Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургуулийн цагдаа буянтай ажил

Нэг өдөр хүүгийн сурдаг сургуулиас залгаж байна. Сургуулийн нийгмийн ажилтан “Маргааш сургуулийн цагдаагаар ажиллана шүү” гэв. Хантааз өмсөөд зохицуулагчийн дохиур мод бариад зогсоно гэхээр санаа зовмоор ч юм шиг, ажлын хажуугаар юу ч билээ гэж бодогдох шиг. Одоо яая гэхэв. Мэдээж татгалзах эрхгүй.

School police гэж эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн эргэн тойронд эргүүлээр ажиллахыг хэлээд байгаа юм. Ингээд маргааш ч боллоо, хичээл эхлэхээс өмнө эртээ гэгч нь сургууль руу очлоо. Сургуулийн жижүүрийн өмнө том хар дэвтэр байна. Цагдаагаар ажиллах эцэг, эхчүүд тэр өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлдөг аж. Хэдэн цагт ирсэн, хэдэн цагт буусан, ямар зөрчил гарсан, анхаарах зүйл юу байгаа талаар бичиж. Дэвтэрт бас тухайн өдрийн эцэг, эх хэрхэн ажиллах журам байна. Бидний эргүүл хийх сургуулийн орчин тойрны газрын зургийг мөн гаргажээ. Энэ өдөр надаас гадна хоёр залуу сургуулийн цагдаагаар ажиллахаар ирж. Бид үдээс өмнө ажиллана. Нэг нь дунд насны эр, нөгөөх нь хорь хүрээгүй болов уу гэмээр залуу. Дүү нь энэ сургуульд сурдаг гэнэ. Аав, ээж нь ажилтай болохоор ахыг нь явуулж. Ингээд бид гурав орчин тойрныхоо газрыг хуваарилж аваад жижүүртээ гарлаа. Сургуулийн цагдаа гэсэн бичигтэй тод өнгөтэй хантааз өмсөөд гартаа дохиур бариад ажилдаа шуудрах нь тэр. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Сургуулийн нийгмийн ажилтан “Та нар үнэгүй аньсны шүүс, аарц ууж болно шүү. Цайны газрынханд хэлэхэд л болно. Даарвал сургууль дотор орж ирээд дулаацаарай” гэлээ. Мөн “Ахлах ангийнхан хичээл хоцроод эсвэл таслахаараа хэд гурваараа нийлж энд тэнд орц юм уу буланд элдэв юм сэдэх гээд байдаг тал бий. Тамхи татаж байх вий. Багацуул нь гайгүй. Зам хөндлөн гарахад нь л анхаарч байхгүй бол машины урдуур гүйх гээд байдаг” гэж байна. Хичээлийн цагийн үеэр ер нь нам гүмхэн. 11 цагийн үед бага ангийн хүүхдүүд тарлаа. Заавал эцэг, эх нь ирж автал сургуулийн үүдний танхимд байх ёстой атал нөгөө хэд ер зүгээр байхгүй. Гарч гүйгээд, энд тэнд авирчихсан явах жишээтэй. Зургаан настай жаахан хүү зам гарах гээд гүйнэ. Хойноос нь хөөцөлдөж байж сургууль руу оруулав. Хамгийн анхаарах зүйл бол хүүхдүүд хичээлдээ ирэх, явах үе. Өглөөний ээлжинд ихэнх нь ахлах, дунд анги хичээллэдэг учраас арай л дээр. Гэхдээ л зам гарахдаа чихэвч зүүчихсэн ямар нэг хөгжим сонсч байгаа бололтой, утсаараа оролдоод зам хөндлөн гарах юм. “Хөөе” гэж дуудаад сонсохгүй байгаа хүн машины чимээ яаж сонсохов. Энэ сургуулийн баруун, зүүн талд машин замтай. Эцэг, эхчүүд хүүхдээ замын хажууд буулгаад л явчихдаг юм байна. Хүүхдээ эсэн мэнд хүргээд өглөө гээд яваад өгчихдөг бололтой. Угтаа сургуулийн хашаанд, сургууль руу нь оруулж өгөх хэрэгтэй юм билээ. Хичээл орох, тарах үеэр сургуулийн эргэн тойронд машинаас их юмгүй болох аж. Эхэнд ирсэн хүмүүс машинаа тавиад хүүхдээ сургуульд нь оруулж өгөх гээд явчихна. Дараагийн хүмүүс машины зогсоолгүй үлдсэн учраас хүүхдээ замын хажууд буулгаад явчихна. Үнэн хэрэгтээ тэрхэн богино хугацаа л хамгийн эрсдэлтэй байдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Бид гарцны хоёр талд зогсч, зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, машинуудад анхааруулж зогсох зуур яг гарцан дээр нэг эмэгтэй зогсоод хүүхдээ буулгалаа. Сургуулийн хажуугийн туслах замд гэрлэн дохио байхгүй, гарцны хажууд хурд сааруулагчтай. Өнөөх эмэгтэй өндөр машинтай учраас машины эгц ард яваа жаахан хүүхдийг харалгүй ухрах нь тэр. Тэвдэхдээ машиныг гараа атгаж байгаад цохиод авлаа. Нөгөө эмэгтэй ч зогслоо, цонхоо онгойлгон ууртай гэгч нь харах зуур амандаа хараал урсгаж байна. Би ч тэсэлгүй “Болгоомжтой яваач ээ, ард чинь хүүхэд” гэж хэлж амжив. Түүнийг бухимдан явсны дараа машины ард явсан хүүхдэд ч тэр, жолоо барьж явсан эмэгтэйд ч тэр тус болсондоо сэтгэл хангалуун үлдлээ. Өнөөдөр энд ирж сургуулийн цагдаа болсондоо анх удаа маш их баярлав. Хэрэв би энд зогсч байгаагүй бол юу ч болох байсан юм. Сургууль руу ирж байхдаа тээршаах маягтай байснаасаа ичих ч шиг. Өглөө гарахдаа дохиур барьж, хантааз өмсөөд зогсохоосоо ичиж байсан маань өөр болж хувирлаа. Ингээд зогсч байтал нэг машин ирж бас л замын голд хүүхэд буулгаад явчихлаа. Хартал найзын маань хүүхэд өдрийн ээлжинд хичээлдээ ирж байгаа нь тэр аж. Охин нь машинаас буугаад гар утсаа шагайсаар алхах зуур нь би гараас нь бариад авлаа. “Сайн уу, чи яагаад зам гарч байж утсаа хараад явдаг юм. Замаар анхааралтай гарч бай” гэж зэмлэлээ. Өөдөөс нүдээ том болгож ирээд нэг харснаа Сайн уу, эгч ээ” гэж байна. “Дахиж гарцаар гарахдаа утас шагайж, анхааралгүй байж болохгүй шүү” гэлээ.

Эсрэг талын гарцны хажууханд хэсэгхэн газар мөсөн дээр хоёр ч дараалаад хүүхэд халтираад уначихлаа. Ер нь тэр талд гарч зогсъё, машин зам дээр хүүхэд халтираад уначихвал аюул болж мэднэ гэж бодон очиж зогслоо. Хүүхдүүдийг халтирч унахаас сэргийлж анхааруулсаар зам гаргав. Ингээд ээлж солигдох цаг болов. Дараагийн ээлжийн эцэг, эхчүүдэд анхаарах ёстой зүйсийг хэлж, мөн тэмдэглэлээ хөтөлчихөөд ажил ч өндөрлөлөө. Сэтгэл өег гэж жигтэйхэн. “Хонины ээлж” жилд нэг л удаа таарах учраас цааргалах хэрэггүй юм билээ. Ядаж л хүүхдээ ямар эрсдэл дундуур явааг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол энэ үүрэг нэг өдөр ирэх л болно. Ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр заавал очоорой. Учир нь хүн нүдээр харж байж л итгэхээс нааш тэрхүү эрсдэл, осол аюул, дээрэм, хүчирхийлэл ердөө таны хүүхдээ буулгасан замын хажууд хэдхэн секунд, хэдхэн минутын цаана л байдаг юм шүү. Танд сургуулийн цагдаагаар ажиллах ээлж ирвэл ажлаас тань цалинтай чөлөө өгөх ёстой. Чөлөө өгөхгүй бол байгууллага чинь хариуцлага хүлээх учиртай. Харин өөрөө татгалзвал торгуулийн арга хэмжээ авна. Үүнийг санаачилсан хүмүүст талархууштай. School police буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах сургуулийн цагдаа гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гурван зуун мянга гаруй эцэг, эх үүрэг гүйцэтгэжээ. Энэ арга хэмжээ эхэлснээс хойш сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 25 гаруй хувиар буурчээ.

Жилдээ ганцхан удаа үүргээ биелүүлэхээс бүү татгалзаарай, эцэг, эхчүүд ээ. Хариуцлагатай боловч буянтай, сайхан ажил. Хүүхдийн төлөө нэг өдөр цаг зав гаргасан сайн үйлсийн тань үр заавал танд болон таны хүүхдэд ирнэ гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *