Сүүлийн үеийн УИХ-ын шинэ гишүүдийн дунд сенсаци тарьж байгаа нь С.Жавхлан. Төрийн түшээ болж тангараг өргөх үедээ морь унан ирж олны анхаарлыг татлаа. Гэтэл гадныхан манайхныг хамгийн их дооглодог зүйл нь та нар ажил, сургуульдаа мориор явдаг уу гэх гайхашрал. Монголын талаар төдийлөн сайн ойлголтгүй гадаад хүн манайд ирэхдээ “Намайг онгоцоор нисээд очихоор та нар морьтой тосох уу” гэж асуудаг. Гурван жилийн өмнө Японоос ирэх жуулчин яг ингэж асууж байсныг тод санаж байна. Тэрээр Монголд очоод хаашаа л бол хаашаа морь унаж явна гээд ойлгочихсон байв.Тухайн үед намайг, Монголыг дооглоод байгаа мэт санагдаж билээ. Гэтэл гадныхны хувьд тэр нь тавлаж буй хэрэг огтоос биш юм. Яг л тийм орчин угтаж авна гэж бодсондоо чин үнэнээсээ ингэж асуудаг. Монголчуудыг арвангуравдугаар зууны үеэрээ байгаа, иргэншээгүй нүүдэлчид гэж төсөөлөх нь бий.
Дээрээс нь зориудаар Монгол Улсыг доош нь хийх далд бодлого ч байдаг байх. Гадныхны энэ үзлийг батлах гэсэн мэт УИХ-д сонгогдсон эрхэм түшээ морьтойгоо төрийн ордонд ирлээ. Үндсэрхэг, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэдэг гэхээсээ илүүтэй гадныхны монголчуудыг доош нь хийдэг үзлийг батлах гэсэн мэт харагдаж байлаа. Эрхэм гишүүн өөрийгөө үндсэрхэг үзэл, ёс заншилдаа үнэнч гэж бодож байгаа байх л даа. Гэвч үнэн хэрэг дээрээ дээр өгүүлсэн шиг харагдаж байсныг нуугаад яахав.
Тэгвэл Монгол гэж ямар улс орон бэ. Бид орчин үеийн, дэлхийн жишгээр хөгжиж буй улс. Монголчуудад гаж буруу зан заншил, зуршил байхгүй. Дэлхийн хүн төрөлхтөн юу хийж, хэрхэн аж төрж байгаа билээ. Бид тэдэнтэй л ижил. Дэлхий юуг жигшин зэвүүцэж, юугаар бахдан хөөрч байна, бид ч гэсэн ялгаагүй л байдаг. Түүнээс биш дэлхийн чихийг сортхийлгэсэн элдэв буруу асуудал манайханд байхгүй. Харин бидний нүүдэлчин, морио унадаг гэдэг бол үнэн. Гэхдээ Улаанбаатар хотод морь унаж ажил, сургуульдаа явж байгаа хүн байхгүй. Ахуйн хэрэглээндээ морь мал ашиглах явдал 1950-иад оноор дууссан байх. Ганц нэг морин тэргээр ачаа зөөж, айл нүүлгэдэг байсан бол “Портер” болон амьжиргаа цагаан зэрэг машин орж ирснээс хойш ор мөргүй алга болсон. Одоо бид дэлхийн хүн төрөлхтний хөгжлөөс юугаараа ч дутаагүй. Яахав, шинэ технологи хөгжин гарч ирлээ гэхэд бид хэдхэн сарын дараа л эх орондоо оруулаад ирдэг. Ийм л эрин зуунд монголчууд амьдарч байгаа. Цаашлаад мэдээллийн ямар ч шинэ технологиос хоцорсонгүй. Энэ жишгийг дагаад сошиал ертөнцийг маш сайн ашиглаж байна. Янз бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Твиттер ертөнцөд дуу хоолойгоо хүргэж хувийн бодлоо илэрхийлдэг хүмүүсийг жиргээч гэдэг. Тэдэн дундаас Бат инженер гэж жиргээч “Жавхлан дээлээ тайлаад ном унш. Портууны орлогч стилээр төрд хол явахгүй. Явуулж байгаа юм биш. Улсын эрх ашиг, сөрөг хүчинд нэмэр бол” гэж бичсэн байна лээ.
Энэ үг их үнэн санагдаж байлаа. Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй. Заавал адуу мал гэхийнхээ оронд ардчиллыг улам бүр хөгжүүл, ардчилалд тус бол. Манай эх оронд ардчилал байгаа учраас тэрээр ард түмний дундаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол Монголыг хөгжүүлж байна гэсэн үг. Түүнээс биш элдвийн илүү дутуу зүйлд сатаарах хэрэггүй. Хэн ч сонгогдож болдог иргэний сайхан нийгэм байгуулахад хүчээ зориулах ёстой.
Өнгөн талын хэлбэр хөөсөн зүйл одоо нэг их хэрэг болохгүй. Тэгвэл сайхан харагдана, ингэвэл муухай харагдана, намаа ингэж ч эвгүй харагдууллаа гэж ярих хүмүүс байх юм. Энэ бол угтаа үндсээрээ буруу зүйл шүү дээ. Харагдах байдал, утга учир нь зөв байх ёстой байдаг. Харин С.Жавхлангийн хувьд төрд үгээ зөв хүргэж чадвал монголчуудын жинхэнэ дуу хоолой болох боломжтой. Түүний хэлж, ярьж буйг нь анзаараад байхад эр хүнд байх ёстой тулхтай чанар, уужуу бодол харагддаг. Одоо харин өөрт буй чадвараа ашиглаад ардчиллыг хөгжүүлэхэд тус нэмэр болоорой. Ардчилал зөв утгаараа хөгжиж байж Монголын ард түмэн сайхан амьдарч чадна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байна гэсэн үг. Хэрэв жинхэнэ утгаар нь хөгжүүлэхгүй, ардчилсан нийгмийг цогцлоож чадахгүйгээр нэг хүний атганд орчих юм бол бусдын идэш болоход тун ойрхон болно. Тиймээс эх орныхоо төлөө цохилох зүрхтэй С.Жавхлан нарын төрийн түшээд зөв зүйлийг, зөв хөгжлийг утга учраа болгомоор байгаа юм. Түүнээс биш дүр эсгэсэн нүсэр жүжиглэлт хэрэггүй. Морь унаж дээл өмссөнөөр монгол хүн гэх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Үүгээр үндсэрхэг үзлийг чөдөрлөх учиргүй. Өчигдөрхөн гэхэд л олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Наадмаар голын эрэг дээр амарчихаад буцахдаа хогоо түүгээд аваад явах нь жинхэнэ үндсэрхэг үзэл шүү” гэсэн мессэж хүчээ авсан. Үүнтэй санал нийлэх хэрэгтэй. Хий хоосон дүр эсгэж жүжиглэлтээ хэтрүүлээд байх юм бол УИХ-д шүлснээс өөр зүйлгүй популист л нэмэгдэнэ. Ард түмнээс хамгийн их санал авч сонгогдсон С.Жавхлан ийм байх хэрэггүй юм. Зогсоо зайгүй жүжиглээд, ард түмнээр өрөвдүүлэх гээд, гоё харагдах гэж худлаа дүр эсгээд байвал ард түмэнд туслах биш харин ч хорлосон болно шүү. Тэрнээс гадна элдвийн шуугиантай жүжиг Монгол Улсыг гол асуудлаас нь хөндийрүүлээд байдаг муу талтай. С.Жавхлангийн морийг муулж, ташуурыг нь шүүмжилсээр байтал цаагуур нь Монгол Улсад хорлонтой аливаа үйл явдлыг өрнүүлэхэд маш их дэм тус болдог. Ийм учраас бидэнд популистууд хэрэггүй гэж үздэг юм. Популистууд өнгөн талын шуугианыг дэвэргэдэг учраас монголчууд тэднийг үл тоож хэнд ч хэрэггүй гэж үздэг.Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэх үгийг санаж элдэв зүйлд туйлшралгүй ард түмнийхээ элч болон ажиллаарай.