Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон залуугийн цогцос Хөвсгөл нуураас олджээ

“Машинаа гараашдаа тавьчихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны … тоотод оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараашдаа хийнэ гэж гараад сураггүй болжээ.

Түүнийг алга болсноос зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт автомашиныг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.
Улмаар сураггүй болсон иргэн Л-ийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Харин өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *