хүүхнүүд” тэргүүт олон бүтээлээр нь ард түмэн мэднэ. “Эрдэнийн Тайшир”-ыг нь ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Баартуугийн Зангад дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн түүхтэй.

Дуу гэснээс энэ зуурт нэг зүйлийг шигтгээ болгоход, “Унаган хайр”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг хит бүтээлүүдийн эзэн, дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж ерэн таван онд Насанбат гавьяатад аавд нь зориулж бичсэн “Тэнгэр буурал аав” шүлгээ өгч ая хийхийг хүссэн байдаг. “Энэ мундаг найрагч миний охиныг тоож шүлгээ өгсөн байна. Сайхан аялгуу хийгээрэй” гэж ижий нь захисан юм гэнэ лээ. “Нутаг холдсон аав минь ирэхийн цагтай ч болоосой, сайхан буурал аавыгаа санахын цаг нь урт байгаасай. Тэнгэр буурал аавтайгаа тэнцүүлж дуулах эгшиг олъё доо” хэмээн сэтгэлийн нандин утсыг хөндсөн уг дуунд охин нь ёстой л нэг асгарсан аялгуу хийж тэнгэрийн цэнхэрлиг оронд суугаа ачит эцэгтээ сонсгожээ. Тэрээр “Би жирийн нэг Насанбат биш. Лодойдамба, Долгорсүрэн нарын хүүхэд. Аав ээжийнхээ нэрийг сэвтээлгүй өндөрт өргөж явах хариуцлага бидэнд оногдсон” гэж даруухнаар өгүүлнэ. Монголын соёл урлагийн жинхэнэ алтан үеийг түүчээлж явсан эрхэм хоёр хүмүүний үр хүүхдүүд ижий аавынхаа нэрийг сэвтээлгүй явж ирснийг он жилүүд нь гэрчилнэ. Бүтээл туурвил нь хэлээд өгнө. Зөвхөн Насанбат гавьяат төдийгүй олон улсын сэтгүүлч Насанбаяр, өдгөө Лаост элчин сайдаар ажиллаж байгаа нэрт дипломатч Галбадрах гээд аугаа их Лодойдамбаар овоглосон эрхмүүд Монгол Улсын гадаад харилцаа, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагад нэртэй мөртэй ажиллаж байна.

Маргааш өглөө нь бид домогт Хантайширын нуруунаа гарсан. Хойд талд цаст цагаан Сутай хайрхан дүгрэглэн мэлтийж, наран ургах зүүн урд зүгт хангайн нурууны ноёлог оргил Отгонтэнгэрийн орой гурвалжлан цайрч, Хасагт хайрхан, Хар азаргын нуруу, Бурханбуудай уулс эргэн тойронд ханараад өндөр Алтай гэдэг чинь өнгөөрөө байлаа. “Хар азаргын нурууг харахуйд хамаг сэтгэл тийшээ нисчих юм” гэж Пүрэв баавай уяралтайхнаар хэлж байна. Алтайн домогт их уулсын хүрээлэл дунд Хантайширын тэргүүн дээр “Чадраабалын Лодойдамба сан”-гийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Бадам-Очирын Галааридтай хад сандайлж суугаад ярилцаж буй минь энэ. “Манай Алтай чинь зохиолч, найрагчдаа багтааж ядсан газар. Гэтэл Лодойдамба гуайн үр хүүхдүүд сангийнхаа тэргүүнээр намайг ажиллаач гэж хэлэхэд нь баярласан. Бид энэ хүнийг зохиолчийнх нь хувьд сайн мэддэг, харин бусад зүйлийг нь тэр бүр нарийн мэддэггүй юм байна” гэв.

Бусад зүйл гэдэгт нь тэртээ жаран гурван онд Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж Улсын хөгжимт драмын театрыг улсын драмын театр, улсын дуурь бүжгийн театр болгон хоёр салгаж Монголын сонгодог урлагт оруулсан хувь нэмэр нь багтана. Мөн Судар бичгийн хүрээлэнг шинжлэх ухааны академи болгон өргөжүүлсэн бахдам гавьяа нь орно. Сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн урсгал чиглэлийг бий болгон тамгалж өгсний баталгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан түүх нь бичигдэнэ. Чадраабалын Лодойдамба гэж хүмүүний 100 жилийн ой гэдэг зөвхөн зохиолчийнхоор тогтохгүй Монголын сонгодог урлаг, шинжлэх ухааны хөгжил цэцэглэлтийн алтан он жилүүдийн түүх давхар бичигдэж буй нь ийм учиртай. Хуучин зөвлөлтөд төмөр замын курс дүүргэж Улаанбаатар төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Лодойдамба улмаар Төмөр замын сургуульд физикийн багш, намын дээд сургуульд философийн багшаар ажиллаж байсан. “Зохиол бүтээлд нь яагаад гүн ухаан ингэж айхтар шингэсэн байдгийн нууц философийн багш байсантай нь холбоотой юм билээ” гэж Галаарид сэтгүүлч тодотгосон.

Монголын урлагийн бүхий л сонгодгуудын замнал, хувь заяа нь Лодой зохиолчтой холбогддог нь үнэн юм. “Жараад оны үед ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг төгссөн залуус байлаа. Тухайн үед Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэр хүн л намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэж явуулсан. Загдсүрэнгийн арыг залгамжлах ирээдүй энэ хүүхдэд байна гэж итгэсэн” хэмээн дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг Монгол Улсын ардын жүжигчин, зууны манлай Хорлоогийн Уртнасан бардам хэлдэг юм. “Учиртай гурван толгой” эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод найрлаад дуусгачихлаа. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Харин манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байна. Үүнийг чи л өөрчлөн утга санааных нь дагуу найруулж чадна. Нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой гэж Лодойдамба захисан” хэмээн сонгодог урлагийн амьд домог хөдөлмөрийн баатар, нэрт балетмейстэр Балжиннямын Жамъяндагва дурсдаг. “Лодойдамбын зоригжуулж хэлснээр би хэд хэдэн цомнол бичсэн хүн шүү дээ” гэж Базарын Ширэндэв гуайн хэлсэн үг ч бий.

Соёлын яамны уран бүтээл хариуцсан орлогч сайд байхдаа Монголын урлагийг төрөл бүрээр нь ийн хөдөлгөөнд оруулж, хүн бүхний авьяас билгийг нээн, бүтээл туурвилын санаа өгч, өөрөө үлгэр дууриал болгон жинтэйхэн бүтээлүүдийг бичиж Монголын нийгмийг босгоод ирсэн байна. Өдгөө хүн бүхэн “жараад оны алтан үе” гээд л ярьдаг. Тэрхүү алтан үеийг бүтээсэн хүний нэг нь Чадраабалын Лодойдамба гарцаагүй мөн юм байна. Туурга тусгаар улс орон сонгодог дуурийн театртай, сонгодог драмын театртай, шинжлэх ухааны академитай байна гэж зүтгэснээрээ тэрээр Монголын оюун санааны тусгаар тогтнолын дархлааг хэзээ ч ганхашгүйгээр бий болгожээ. Оюун сэтгэлгээний эх ундарга утга зохиолыг шинэ түвшинд гаргаж анхны романыг жишиг болгон бичиж, улмаар “Тунгалаг Тамир”-ыг бүтээж, “Гарын таван хуруу”, “Энэ хүүхнүүд үү” кино гээд утга зохиолын төрөл жанр бүрээр шинийг эрэлхийлсэн байдаг. Мөн тавиад оны эхээр төрийн шагналт Чойжамцын Ойдовтой “Хуйвалдлага”, төрийн хошой шагналт Донровын Намдагтай “Нэг ангийнхан”, Цэвээний Зандраатай “Эрдэнийн Дорж” жүжгүүдийг бичиж Монголын театр урлагийн тайзнаа шинэ хувьсгал хийснийг урлаг судлаачид үнэлдэг.

“Та хэдийд бичдэг вэ” гэсэн асуултад “Өдөр ажиллаад боломж ч гардаггүй. Тиймээс шөнө бичдэг. Хүн дуртай л бол ядаргаа мартагдаж, шөнийн нэг, хоёр, гурван цаг хүртэл суухад ялангуяа сайхан зохиол бичиж байхад бүхнийг умартаж чаддаг. Би тогтмол орой болгон бичдэг. Үг эвлэхгүй ч үзгээ бариад суудаг” хэмээн ярьсан нь номын хуудаснаа баримт болон үлдсэн байна. “Манай Лодой ажлаа хийнэ, хүүхдээ авна, зохиолоо бичнэ. Хачин завгүй явдаг хүн байсан. Өөрийнхөө биеийг огт бодохгүй, тогтмол хоолоо иднэ гэсэн номгүй. Шөнө орой унтдаг байсан учир өглөө эрт босохгүй. Ажлынх нь цаг болоход яараад цайгүй явдаг сан. Орой унтсаныг нь мэдэж байгаа учир өглөө эрт босгож чадахгүй хайрлаад ажлынх нь цагийг дөхүүлээд сэрээнэ. За тэгээд түргэн хувцаслана гэж байхгүй. Нэг оймсоо өмсөөд нөгөөгөө бариад минут шахам болно. Үндсэндээ хоёр нүд нь аниастай л байгаа. Хүүе түргэн хувцаслаад цай ууж юм иддэг ч болоосой гээд би үглээд хоцорно” гэж халамжит ханийнх нь дурсамжид бий.

Ингэж л өдөр нь ажиллаж, басхүү аавын үүргийг гүйцэтгэн хүүхдүүдээ асарч, шөнө нь зохиолоо бичин манайхны хэлдгээр нойр хоолыг умартан зүтгэжээ. Хүүхдүүдээ асраад гэснээс тэрээр хүүхдэд жигтэйхэн хайртай, тэдэнтэй үеийн юм шиг тоглодог энгийн, эгэл нэгэн. “Бага байхад аав бидэнтэй их тоглодог байжээ. Нуугдаж тоглоно, нуруун дээрээ үүрнэ, бид нар жүжиг тоглоно. Би хамгийн дүрсгүй нь байсан шиг санагддаг. Миний тавьсан жүжиг дуусахгүй дээ. Байрны хүүхдүүд “Лодойдамба гуай хэзээ ирэх бол” гээд л аавтай тоглох гэж, гурван дугуйтад нь суух гэж бүгдээрээ хүлээдэг сэн” гэж бага охин нь хэлж байна. Ийм л эгэлхэн амьдарсан хэрнээ ялгуусан хувь заяаны эзэн байж дээ.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (II)

Түрүүч нь №207(5774) дугаарт

Ч.Лодойдамба хань, үр хүүхдүүдийн хамт

Жаран долоон он буюу эдүгээгээс хагас зуун жилийн тэртээх намар хайрт ижийнхээ аарц шахдаг ногоон алаг чулууг олчихоод “Энэ миний төрсөн гэрийн буурь мөн” хэмээн нүдэндээ нулимстай зогсож байсан их зохиолчийн хүй цөглөсөн бууцанд ирлээ. Хичнээн мянган жилийн нар, салхинд алгадуулаа бол гэж бодогдох Алтайнх нь хүрэн улаан хад чулуугаар суурь хийж сүндэрлүүлсэн Лодойдамба зохиолчийн гэрэлт хөшөөг Хантайширынх нь салхи илбэн байна. “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэх зүрхнийх нь бичээсийг бичиглэсэн аавынхаа хөшөөг хоёр охин нь намрын тунгалаг наран илбэн байнам. Цэл залуухнаараа яваад өгчихсөн аавыгаа санан санан байгаа нь илт. Яг л энгэрээд нь тэмүүлж, дал мөрөнд нь эрхлэн зүүгдэж байсан шигээ энхрий дулаахан сэтгэлээр, элбэрэл үрийн хайраар нүүр дүүрэн нулимстай хөшөөг нь илбэж харагдана.

Цогт хун тайжийн Хулан бүсгүйн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн тэртээ наян долоон онд ханийнхаа далан насны ойгоор энд иржээ. Төрсөн бууцнаас нь гуулин хусуур олсноо бэлгэшээж, голомт залгасан ганц хүү Галбадрахынхаа гэргийд “Манай голомтыг тэгш авч яваарай” хэмээн ерөөсөн нь чихнээ сонсдох шиг. Янчилын амны энэ бууцнаас хадаг дэвсэж байгаад хүүхдүүдийнхээ тоогоор жижиг цагаан чулуу түүсэн нь, тунгалаг Тамирын голоос мөн л хүүхдүүдийнхээ тоогоор чулуу авч байсан нь нүднээ үзэгдэх шиг.

Аймгийн төвөөс зүүн хойш ердөө есхөн километр яваад Сүхийн хоолой, түүнээс хэдхэн саахалтын цаана Ондилын цагаан дэрс салхинд ганхана. Тэгээд л Далангийн нурууны бэлд, уулнаас эх авсан хөндийн энгэр ээвэр газарт намаржаа бууц нь халуу дүүгих Янчилын ам буюу их зохиолчийн төрсөн бууц тосоод авдаг юм билээ. Монголын сонгодог зохиолчийн төрсөн бууцнаа, 100 жилийнх нь өндөр ойгоор, их утга зохиолын дархан цэц зохиолчидтой дөрөө харшуулан ирж, намрын нарлаг өдөр их Алтайгаа халиан яваа минь хувь заяа юм даа гэж эрхгүй бодогдож байв.

Чадраабал гуайнх Сүхийн хоолойгоос ардын хувьсгал ялсан тэрхүү он жилүүд буюу хорин нэгэн онд нүүсэн юм гэдэг. Үндсэндээ Лодойдамба гуайг дөрөвхөн настай байхад нь нүүжээ. Богдын хүрээг бараадан одоогийн Жанчивлангийн рашааны тийшээ ирж нутагласан тухай баримт сэлт байна. Чадраабал гуайг “Засагт ханы хөх харчууд хэцүү” гэх өнөө алдарт томьёоллын гол эзэн гэдгийг хошуу ноёнтойгоо сөргөөлцөөд нутгаасаа нүүсэн, алдарт Дамбийжааг явгалж явсан зэрэг олон ээдрээтэй түүх гэрчилнэ. “Манай аав залуу наснаасаа мал маллахын хамт, өртөө улааны алба залгуулж, жин тээж олон газар явж, юм үзсэн хүн байв. Ингэж явахдаа элдэв зүйлтэй тохиолдож янз бүрийн хүнтэй уулзаж учирч байжээ. Ухаантай хүнийг нэн их хүндэлдэг сэн. Лу жанжин гүн гэдэг хүний тухай сүслэн биширч ярихыг нь олонтаа сонссон. Одоо бодоход арванесдүгээр зууны яруу найрагч Лувсандондов байсан бололтой. Хэрэв аавыгаа мөнх юм шиг санаж мунхаглаж байгаагүйсэн бол энэ гайхамшигт яруу найрагчийн тухай нэлээд хэрэгтэй зүйл сонсох байж гэж харамсдаг юм. Манай аав боловсролгүй ч гэсэн их мэдлэгтэй хүн байсан. Аав минь өөрийгөө үргэлж голж “Надад өөдтэй явсан цаг байхгүй” гээд яриагаа эхэлнэ.

Зүүн гараас Лодойдамба зохиолчийн охин УГЗ Л.Насанбат, эрдэмтэн зохиолч Д.Урианхай, СГЗ яруу найрагч Х.Чилаажав, “Лодойдамба сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга СГЗ Б.Галаарид. Их зохиолчийн гэр музейд. Говь-Алтай аймаг.

Гучин таван оны өвөл багадаа үерхэж явсан Гунгаа гэж нөхрөө нутгаасаа ирэхэд тун баярлаж бага залуугийнхаа тухай баахан хуучиллаа. Тэдний ярианаас ширтэй хүнийг тавьсан, хоёр тэмээтэй бадарчинг явгалсан тухай яриа сэтгэлд үлдсэн байна. Аав арваад настай байхдаа урьд өдөр нь шахаж байж мөргөлдүүлээд орхисон сарлагийн хоёр бухаа үзэхээр явж байтал нэг хонхорт боогоод тавьчихсан эсгий шиг юм байж гэнэ. Ойртоод очтол ширлүүлчихсэн хүн хэвтэж байжээ. Тэгэхээр нь буцаж хариад хувцас, идэх уух юм авчирч өгөөд ширнээс нь салгажээ. Энэ тухайгаа “Түрүү засгийн үед хэнд ч яриагүй юм. Тэр хүн “Эр хүний замын хүзүү урт. Эргэж нэг уулзаж болно, дүү минь. Хүнд хэлж болдоггүй юм шүү гэж билээ” хэмээн ярьж байсан. Үүнийг сонсоод Гунгаа гуай “Дуламсүрэн тайж та нар, хоёр тэмээтийг яаж явгалсан гэлээ” гэхэд, тиймээ хө, эр хүнийг явгалсан нь эвгүй юм болсон шүү. Уг нь учраа хэлээд явсан бол яах вэ. Аль тэр зэргийн юм болохыг хэлэх вэ. Тэр Дамбийжаа сайн морийг минь шалж гуйж авчихаад жудаггүй нохой үнийг нь өгөлгүй босоод явчихсан юм. Залуугийн хар гай юм даа, зэвүү хүрээд Дуламсүрэнтэй хоёулаа сураг гарган хөөж очоод явгалж орхисон юм гэж гэмшингүй ярьж билээ. Бодвол Дамбийжааг явгалсандаа бус эр хүнийг явгалсандаа гэмшсэн байх. Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц аавыг сураглаж олж авчрахыг тушаадаг байсан гэдэг. Аав түүнийг ирснийг дуулаад хөтөлгөө морьтой зугтдаг байж. Энэ явдал нутаг орноо орхин гарах шалтгаан болсон юм билээ” гэж Лодойдамба гуайн охин дүү Цэндсүрэн өгүүлснийг үзлээ.

Мөн “Лодойн аав Засаг хантай таарахгүй заргалдаж нутгаасаа цагаачлан Богдын хүрээнд ирсэн юм гэнэ лээ” хэмээн Долгорсүрэн гуайн дурсамжийг санав. Тэгэхээр хошуу ноёнтойгоо заргалдаж эцэстээ байх суухын аргагүй болон Засаг ханы нутаг Тайшир хан, Тарлан хайрхнаасаа цагаачилж Луу гүний хошуунд ирж буй “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийн дүр Лодойдамба гуайн аавынх нь бодит дүр юм байна. Бадарч тахарт ширлүүлэн Тамирын усанд хэвтэж байхад нь баян Итгэлтийн Хонгор хүү таарч амийг нь авардаг Цахиур Төмөрийн явдалтай ч аав нь холбоотой ажээ. Үүнийг Лодойдамба гуайн өөрийнх нь үг ч нотолдог юм. Тухайлбал, “Хоёр зууны завсар болсон явдлыг би багаасаа сонссон. Түүнийг миний эцэг ярьж өгсөн. “Тунгалаг Тамир”-ын Төмөр, Эрдэнэ хоёрын явдал, мөн болж буй үйл явдлыг эцэг минь надад ярьж өгсөн” хэмээн жаран дөрвөн онд Мишигийн Цэдэндорждоо Лодой гуай хуучилж байжээ.

Нэрт зохиолчийг төрүүлсэн ижий нь Лувсангомбын Цэрэндэжид гэж Хэнтий аймгийн Биндэр сумын хуучнаар бол Цэцэнхан аймгийн хүн байжээ. Биндэрийн “Сэрүүн булаг”-ийнх нь гэж бодохоор буриад хүн байсан магад. “Ээж маань үйлэнд уран. Жигтэйхэн сайхан дуулна. Ялангуяа “Дөрвөн цаг” уртын дууг тун чиг аятайхан дуулна. Лимбэ муугүй үлээдэг байсан. Ээжийнх гэж бүдүүвтэр бор шаргал хулсан лимбэ, их ах Сэнгэдоржийнх гэж цайвар шарга өнгийн нарийн лимбэ байдаг сан. Ээж минь дэгжин сайхан хувцаслахын зэрэгцээ бүсгүй хүний хувцасны шинэ загвар хүртэл гаргаж “Хүрээний сайхан Дэжид” нэртэй явсан” хэмээн хожим хүү нь дурсчээ. Богд хааны их бага хоёр хатан Сэцэн ханаас тодорсон байдаг шиг “Засагт ханы хөх эр” болох Чадраабал Сэцэн ханаас эхнэр авч аугаа их Лодойдамба хорвоод мэндэлсэн түүх ийм буюу.

Дөчин гурван онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургуульд суралцаж ирээд Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны суртлын хэлтэст лектороор ажиллаж эхэлсэн байдаг. Төрийн ажлын зэрэгцээ Монголын Улсын их сургуульд болон намын сургуульд түүх, гүн ухааны хичээлийг зааж байсан. Манай сэхээтэн, төр нийгэм, урлаг соёлын бүхий л зүтгэлтнүүд “Лодой багш” гэж хүндэтгэн дээдэлдгийн учир энэ. Тэр тухайгаа дараагийн цувралд тодорхой өгүүлнэ. Харин эл удаа Долгорсүрэн гуай Лодойдамба гуай хоёрын хайр дурлалын тухай товч өгүүлэхийг хүссэн юм. “Сайхан хайр байдаг юм, олдвол алдаж болохгүй” гэж “Гэрээслэл” хайрын өгүүллэгтээ бичсэн нь Лодойдамба гуайн ханьдаа зориулсан үг юм. Итгэлт баян ардын жүжигчин Аюурзанын Очирбат гуай “Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Гэхдээ энэ хоёр бүх насаараа ханилсан нь гайхамшиг” гэж дуу алдсан удаатай. Тэр хоёрын хайрын түүх, учрал нь үнэндээ сонин сайхан.

