Categories
мэдээ соёл-урлаг

“Сүлд модны наадам” дуу 53 дахь шинэ жилтэйгээ золгож байна

Тэртээ жаран хоёр оны өвлийн шинэ жилийн баяр болох гээд хүн бүр хөөрөн догдолж байх тэр мөчид уран бүтээлийн дотно анд нөхөд болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт төлөөлөгч Жамцын Бадраа, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаа хоёрт шинэ жилийн тухай дуу хийх санаа сэдэл төрсөн байна. Сайндаа ч биш гэнэ. Мань хоёр аливаа ёолк цэнгүүнд уригдаж очиход шинэ жилийн тухай санаанд хүрсэн уран бүтээл сонсогдохгүй байж л дээ. Тэгээд шинэ жилийн тухай дуу хийхээр тохиролцжээ. Удаа ч үгүй Бадраа гуай “Сүлд модны наадам” хэмээх шүлэг бичээд Гончигсумлаадаа утсаар сонсгосон гэдэг. Гончигсумлаа Бадраагийнхаа шүлгийг утсаар сонсох даруйд л аялгуу нь ороод ирсэн байна. Тэгээд яруу найрагч нөхрийгөө гэртээ урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигналдаж байх цаг дор “Сүлд модны наадам” дууныхаа аялгууг зохируулсан байна.

Энэ тухай хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад нэгэнтээ “Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүн ёсны хувьд ойр дотно харилцаатай явснаа санах бүрийд бахархах сэтгэл төрдөг. Надад маш дотно элэгсэг ханддаг байсан. Жаран хоёр онд зохиосон “Сүлд модны наадам” дуугаа, жаран гурван онд зохиосон “Жаргаах зүрхэн” дуугаа миний хоолойд зориулж бичсэн юм” хэмээн өгүүлсэн билээ. Сүлд модны наадам дууг Гончигсумлаа гуай зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж, дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтруулж дуулуулахаар аялгууг нь тааруулсан гэдэг. 1962 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол радиогийн бичлэг хийлгэхэд Зангад дуулж, гавьяат жүжигчин Бандийн гэргий Т.Григорьева төгөлдөр хуур дарж, Гончигсумлаа гуай өөрөө удирдан найруулсан түүхтэй. Ингэж жилийн жилд шинэ жил ирснийг Зангадын хоолойгоор зарлан тунхаглаж эдүгээ 53 дахь өвөлтэйгээ учран золгож буй “Сүлд модны наадам” дуу төрсөн түүхтэй юм. Уг дууны шүлгийг та бүхэндээ хүргэе.

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая аа

Өөдлөн дэвших хишгээрэээ

Улирах жилийг бялхаасан

Өрнөн даргих буянаараа

Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо

Өндөр хөгжлийн ерөөцгөөж

Сүлд модныхоо наадамдаа

Өвгөн ааваа дайлцгаая аа

Түмэн галавт дурсгалтай

Баатрын алдар цуурайтсан

Түвшин энхэд суурьшилтай

Баярын магнай тэнийсэн

Сүрлэг Монгол орныхоо

Агуу алдрыг ерөөсөн

Сүлд модныхоо наадамд

Яруу дуугаа өргөцгөөе өө.


Ө.Манлай


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *