Монголын ард түмэн эрт дээр үеэс төрт ёсны их баяр монгол наадмаа хүндэтгэн дээдэлж ирсэн. Түүний нэгэн илэрхийлэл нь үндэсний их баяр наадамд түрүү үзүүр булаасан, шинээр цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх явдал юм. Гуравхан мянган хүн амтай алслагдсан аймгийн захын нэг сумыг Монгол Улсад цуурайтуулж, зурагт радио хэвлэл мэдээллээр зарлуулах тохиолдол ганцхан үндэсний бөхөд байдаг гэхэд хэтийдсэн болохгүй байх. Улсын наадамд шөвгөрч начин, заан цол авч буй нөхөр тэр аймгийн, тэр сумынх гэж дуудуулна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт хүртэл нутаг орноо цоллуулж даян дэлхийгээр мандуулна. Төрийнхөө наадамд түрүүлж үзүүрлэсэн бөх бол бүр чиг бахтай. Үүнийх нь хариу болгож, бүр тодруулбал сум орныхоо нэрийг улсдаа мандууллаа хэмээн сумдын засаг ноёд хамаг байдгаа тавьж туудаг. Наадмын дараагаас намрын сүүлч сарыг дуустал дахиад найр наадам үргэлжилж, цол хүртсэн хийгээд өндөр амжилт үзүүлсэн хүчит бөхчүүддээ бандгар бандгар жийпийг ээлж дараалан өгч баярхацгаах нь энүүхэнд. Гэхдээ сумынхаа конторт дуудаад даруухан өгчинө гэж ёстой гонж доо.
Заавал ч үгүй наадам хийж бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулах нь жам. Элдэв дээдийн ихэрхэл ноёрхол, хийрхэлтэйгээ байж гэмээнэ сая нэг засаг дарга нарын санаа нь амарч, сумынхаа нэрийг гаргасан залууд олны өмнө шагшаан шуугиан болгон бэлэг сэлтээ гардуулна. Төрт ёсныхоо наадамд амжилт гаргасан нэгэнд нутаг ус, ард түмэн нь хүндэтгэл үзүүлэлгүй л яахав. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байна аа. “Хүний энэ хорвоод ууж идэх, уйлж дуулах, гомдож баярлах чинь өөрийн гэсэн хэмжээ хязгаартай юм шүү” гэж хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хэлдэг. Түүн лүгээ адил хөөрч дэврэх, онгирч омойтоход хүртэл хэмжээ хязгаар байх нь гарцаагүй.
Нэг муу “усан” начин төрөхөд хөл алдаж сүйд болж байгаа дарга нарыг харахаас өрөвдмөөр. Хэн нэгэн “Арга ч үгүй биз дээ, монгол төрийн наадмаа цаашлаад үндэсний өв соёл, ёс уламжлалаа хүндэтгэн дээдэлж байна. Түүнээс байдаг л нэг цолтонд барьц алдаад байгаа зүйл биш болов уу” гэж боддог байх. Гэвч үнэндээ тийм биш байдаг нь хачирхалтай. “Намайг Засаг даргын алба хашиж байхад тэр нөхөр манай нутгаас улсын цолонд хүрч байлаа. Ёстой л миний өнгөн дээр улсад гайхуулж, сумынхаа нэрийг гаргасан” хэмээн бусдад хөөрөлхөхийн тулд, манай дарга ч мөн хоншоортой шүү гэж хэлүүлэхийн тулд найр наадам хийж хөл алддаг юм. Бид мэднэ дээ, бөхчүүдийнхээ алдар цолыг сум аймгийнхан нь яаж тэмдэглэдэг билээ. Дээр өгүүлсэнчлэн заавал ч үгүй бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулна. Тухайн бэсрэг наадмын нээлт гэж жигтэйхэн юм болно. Бөх, морь гэхээр л хөөрч дэвэрсэн хөдөө гадааныхан битүү цуглана.
Гайгүй өндөр бай мөрийний сураг дуулдсан учир зэргэлдээ сумдын уяачид морьдоо хөтлөөд ирчихсэн, барилдаж ноцолдохын донтой хэсэг бүлгээрээ наадам хамж явдаг залуус зодог шуудгаа бүслээд зогсчихсон, ээ мөн сүр бараатай юм болно. За тэгээд л сумын засаг, хошуу ноён шиг залаа жинс намируулах нь холгүй өнөө алдрыг нь тэмдэглэж буй бөхтэйгөө хамт наадмын дэвжээнд уухайн түрлэгтэй орж ирнэ шүү дээ, базарваань. Эл бүхний ард бөхөөр дамжуулан өөрийгөө шагшин магтуулах, нутаг хошуугаар яриулах, чи мөн том байна аа гэж дал мөрөө бахтайхан алгадуулах гэсэн мөчидхөн бодолтой, хөөргөн сэтгэлтэй нөхдийн хөөрхийлөлтэй дүр зураг харагдаад байдаг юм.
Ёстой л нөгөө “Сумандаа түргэний тэрэггүй байж наадмын бөхдөө жийп бэлэглэх юм” гэх сошиал ертөнцийн инээдэм шуугиан, харуусал чинь тэр мөн шүү дээ. Энэ бол монголчуудын нэр төрийн төлөөх өвчин хэрхэн сэдэрч, хэрээс хэтэрснийг харуулж буй жишээ. Цахим ертөнцөөр шуугиад, хэн бүхний харуусан эмгэнээд байгаа зүйл туйлын үнэн л дээ. Яг өнөөдөр бодит амьдрал дээр сумын эмнэлгийн түргэний тэрэг гэж үеэ өнгөрүүлсэн ямбий фургон, “жаран ес” байдаг. Сумын дарга өөрөө байтугай хөдөөгийн малчид ч тоож унахгүй, нар сар гэрэлтсэн навсгар машиныг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсооно. Тийм хэрнээ хаа хамаагүй нэг бөхөд хамаг байдгаа өргөж, хамгийн сүүлийн үеийн ганган жийпээр мялааж баярхацгааж буй ийм л амьдралгүй, хөрс суурьгүй, толгой нь уруугаа харсан байдал Монголын хөдөөд байна.
Зүй ёсны хувьд бол сумын засаг дарга ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл саруул ирээдүйн төлөө санаа тавих учиртай. Ерөөс хүн зоны элэг бүтэн амьдрал, нутаг орны хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэ гэж тэр нутгийн олон чамд итгэл хүлээлгэн сонгосон байж таарна. Тэрхүү итгэлийг чи зүтгэлээр хариулж сум орон нутгийг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл бодит амьдрал дээр засаг ноёнд ард түмнийх нь амьдрал огтхон ч хамааралгүй мэт байгаа нь Монголын эмгэнэлт хувь тавилан юм.
Сумын эмнэлэг нь амьсгал хэдийнэ хураасан ч хашир жолоочийн хүчинд дугуй нь эргээд байдаг хуучирсан муу саримпай машинтай, аргаа барж цөхөрч буй нь нүднийх нь өмнө ил байгаа. Гэвч мань хүнд сэтгэл өвдөх зүйл байхгүй. Өөрийнх нь гэргий хүүхэд, хамаатан садан өвдвөл Засаг даргын жийпээрээ аймгийн төв юм уу, хот суурин руу аваад шуугичихна. “Улсын хөгжил сумаас” ч бил үү, тийм нэг үг бий дээ. Сумын төвийн байр байдал, дүр зураг ийм байхад улсын хөгжил, хувь заяа ямар байх нь ойлгомжтой биз дээ.
“Монгол хүн хоёрхон өдрийн цаадахыг харах чадваргүй, билгийн нүдгүй хэдэн халтар цаас албан тушаалын хэнээрхлээс болж нэр төрөө хугалж байна” гэх яриа сүүлийн үед гарах болсон. Үүний нэгэн баталгаа бол сумдын засаг ноёд юм.
Тэдэнд үнэндээ хоёр өдрийн цаадахыг харах ухаан, уужуу сэтгэл, голчтой ноён нуруу, төрийн хүний төлөв төвшин зан чанар, жудаг гэж алга. Нэг л их хөөрч дэвэрсэн, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдсэн, хаврын салхинд хийсч яваа хамхуул шиг хүмүүс санагдах юм. Хэрвээ аливаад ухаалаг голчтой ханддаг бол өөрийг нь сонгож, өөрт нь итгэл хүлээлгэсэн ард түмнээ хөлстэй нүцгэн бөхөөс илүүд бодож таарна. Наадмын түрүү бөхөд жийп өгчихвөл Монголын хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор миний нэр гарах юм даа гэх өнөө л нэр төрийн хэнээрхэлдээ автаж, өөрт болон өргөн түмэндээ ямар ч ашиггүй зүйлд байдгаа тавьж туух нь дэндүү тэнэглэлийнх нь илэрхийлэл гэлтэй.
Бөх, морь дагаж намиран, түүнээсээ сэтгэлийн цэнгэл кайфыг мэдэрдэг сумдын хөөргөн дарга нарын хөлд ард түмэн үрэгдэж, сөхөрдөг. Намар орой гэнэт л тэд найр наадам хийнэ гэж орилолдон малчдаасаа хураасан айраг цагааг нь хуу хамж, цээжний морьд, түрүү бөхөд өгөх бай хэмээн адуун сүргээс нь тав арваар нь хөтөлнө. Олон сумдын засаг ноёдын ийм хөөрөлхүү баярхуу занг олонтаа харлаа. Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөнгүй. Харин ард түмний ахуй амьдрал улам уруудаж доройтон, ядуурч туйлдав. Тэгэхээр одоо хөөргөн баярхуу зангаа орхин, хөрсөн дээрээ бууж бодит амьдралдаа орох хэрэгтэй болж байна.
Юуны түрүүнд хаа хамаагүй бөхөд жийп өгч хэтэрхий туйлширч хэнээрхдэгээ боливол яасан юм бэ. Түргэний эмнэлгээ орчин цагийн машинаар хангаж түмэн олныхоо эрүүл саруул амьдрал, Монголынхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх цаг болжээ. Бидний амьдарч буй нийгэм бол үзэл суртлын нийгэм биш. Иргэн таны оюун ухаанд тулгуурласан хөгжил дэвшлийн, сум орон нутаг, улс орноо зөв зүйтэй залж удирдахыг хэн бүхнээс шаардсан бодит эдийн засгийн нийгэм юм.