“Дөчин гурван оны зун Ленин клубийн гадна талд сайхан бүжгийн тавцан зассанаар тэнд залуус бүжиглэдэг болов. Манай театрынхан үргэлж тоглолттой тул бүжигт очих завгүй. Хааяа зав зай гарвал бүжигт очих хүсэл төрнө. Нэг өдөр амралтаараа би Цагааны Цэгмид, Цэнд хоёрыг дагуулж Ленин клубийн бүжигт очсон чинь нөгөө Лодойдамба маань шар костюмтай, өндөр гэж жигтэйхэн ганган залуу харагдана. Тэр орой надтай туж бүжиглэж, гэрт минь хүргэж өгч билээ. Бид хоёр юу ч яриагүй. Гэвч сэтгэлдээ урьд сургуульд хамт сурч байсан хийгээд захиа өгөлцөн ичиж байснаа сайн санацгаасан нь мэдээж. Би түүнээс хойш Ленин клубийн бүжгэнд очих тун дуртай болов” гэж ханийнх нь гэгээн дурсамж хөвөрнө. Энэхүү нандин дурсамжийн учгийг тайлах дуртгалын хэлхээг сонирхуулахад, Долгорсүрэн гуай багадаа Хэнтий аймгийн сургуульд аавыгаа дагаж очин сурч байжээ. Ингээд гучин дөрвөн онд Улаанбаатар хотноо ирж, нийслэлийн үлгэр жишээ дунд сургууль буюу одоогийн нэгдүгээр сургуульд орсон байна. Тэнд нэгэн насных нь хань Лодойдамба нь сурч байв гэнэ.

“Манай сургуульд “гурвын нэг” гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан. Гурвын нэгийн эрэгтэй хүүхдүүд манай ангийн охидод захиа бичиж хожим том болоод “айл гэр болъё” гэж гэрээ байгуулдаг байв. Лодойдамба бусад хүүхдүүдийн адил “Хоёулаа сургуулиа төгсөж том болоод гэр бүл болъё, би чамд хайртай, гэрээ байгуулъя” гэж надад захидал бичээд манай ангийн Пэлжээгээр дамжуулж өгсөн юм. Тэгээд Лодойдамба захиа бичсэндээ ичээд миний нүүрийг харж чаддаггүй зугтаадаг боллоо. Би ч бас ичээд нүүрийг нь харж чадахгүй. Намайг хариу захиа бичиж амжаагүй байтал Лодойдамба сургуулиа онц дүнтэй төгсөөд Монгол рабфак гэж Улаан-Үүдэд байсан дунд сургуульд суралцахаар явчихсан” гэж гэрэлт хонгор насных нь дурдатгалд бий. Хүмүүний амьдрал хичнээн утга учиртайг эрхэм хоёр уран бүтээлчийн хайр дурлал, жам ёс гэрчлэх шиг болдог юм.

“Лодойдамба бид хоёр нэгэндээ их л ойр байсан болохоос биш, Ванган, Чимид хоёр шиг ч юм уу, Ц.Мөнх, Д.Мягмар хоёр шиг дотно сайхан үерхэж явсангүй. Би

Лодойдамбыг хотын Залуучуудын соёлын ордонд анх харсан юм. Тэр билльярд тоглох дуртай боловч яг тэр цагийн том билльярдчин түүнийг тоодоггүй байлаа.Сэрүүн хүйтэн орчихсон цагаар бор шар тэрлэгтэй, малгайгүй, чихээ үе үе барьчихсан Лодойдамба хүмүүсийг тойрон гүйгээд, шалан дээр унасан шааригийг нь түүж өгөөд л, тоглож буй хүмүүс түр амсхийвэл саваагий нь шүүрч билльярдын шааруудыг хатгачаад л бужигнуулж байсныг нь санаж байна. Нэг сонсох нь ээ, Лодойдамба Бөмбөгөр ногоон театрын гавьяат жүжигчин Долгорсүрэнтэй гэр бүл болох гэнэ. Аав Чадраабал гуай, хүүгээ тэр лусын дагина шиг сайхан бүсгүйтэй гэр бүл болгохгүй ээ. Миний салан задгай хүү, тэр гавьяат жүжигчнийг гутаана, гомдооно гээд тэр хоёрын дундуур зүтгэлж байна гэж дуулдах.

Гоо сайхан гэдэг урлаг судлалын энэ нэг салбар ухагдахуун ойлголтыг манайд оруулж ирж, хамгийн анх дурдан тайлбарласан хүн нь Лодойдамба байлаа. 1952-1953 онд хотын намын хорооны дэргэд Марксизм-Ленинизмын оройн их сургууль байгууллаа. Тэр их сургуулийг зохиолчдоос С.Дашдэндэв, Г.Жамсранжав бид гурав суралцаж төгссөн” гэж Монгол Улсын ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайн дурсамжид байдаг. Лодойдамба гуайтай ойр явж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцан, омог төгөлдөр амьдарч, асч бадарч явахыг нь яг дэргэдээс нь үзсэн хүмүүсийн нэгэн бол эдүгээ зуун насны босго дөхөж яваа буянт буурал Бөхийн Бааст гуай юм.

Тэрээр “Лодой нэг удаа “Чи миний ажил дээр хүрээд ирэхгүй юу” гэв.Би яваад очлоо. Мань хүн өнөөх л их цаасан уулынхаа цаана сууж байна. Ажлын ширээнийх нь өмнө том дугуй ширээ байна. Тэр ширээн дээр монгол, орос сонин сэтгүүл овоолоостой. Сурагчийн арван хоёр цаастай дэвтрийг дундуур нь нугалж ураад гонзгойдуу цаас болгосноо гаргаж ирээд урьд уншсан зохиолоо үргэлжлүүлэн шинээр бичсэн хэсгээ уншина. Яагаад шинээр гэж байгаа юм бэ гэвэл бичиж байгаа тэр зохиолоо, ажил дээр нь амсхийх жаахан цаг гарвал л үргэлжлүүлэн бичсэн байдаг.Тэрхүү шинэ хэсгээ уншиж өгч байгаа нь тэр. Би олон таван үг хэлдэггүй. Лодойдамба уншиж дуусахаар “За за болж байна. Бичээд бай л…” гэдэгсэн. Тэр үед Ч.Лодойдамба нэг л том зохиол бичээд байгаа нь ойлгогдож байснаас биш “Тунгалаг Тамир” гэдэг том роман бичиж байгаа нь мэдэгддэггүй байлаа” хэмээн наашаа ч үгүй цаашаа ч үгүй бодит үнэнийг өгүүлнэм буюу.

Лодойдамба гуайнхаа бахдам бүтээл, сайхан он цаг, сайхан ханийнх нь тухай төрсөн бууцанд нь ийнхүү бодмоглоод үд дунд хүртэл зохиолч нөхөд нь шуугилдлаа. Шүлэг найргийн дээжээсээ уншин гэрэлт хөшөөнөөс нь адислаж, их Алтайнхаа нар салхиар нэвчтэл үнсүүлээд Тайшир сум руу хөдөлсөөн.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (I)

Төрийн шагналт зохиолчид. Зүүн гараас Ч.Лхамсүрэн, Э.Оюун, Ч.Лодойдамба, Б.Ринчен, Ч.Чимид нар. 1950-иад оны дундуур

Монгол Улсын төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Их Лодойдамбынхаа тэгш ойд хүндэтгэл үзүүлэхээр Монголын утга зохиолын үе үеийн төлөөлөл, соёлын зүтгэлтнүүд төрсөн бууц өндөр Алтай, Хантайширынх нь нуруунд очлоо. Чадраабалын Лодойдамба зөвхөн бичгийн сод туурвилч байгаад зогсохгүй, үндэстний хэл соёлын дархлааг хадгалагч, монгол төрийн сайд, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, чухамхүү өөрийнх нь хэлсэнчлэн “Хугараагүй ноён нуруу” байжээ. Тиймдээ эл зохиолчийн өндөр ой Монголын утга зохиол, мэргэжлийн театр урлагийн нэгэн зуунаар хэмжигднэм буюу.

Тэрээр зууны манлай “Тунгалаг Тамир” романыг Монголын болон дэлхийн олон орны уншигчтай учран золгуулж, засагт ханы хөх харчуудаа дархалсан нэгэн юм. Цуут Хантайширын нурууны Янчилын аманд төрсөн хөвгүүн ард түмэндээ “роман” гэж ийм зүйл байдаг юм хэмээн “Алтайд”-ыг анхлан туурвиж, улмаар “Манай сургуулийнхан”, “Малгайтай чоно”, “Хугараагүй ноён нуруу”, “Шаргачин”, “Солонго” тэргүүт олон сонгомол бүтээлийг оюун бодлоосоо ундруулж, их утга зохиолын эрдэнийн сан хөмрөгийг баяжуулсан. Ингээд хүмүүний хорвоод тавин гуравхан жил наслаад буцсан их зохиолчийн халуун голомт Хантайширын нуруу, өндөр Алтайгаас нь сурвалжилсан “Суу билэгтний өлгий” цуврал тэмдэглэлээ хүргэе.
“Орлогч”, “Тэжээвэр”, “Хөх сайрын чулуу”, “Хөх тавилан” зэрэг зохиолуудаараа нэрд гарсан төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов, “Азын цэнхэр уул”, “Уулын намар”-ын эзэн соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв гээд ёстой л нөгөө “Алтайн хөх харчууд” нь цуглалаа. Лодой зохиолчийн борооны дусал шиг гурван охиных нь хоёр нь буюу урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбат, олон улсын сэтгүүлч Л.Насанбаяр нар хүрэлцэн очсон юм.
“Ентүм” буудлын өрөө зохиолчдоор дүүрч, намрын налгар цаг дор нарлаг өндөр Алтай Лодойдамбаараа амьсгалж байна уу даа гэж санагдахаар. Энд тэндгүй халуун дулаан яриа өрнөж, янжуурын цэнхэр утаа суунаглан хөл хөсөөн болном. Цаст Сутай, Дарвийн нуруу, Хар азаргын нуруу, Хантайширын нурууд нь жижигхээн өрөө тасалгаанд чихэлдэж байна уу гэмээр. Ийм л аваргуудын дуулиан шуугиан дунд хөрзөн чихсэн зуух шиг халуу дүүгэх Пүрэв баавайгаа бараадлаа. “Жаран долоон онд зохиолчдын дөрөвдүгээр их хурал эмнэлэг гэгээрлийн ордонд болсон. Тэр хурлын индэр дээрээс Лодой гуай үг хэлж байхыг би харсан” хэмээн тэрээр хагас зуун жилийн тэртээх дурсамжаа сөхөв. “Үг яриаг нь сонсоход бүлээн сүү ууж байгаа мэт таатай” гэж Дашбалбар найрагч Пүрэв баавайн тухай хэлсэн нь бий. Энэ удаад мань хүн Лодойдамба гуайгаар “бүлээн сүү” уулгасан нь энэ. “Жаран долоон он гэдэг чинь “Тунгалаг Тамир” гараад ирчихсэн, мань мэт нь шуургалаад уншчихсан үе. Ер нь Лодой гуай их эрт өндрөө авч мандсан хүн юм. Дөчөөд оны дундуур “Алтайд” романыг бичээд л мандчихсан. “Алтайд”-ыг Монголын анхны роман биш гэж үзэх хүмүүс байдаг. Тэр бол судлаачдын үзэл, бидэнд хамаагүй зүйл. Ямар ч байсан роман гээд л тэр хүн бичсэн. Миний хувьд Монголын анхны роман л гэж боддог. “Тунгалаг Тамир”-ын тухай мань мэт юу хэлэх вэ. Тэртэй тэргүй тамгатай зохиол.

Монгол Улс гүрэн оршин тогтнож байгаа цагт Лодойдамбын “Тунгалаг Тамир” яригдсаар байх болно” гэж ёстой нэг бардам хэлдэг байна шүү. “Лодойдамба, Түдэв, Цэдэндоржийг ярихгүйгээр биднийг яриад яах юм. Бид чинь уулын тэртээ бэлд хэвтэж байгаа жижигхэн толгод шүү дээ” гэж баавай хэлдэг.

Нэг хэсэг Алтайнхныг “Гурван том зохиолчтой, гучин жижиг зохиолчтой” гэж ярьдаг байв. Гурван том нь мэдээж Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж. Гучин жижиг гэдэгт нь өнөө Пүрэв, Норов, Лочин, Бажуудайн Ганбат, Тоомойн Очирхүү нь ордог байж. Харин сүүлийн үед “гучин том зохиолчтой, гурван зуугаад жижиг зохиолчтой” гэсэн яриа гарсан байна лээ. “Тэнгэрийн мөнгөн Алтай” номонд Говь-Алтайн 250 шахам зохиолчийн бүтээл шигшигдэж орсон гэж бодохоор аварга л дуулдаж байгаа юм. Энэ аваргуудын нэг хэсэг нь цаст цагаан Сутайгаа, нөгөө хэсэг нь Тайшир ханаа тойрч төрдөг гэж нутгийн луугарууд нь хэлдэг юм билээ. Пүрэв баавай бид хоёрыг Алтайгаа халиаж, Лодойдамба гуайгаа дурсан суухуйд Булган хангайн Чачиртын шар ширэнгэ, Уул-Алтаадын хүү Дамдинсүрэнгийн Урианхай найрагч “бэлчээр”-т маань нийллээ. “Та чинь Лодойдамба гуайтай уулзаж байсан даа” гэж сүрхий тулган асуухад, уулзаж ярилцан, дэргэд нь бараадаж очих хувь дутсан нөхөр шүү дээ. Харин бараа дүрийг нь бол харсаан гээд инээвхийлэв.

Нэрт зохиолч Ч.Лодойдамбын хоёр охин аавынхаа хөшөөний дэргэд. Говь-Алтай аймгийн Тайшир сум. 2017.09.15
“Жаран дөрвөн онд Москвагийн Улсын эдийн засгийн сургууль төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисст ажилд орлоо. Манай ажил Засгийн газрын ордонд. Нэг өдөр хоол идэхээр Засгийн газрын хоёр давхрын гуанзанд оров. Тэнд сайд дарга нарын тусгай ширээ байна. Манай ширээнийхэн Лодойдамба гуай сууж байна гэлцээд унав. Нээрээ хартал сайд нарын тусгай ширээнд Удвал гуайтай хамт сууж байсан. Удвал гуайг бол би ойроос харж, уулзаж байсан. Лодойдамба гуайг болохоор харж байгаагүй, амар мэнд мэдэж байгаагүй. Анх харсан сэтгэгдэл гэвэл сонин. Төрийн энэ том сайд, нэртэй ийм зохиолч байж яасан ч туранхай хүн бэ дээ гэж бодсон юм даг. “Солонго”, “Шаргачин” өгүүллэгүүдийг нь Москвад сурч байхдаа Оросын сэтгүүлээс уншиж л байлаа. Утга зохиолын гол амин сүнс нь дүр гэж үзэж байх тэр цагт “Тунгалаг Тамир” аргагүй л ширээний ном байлаа” хэмээн өгүүллээ.

Лодойдамба гуай нэгэн мянга есөн зуун арван долоон оны наймдугаар сарын 20-нд одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн хоолой гэдэг газар төрсөн хэмээн намтарт нь тодорхой бичээстэй байна. Яг төрсөн бууц нь Янчилын ам гэдэг газар. Их зохиолчийн хүй цөглөсөн бууцыг энэ нутгийн төрийн түшээ Вандангийн Алзахгүй, зохиолчийн дотны найз Дэгээхүүгийн Сүрьяа гуайг сэрүүн тунгалаг байхад нь заалгаж аваад дурсгалын пайз анх хатгасан түүхтэй. Тэр тухайгаа ийн өгүүлж байна. “Төрсөн гэрийн буурийг нь маш үндэслэлтэй тогтоосон юм. Лодой гуай аймагт ирэхдээ өөрийн найз Дэгээхүүгийн Сүрьяа гэж урт цагаан сахалтай домог шиг өвгөнийд ирдэг байсныг хүмүүс дурсдаг. Би Сүрьяа гуайд “Таны амьдарч байсан байшингийн ханан дээр “Сүрьяа зохиолч энд амьдарч байсан” гэж пайз хатгаж үлдээнэ” хэмээн хэлсэн юм. Түүнээс улбаалаад Лодойдамба гуайн төрсөн буурийн тухай яригдсан. Лодойдамба зохиолч өөрөө Сүрьяа гуайд төрсөн гэрийн бууриа зааж өгч байсан юм билээ. “Энд манайх байсан. Ээжийн аарц шахдаг гурван чулуу байх ёстой” гээд гурван чулуугаа дүрээр нь олсныг өвгөн хэлдэг. Сүүлд бид очихдоо ч өнөө гурван чулууг нь олсон. Тэгээд “Энд Лодойдамба зохиолч төрсөн” гэсэн дурсгалын хаяг тавьсан. Сүрьяа гуай түүх ч мэднэ, ёс төр ч сайн мэдэхийн хувьд “Хүний оршуулгын газар байгаа юм шиг тийм зүйл хийхгүй шүү” гэж хатуу сануулж байлаа” гэв.

Тэднийх ихэвчлэн Сүхийн хоолойгоор нутагладаг байжээ. Чадраабал гуай сайхан барилддаг, том биетэй, нутаг хошуундаа бичиг ном сайтай лут хүн байсан гэнэ. Лодойдамба гуайн өвөө болох Цогт гэдэг хүн нь Засагт хантай их ойр шадар байсныг түүх гэрчилж байна. Аль үеийн Засаг хантай нь юм бэ дээ, бүр худ ургийн барилдлагатай байсан аж. Тодруулбал, Цогт гэж хүнийхээс Засагт хан хатан залж байсан түүхтэй гэдэг. Бичгийн эрдэмд гаргуун байсных нь илэрхийлэл Чадраабал гуайн заргын бичиг үйлддэг байснаар нь хэмжигдэнэ. Засагт ханы манжтай заргалдсан ихэнх заргын бичгийг Чадраабал гуай бичсэн байна. Тэгэхээр аугаа их зохиолч Лодойдамба үе дамжсан бичгийн хүмүүн гэдэг нь тодорхой болж байгаа юм. “Эмээ маань аавыг арван настай байхад нь бурхан болсон учир өвөө дөрвөн өнчин хүүхэдтэй үлджээ. Өвөө хал нь гаднаа, хайр нь дотроо ухаантай хүн байсан шиг байгаа юм. Тухайн үедээ эрдэм номтой, манж түвд хэлтэй, боловсрол сайтай хүн байж. Эртний түүх, яруу найраг, үлгэр сайн мэддэг, гэртээ хүн урьж үлгэр уншуулдаг зэрэг нь аавыг зохиол бичихэд их нөлөөлсөн” гэж Лодойдамба гуайн голомтыг нь залгаж төрсөн ганц хүү Монголын нэртэй дипломатч Галбадрах нэгэнтээ өгүүлсэн нь бий.
Зууны манлай роман “Тунгалаг Тамир”-аа Лодойдамба гуай “Ачит эцгийнхээ дурсгалд зориулав” хэмээн тэргүүн дэвтрийнхээ нүүрэнд титэмлэсэн нь ийм учиртай ажгуу. Урт цагаан сахалтай өвгөний зураг хадаатай байдаг нь төрийн хошой шагналт зохиолчийн ачит эцэг нь ажээ. Анхны зохиол нь “Малгайтай чоно”. Гуч нэлээд гарсан хойноо бичжээ. Аавдаа тохиолдсон явдлаас санаа авч бичсэнээ дурссан байдаг. Бодох нь ээ, аавынх нь ярьсан зүйл зохиол болчихсон хэрэг даяар “эргэлтэнд” оруулж өгсөн хүн. Лодойдамба гуайн аав Чадраабал өөрөө “Засагт ханы хөх харчуул”-ын нэг бөгөөд нутгийнхныхаа үүх түүхийг гаргуун мэддэг хүн байсан гэдэг. “Хэцүү” гэдэг үгийг өнөө цагт яхир зуумхай, санаа гашуун, суусан газраасаа шороо атгадаг, нэгэнт атгасан бол атгаснаа тавьдаггүй, ашигч сэргэлэн ч байж болох хүмүүст ихэвчлэн тодотгон хэрэглэдэг. Харин Засагт ханы хөх харчуулын тухайд бол энэ “Хэцүү” нь огт өөр ойлголт юм. Уужуу алсын хараатай, хэрсүү чанга бодол санаатай атлаа хар муу санаа бодолгүйдээ гэнэхэн ч юм шиг, халширч шантрахыг мэдэхгүй эрэмгий оргилуун атлаа дөлгөөхөн, зоримог овсгоо самбаатай, шургуу хөдөлмөрч атлаа ашигч завшаанч биш, хамгийн гол нь хүнлэг голч нуруутай, холч бодолтой хүмүүс байж. Дарга, ихэс, баян цатгалан гэж далдаганахгүй, доодос гэж дооршаахгүй, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй ил шулуухан хэлчихдэг, зовж шаналахдаа тулбал хэн нэгэнд ялархахаас илүүгээр чимээгүй тэсдэг, гавьяа байгуулбаас баатарлаж, цээж ханхалзах нь бага тийм л хүмүүс. Яг л “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ лугаа адил” гэж Алтайн хүү, эдүгээ цагийн өнгөнд яваа нэртэй зохиолч Баасангийн Номинчимэд бичсэнийг энд шигтгээ болгон орууллаа. Лодой зохиолч тавин дөрвөн онд “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” туужаараа төрийн шагнал хүртсэн. Түүндээ урамшиж, тэр жилээ алдарт “Тунгалаг Тамир”-аа эхэлсэн түүхтэй. Хоёр боть энэхүү романыг 13 жил бичиж жаран долоон онд тавин насныхаа даваан дээр дуусгажээ. Түүнээс гуравхан жилийн дараа буюу цэл залуухан насандаа Лодойдамба гуай бурхны оронд явсан. Монголын төр алдарт “Тунгалаг Тамир”-т нь төрийн хошой шагналыг нэхэж олгосныг бид мэднэ.
“Аавгүй өсөх хэцүү л дээ. Эр хүний хайр хүсдэг юм шүү” гэж аравхан насандаа ааваасаа өнчирч хоцорсон хүний ганц хүү Галбадрах хэлдэг. Түүний бас нэгэн дурсамжийг энд сөхье. “Аав улсын наадмын хурдан морины комисст олон жил ажилласан юм. “Тэтгэвэрт гарахаараа морь уяна гэдэг байж билээ. Наадам дөхөхөөр би ааваас салахгүй. Аавтайгаа, морины комиссынхонтой хамт явахад тэд сонин сайхан зүйл их ярьдаг сан. Хурдан морины тухай түүх, домог ярина. Сонсоод л баймаар, одоо ч санаанаас гарахгүй” гэж уярам өгүүлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *