Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нартай уулзлаа

Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай нийслэлийн удирдлагууд уулзалт хийж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нартай хийсэн өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэл хотын удирдлагын баг бүх дүүргийн хорооны Засаг дарга нартай уулзаж байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор иргэдэд зөв мэдээлэл өгч, тэднийг бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохыг уриалж, хамтарч ажиллах талаар ярилцаж байна. Мөн иргэдээс өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 1-н хүртэл хороодын үйл ажиллагаатай холбоотой нийтдээ 430 өргөдөл ирсэн байна. Өргөдөл гомдлын дийлэнх нь хороодын ажилтан албан хаагчдын харилцаа, ажлын цагаар ажлын байрандаа байхгүй байх зэрэгтэй холбоотойгоор санал хүсэлт, өргөдөл гомдол ирсэн байгаа юм. Бид бүхэн энэ талд дахин алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч, үүрэг чиглэл өгч байна. Төрийн албаныхан иргэд түмэн олныхоо төлөө гэсэн сэтгэлтэйгээр зүтгэдэг байх шаардлагуудыг тавьж байна. Сонгогдож томилогдсон гээд иргэдтэй намын үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, хүлээж авах, авахгүй байх асуудлаа таслан зогсоохыг үүрэг болгосон. Хариуцлага тооцохын хажуугаар сайн ажилласан хороодын Засаг дарга нарыг урамшуулах, тэдний ажлыг дэмжих талд анхаарч ажиллана. 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд удахгүй бүтээн байгуулалтын ажлууд эхэлмэгц хороодын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсч, газар дээр нь шийдвэрлэх болно. Түүнчлэн нийслэлийн харьяа агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарыг хороо тус бүрийг хариуцуулан ажиллуулж байгаа. Нэлээн үр дүнтэй ажил болж байна. Учир нь хороо , дүүрэг, нийслэлийг иргэх амьд холбоотой болгож байгаа хэрэг юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хамгийн сүүлийн асуудал болгон хороодод ажилласан байдлын танилцуулга хийгдэж байгаа. Ингээд хаана, хэддүгээр хороонд ямар алдаа дутагдал гарч байна гэдгийг сонсоод эргээд хариуцлага тооцох арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа” хэмээн онцоллоо.

Хорооны Засаг дарга нарт энэ онд Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн талаар болон агаарын бохирдлыг бууруулахад хорооны Засаг даргын үүрэг оролцоо сэдвээр мэдээлэл өгч сургалт явууллаа.

Сүхбаатар дүүрэг нь 38 мянга гаруй айл өрх, 140 гаруй мянган хүн амтай. Тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг.

Дүүргийн 1-8 дугаар хороо нь байшин хороолол, 9-20 дугаар хороо гэр хороолол бүхий 20 хороотой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *