Categories
мэдээ нийгэм

Сурагчдын хичээлийн хоцрогдол арилгахад багшид дэмжлэг үзүүлэх зөвлөмжүүдийг цахимд байршууллаа DNN.mn

Боловсролын ерөнхий газраас боловсруулсан сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмжийг medle.mn сайтын багшид зориулсан цэсэнд байршууллаа.

Зөвлөмжийг 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /хуучин нэршлээр/-ээс зохион байгуулсан “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах-Хосолсон сургалтын арга зүй” зөвлөн туслах, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн улиралд судлах, оношлох болон сургуульд суурилсан үнэлгээгээр хоцрогдол ихтэй гэж оношлогдсон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын хүрээнд нэгж болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаагаар дамжуулан багшид дэмжлэг үзүүлэхэд энэхүү зөвлөмж чиглэж байгаа юм.

ЗӨВЛӨМЖ НЬ:

  • Оношлох болон сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, анализ
  • Нэгж хичээлийн арга зүйн жишиг төлөвлөлт, ээлжит хичээлийн арга зүйн санаа
  • Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад багшид өгөх зөвлөмж гэсэн үндсэн бүтэцтэй.

medle.mn сайтад ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нар өөрийн нэвтрэх эрхээр хандан зөвлөмжийг татан авч хэрэглэх боломжтой.

Тус сайтаар дамжуулан сургууль, орон нутгийн түвшинд зөвлөмжийн хэрэглээ ямар байгаа талаар статистик мэдээллийг нэгтгэх, асуулга судалгаа авах, түүнд үндэслэн арга зүйн дэмжлэгийн цаашдын чиглэлийг тодорхойлохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *