Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Чингисийн одонт Гомбожавын Мэнд-Ооёогийн нэрэмжит болголоо.
Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгэм, соёл яруу найргийн олон нэрт зүтгэлтнүүд байдаг. Тэдгээрийн нэг болох СГЗ, Чингисийн одонт Г.Мэнд-Ооёо гэдэг хүнээр ийнхүү аймгийн Нийтийн номын сан овоглох боллоо.
“Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан нь түүхт 70 жилийн ойгоо угтаж хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү нэрэмжит болгох асуудал байсан. Харин энэхүү саналыг маань аймгийн ИТХ маш сайхнаар хүлээн авч, дэмжиж баталгаажуулж өгсөнд баяртай байна. Номын сан Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит болно гэдэг маань цаашид бид энэ хүний уран бүтээл, хийж буй ажлыг олон нийтэд сурталчилан таниулах, түүний нэр хүндийг өндөрт өргөх гээд үүрэг хариуцлага их болно. Нөгөө талаараа Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит гэж байнга хэлж яригдах юм бол ард иргэд тэр дундаа хүүхэд багачууд маань нутгийн нэг алдарт хүнийхээ тухай мэдэх, бахархах, улмаар түүхээ мэдэх гээд өндөр ач холбогдолтой…” хэмээн аймгийн Нийтийн номын сангийн захирал М.Энэбиш хэллээ.
Аймгийн нийтийн номын сан нь анх 300 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 46 мянган номын фондтой. Өнгөрөгч 2016 онд гэхэд 46366 номоор 27,3 мянган хүнд үйлчилсэн байна.
Аймгийн Нийтийн номын сан нь 70 жилийн ойгоо 2017 оны намар тэмдэглэнэ.