Categories
мэдээ нийгэм

Сурагчид “тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн”, “халтаруудаас салъя” гэх мэт цахим гадуурхах хөдөлгөөнийг өрнүүлдэг болжээ

Цахим гадуурхал гэгдэх шинэ төрлийн гэмт хэрэг сурагчдын дунд “давалгаалж” байна. Сүүлийн дөрвөн жилд 92 хүүхэд амиа хорложээ. Харин 2016 он гарсаар 40 хүүхэд амиа хорлосон гэсэн аймшигт дүн мэдээ байна. Энэ талаар цагдаагийн газраас судалгаа хийж юунаас болж амиа хорлоод байгаа шалтгааныг нь тогтоожээ.

2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Сурагчид цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсэн, зураг тавьсан, өөр ангийн хүүхдүүдтэй хамт авахуулсан зургаа оруулсан, ангийнхаа болон ойр дотнын найзуудын хэн нэгнийхээ дургүй хүнтэй хамт холбогдож харилцаа үүсгэсэн бол шууд найзаасаа хасах давалгаа үүсгэдэг болжээ.

Баянзүрх дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэх хүүг ангийнх нь хэсэг хөвгүүд “охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгаа хийсэн байна. Энэхүү “аяныг” ангийнх нь бүх хүүхэд дэмжиж, бусадтай хуваалцах буюу шэйр хийжээ. Мөн сургуулийн групп хаягт тавьчихсан гэнэ. Тэгснээр Б гэх хүүг муу муухай үг болгоноор дайрч, доромжилж, “Охин шиг банди” гэсэн нэр өгч зургийг нь эмэгтэй хүний зурган дээр хийж тараасан байна. Найзууд нь түүнтэй огт харилцахаа больжээ. Энэ талаараа Б ар гэрийнхэн болон багшдаа огт мэдэгдээгүй аж. Ингээд хэд хоног хичээлдээ явалгүй байж байгаад гэрийнхээ гадаа амиа хорложээ. Талийгаач “Энэ хорвоо дээр намайг гэх хүн байхгүй” гэсэн утга бүхий гэрээслэл бичээд амиа хорлосон байна.

Ингээд энэ талаар ял шийтгэл байдаг талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад: Тухайн хүүхэд юунаас болж амиа хорлох болов гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож, тухайн хүүхдийг хэл амаар доромжилж, цахим хаягаар нь ор үндэсгүй гүтгэсэн зүйл гарвал бусдыг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгаж Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгадаг” хэмээн манай сэтгүүлчид хариулсан байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын долдугаар нүүрээс “Цахим гадуурхал гэгдэх шинэ төрлийн гэмт хэрэг сурагчдын дунд “давалгаалж” байна” хэмээх сурвалжлагыг уншаарай.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *