Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумын цагдаа нар иргэдээ зодож, шонгийн модонд нүцгэнээр нь гавлан тамлажээ

Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч
цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн
модонд нүцгэнээр нь гавлах зэргээр тамлажээ. Мөн хөгшнийг өмөөрсөн залуугийн хавиргыг
хугалж, шонгийн модонд гавлаж найман цагийн турш нүцгэн байлгажээ. Болсон явдлын
талаар хохирогчийн дүү Ю.Баттогтохтой ярилцлаа.

 -Та
тэр өдөр юу болсныг яриач?

-Хохирогч Н.Чираабал миний авга ах. 1957 онд төрсөн, 57 настай хөгшин
бий. Увс аймгийн Тэс сумын V багт долоон хүүхэдтэйгээ амьдардаг, малчин хүн. Тавдугаар
сарын 23-нд бага хүүхдийнх нь хонхны баяр болсон юм билээ. Хүүхдийнхээ хонхны баярт
очих, нүүх машин олох ажилтайгаар сумын төвд очсон гэсэн. Ажлаа амжуулчихаад дүүгийнхээсээ
хүүхдээ аваад мотоцикль дээрээ сууж байтал хоёр цагдаа ирж уулзаад “Та каск өмсөөгүй
байна. Мотоциклийг чинь журамлана” гээд түлхүүрийг нь булаагаад авчихаж. 

Ах маань
ч нүүж суух их ажилтайгаа учирлаад, гуйгаад байж байтал Цагдаагийн тасгийн дарга
Банзрагч ирээд үгийн зөрүүгүй мотоциклиос нь татаад унагачихсан байгаа юм. Тэр үед
ахын маань дээлний энгэр урагдаж, амнаас нь цус гарсан юм билээ. Монгол хүн дээлийг
нь урчихаар бухимддаг биз дээ. Тэгээд л “Ийм дарга гэж юу байх вэ” гээд цустай шүлсээ
газарт хаясан юм билээ. Гэтэл Банзрагч “Над руу нулимлаа” гээд цагдаагийнхаа тасагт
аваачиж дээл, гутлыг нь тайлуулж, бичиг баримт, түрийвчийг нь хурааж авсан гэсэн.

-Танай
суманд мотоцикль унасан хүн бүр каск зүүдэг үү?

-Каск зүү гэж шаардсан цагдаагийн алба хаагчийг буруутгах аргагүй.
Гэхдээ хүн хэлээрээ ойлголцдог шүү дээ. Хөгшин хүнд “Ийм учиртай байдаг юм. Дараа
ингэв ээ” гээд торгодог ухаан дутсанд харамсч байна. Ах охиныхоо хонхны баярт орохдоо
бүрх малгай өмсчихсөн болохоор каск зүүгээгүй юм биллээ.

-Ахыг
чинь цагдаагийн тасаг руу авч явахад танайхнаас хүн дагаж яваагүй юм уу?

-Дүү Буянтогтох нь“Та нар хөгшин хүнийг явуулчих л даа” гэхэд нь
хамт аваад явсан гэсэн. Цагдаагийн тасагт очоод ахыг минь хувцсаа тайлсны дараа
Банзрагч хошууч Билгээ, Хүрлээ гэдэг хоёр цагдаатайгаа нийлээд зодож эхэлсэн байгаа
юм. Гурван хүн ахыг зодож байхад хэсгийн төлөөлөгч Балжинням, дүү Буянтогтох хоёр
харж байсан гэсэн.

-Тэд
цагдаа нарыг хориглоогүй гэж үү?

-Хэсгийн төлөөлөгч Балжинням харж байсан ч даргыгаа хориглоогүй.
Гурван хүн зэрэг зэрэг өшиглөөд байхаар ах маань газар унасан юм билээ. Тэр үед
гутлынх нь ул л харагдаж байсан гэсэн. Толгой, түрүүгүй өшиглөсөн болохоор нүүр
нь шалбарч, хамар чихнээс нь цус гарч хүн харахын аргагүй болсон юм билээ. Өвдөхдөө
хоёр гараараа толгойгоо хамгаалахад Банзрагч “Яасан их хамгаалдаг юм бэ” гээд цамцыг
нь сөхөж байгаад цахилгаан бороохойгоор элэг, бөөр рүү нь цохиулсан байна. Цахилгаан
бороохойгоор цохиулахаар өөрийн мэдэлгүй атиралдаж, гараараа хэвлийгээ хамгаалахад
нь толгой руу нь дэвсээд байсан гэсэн.

-Хэр
удаан зодож, тамласан хэрэг вэ?

-20-иод минут зодсон гэсэн. Сүүлдээ ухаан нь балартаад эхлэхээр Буянтогтох
“Та нар болиоч. Хүнийг ингэж яргалж болдог юм уу” гээд хориглоход ахыг маань зодохоо
болиод гудамжинд гаргаж утасны модонд гавласан байна.

-Дүүг
нь бас зодсон уу?

-Ахыг гадаа гавлаж ор­хисноос хойш хэсэг хугацааны дараа Буянтогтохыг
гаргаж ирээд зэргэлдээх утасны модонд гавласан гэсэн. Тэр үед Буянтогтохын нүүр,
нүд нь цусанд будагдаад нэлдээ хавдар болсон байсан гэсэн.

-Цагдаагийн
тасаг нь сумынхаа төвд үү. Хэдэн цагийн орчимд вэ?

-Өдөр 13.30 цагт анх ахыг саатуулсан байсан. Утасны модонд 17.30
цагт гавласан. Цагдаагийн тасаг сумын төвд шүү дээ. Тэр өдөр нэлээд хүйтэн байсан.
Сумын төвд олны нүдэн дээр нүүр нүд нь цус болсон нүцгэн хүмүүсийг гавласныг тамлал
гэнэ биз дээ.

-Ойр
хавьд нь яваа хүмүүс туслаагүй юм болов уу?

-Ах маань сумын залуу Ч явж байгааг хараад дуудаж, утсаараа яриулахыг
гуйсан юм билээ. Тэр залуу утсаа чихэнд нь барьж өгөөд над руу яриулсан. Бас нэг
гараараа дүүгийнх нь гутлыг өмсгөж өгсөн байна лээ. Гэтэл Банзрагч, Хүрлээ хоёр
гарч ирээд “Миний мэдлийн газар дээр байгаа, миний барьж ирсэн хүнийг утсаар яриулах
эрх чамд байхгүй” гээд утсыг нь булааж аваад гав зүүгээд тасаг руугаа орсон гэсэн.

-Тэр
хүнийг бас зодсон хэрэг үү?

-Хэсэг хугацааны дараа Ч гарч ирээд гавлуулсан хоёр хүн дээр очилгүй
яваад өгсөн гэсэн. Гэтэл цагдаа араас нь очиж түүнийг барьж ирээд тасагтаа оруулсан.
Тэнд хэсэг байлгаж байгаад дотуур өмднөөс өөр хувцасгүй гаргаж ирээд мөн л шонгийн
модонд гавласан гэсэн. Тэр залуугийн нүд, нүүр нь хавдаад цус болчихсон байсныг
бодоход бас зодсон бололтой. Хүнд туслах гэж яваад цагдаад зодуулсан хэрэг.

-Танай
ахыг дүүтэй нь гадаа байлгаад л байсан уу?

-Ч-г гавлачихаад нөгөө хоёрыг нь тасагтаа оруулсан байна лээ. Ах
“Та нар золбин нохой устгаж байгаа юм шиг хүнийг хоёр, гурваар нь ингэж зодож, гудамжинд
гавлаж болдог юм уу” гэхэд “Та нарыг зодсоныг гэрчлэх хүн байхгүй. Энд гурван цагдаа
зодсон бол Улаангом (Увс аймгийн төв) орохоор чинь 100 цагдаа зодно. Заргалдах газар
байвал яваад заргалд. Заргалдаад ч юм олж долоохгүй. Үүнийг би баавартай хэлж байна”
гэх мэтээр доромжилж, дарамталсан байна лээ.

-Тэр
хоёрыг хэр удаан хорьсон юм бэ?

-Ахыг маань шалан дээр хэвтүүлж хонуулсан. Дүү нь гуйгаад гэртээ
харьж хоноод маргааш өглөө нь 8.00 цагт ирсэн гэсэн.

-Өнөөх
гадаа гавлуулсан Ч юу болсон бэ?

-Шөнийн 1.30 цагт тэр залууг оруулж ирээд орны толгойтой гавлаж хонуулсан.
Тэр шөнө цагдаа нарт зодуулсан хоёр хүн өвчиндөө шаналаад цурам хийлгүй хоносон
байна лээ.

-Маргааш
нь сулласан уу?

-Ахад туслах гээд тамлуулсан залуу “Бид хоёрыг явуулчих. Өвчин ихдээд
байна. Эмчид үзүүлмээр байна” гэхэд Банзрагч “Цагдаагийн даргад хэлсэн. Та нарыг
хамт авч явна” гээд явуулахгүй байсан гэсэн. Аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлэх
гэтэл бичиг баримтыг нь өгөхгүй болохоор “Гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн байна.
Өөрсдөө ийм бичиг хийж өг гэж шаардсан байна лээ. Шаардсан бичгийг нь хийж өгсөн
ч бичиг баримтыг нь өгөлгүй аймаг руу явуулсан.

-Цагдаа
нарт зодуулснаас болж ямар гэмтэл авсан байна вэ?

-Тавдугаар сарын 27, 28-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар үзүүлэхэд
зүүн чихний хэнгэрэг хагарсан, хамрын яс цөмөрсөн, нүүр толгойн хэсэгт шалбарсан
гэсэн магадлагаа хийж өгсөн. Одоо ч бие нь тааруу байна. Чихнийхээ хэнгэргийг нөхүүлсэн
ч нүднээс нь нулимс гараад тогтохгүй юм.

-Ахад
чинь тусалсан залуугийн бие гайгүй юу?

-Нүцгэн найман цаг гадаа байсан болохоор хатгаа авсан. Бас гурван
хавирга нь хугарсан байна лээ.

-Банзрагч
хошууч танай суманд олон жил ажилласан уу. Тийм айхавтар авиртай хүн үү?

-Өнгөрсөн аравдугаар сард томилогдож ирсэн юм билээ. Өмнөговь сумын
хүн гэсэн байх аа. Манай сумынхны яриагаар их айхавтар ширүүн хүн гэсэн. Загас усандаа
жаргалтай гэдэг шиг төрсөн нутагтаа хүн амар амгалан амьдардаг биз дээ. Гэтэл иргэнийхээ
амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй төрийн цагдаад зодуулж, доромжлуулж байна.

-Та
бүхэн хуулийн байгууллагад хандсан уу?

-Цагдаа нарыг шалгадаг байгууллагыг татан буулгачихсан гэж байна.
Тиймээс аймгийн прокурорт гомдол гаргасан.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *