2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 20 Ерөнхий боловсролын сургуульд “Хүний эрхийн төлөө залуучууд” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХЭҮК-ийн сургалтын танхимд “Хүний эрхийн боловсрол – ЕБС-д” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх, сургалтын төлөвлөгөө, заах арга зүйн талаар хэлэлцэн, хүүхэд, залуучууд эрх, эрх чөлөөний талаар сурч мэдэх, эрхээ хамгаалах, бусаддаа туслахад чиглэсэн санаачлага, үйл ажиллагааг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах тухай хэлэлцэж, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээв.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн зэрэгцээ “Хүний эрхийн төлөө залуучууд” оюутнуудын бүлгийг байгуулж, хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах аж. Оюутнуудын бүлэгт одоогийн байдлаар МУИС-ийн ХЗС, ШУТИС-ийн НТС, МУБИС-ийн ТНУС, Улаанбаатар Их сургууль, Газарчин дээд сургуульд суралцдаг 60 гаруй оюутан залуучууд нэгдэж, клуб байгуулжээ. “Хүний эрхийн төлөө залуучууд” залуучуудын бүлэг нь 2014 оны 8 дугаар сарын 30-ний өдөр энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн уулзалтыг зохион байгуулах бөгөөд 9 дүгээр сарын 06-ний өдөр Клубын албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах ажээ.
ХЭҮК нь АНУ төвтэй “FourD Group” болон “Хүний эрхийн төлөө залуучууд” байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны 8 дугаар сард байгуулан, Монгол Улсын хүүхэд, залуучуудад хүний эрхийн боловсрол олгох талаар хамтран ажиллаж байгаа юм байна.