Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөхөөр судлаж байна

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00, ажил дуусах цагийг 17:00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08:00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байна гэдгийг Замын цагдаагийн газраас хэлж байсан юм. Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг хэмээн үзсэн юм. Тиймээс Засгийн газраас нийслэл дэх сургууль, цэцэрлэгийг эхлэх болон тарах цагийг өөрчлөх эрхийг нийслэлийн Засаг даргад даалгасан билээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон юм. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байгаа аж. Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа авто замын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *