Categories
мэдээ улс-төр

СӨХ төрд шилжих үү

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хэлэлцэв. Иргэдээс СӨХ-той холбоотой 467 өргөдөл тус байнгын хороонд иржээ. Энэ дагуу БХБЯ-наас ажлын хэсэг гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгасан байна.

Шалгалтаар СӨХ-ны мөнгөө иргэд өгдөггүй, санхүүжилт дутмаг байдлаас үүдэж ажил хийх боломжгүй байдаг гэх мэт зөрчил гарсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ны дарга нь дур мэдээд зарсан зөрчил илэрчээ. Нөгөө талаас СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, СӨХ-д цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй зэрэг асуудал байдаг.

Шалгалт хийсэн ажлын хэсэг “Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Иймээс хуулийн цоорхойг засах шаардлагатай. Орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, СӨХ ажиллах ёстой эсвэл төрд шилжих үү гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “СӨХ-ны гишүүд ажлын арга барилдаа өөрөөр хандах хэрэгтэй. Орчин үед сошиал хөгжиж байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс энэ системийг ашиглаад СӨХ-той тулж ажиллах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтад СӨХ, иргэдийн эрх, уялдаа холбоог зохицуулсан сайн хууль гараасай гэж хүсэж байна. Жишээ нь: арк буулгахад Эрүүгийн хуулиар зохицуулагдана гэх мэт зүйлийг яриад сууж байж болмооргүй байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна, засвар хийдэг энэ бүх асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой” гэсэн бол

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

СӨХ-ны үйл ажиллагаанд аудит хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлж байна. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субьект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Дээр нь барилгын компаниуд оршин суугчдаа үл байлцуулан СӨХ байгуулдаг. Энэ нь шинээр ашиглалтад орсон байрны оршин суугчид СӨХ байгуулахгүй хугацаа алддагтай холбоотой байх. Тиймээс эдгээр асуудлын хуулийн хүрээнд засч залруулах шаардлагатай юм байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *