Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулж байна. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож буй юм. Хөлөг онгоцыг энэ долоо хоногт татан гаргахаар ажиллаж байна.
Засгийн газрын өнөөдрийн /2021.11.03/ хуралдаанаар Хөвсгөл нуурын усанд 36 жил байсан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгажээ.