Өнгөрсөн сард Газар дундын тэнгист сүйрсэн “”Эйрбус А320″” нисэх онгоцны байршлыг илрүүлсэн талаар Египетийн холбогдох албаныхан мэдээлж байна. Тавдугаар сарын 19-нд “Египет Эйр” компанийн тус нисэх онгоц 66 хүн тээвэрлэн, Парисаас Каирын чиглэлд нислэг үйлдэж явахдаа үл мэдэгдэх шалтгаанаар сүйрсэн юм.
Үүнээс хойш хэд хэдэн орны хамтарсан баг онгоцны их бие болон хар хайрцгийг илрүүлэхээр эрэл хайгуул явуулж байгаа. Хар хайрцгуудаас илгээж байгаа дохио энэ сарын 24-н гэхэд зогсох учраас тус нисэх онгоцны үлдэгдлийг илрүүлэхэд тун давчуу хугацаа үлдээд байсан. Яг энэ үеэр эрлийн ажиллагаанд оролцож байсан далайн гүний хайгуулын Жон Летбриж хөлөг онгоц А320 нисэх онгоцны хэсгүүд байгаа хэд хэдэн гол байршлыг олж тогтоосон байна. Мөн тус нисэх онгоцны хэсгүүдийн анхны гэрэл зургийг авч, Египетийн засгийн газарт илгээжээ.
Одоо олон улсын эрлийн багууд хамтран А320 нисэх онгоцны хэсгүүд байгаа бүсийг газрын зурагт тоймон гаргах юм байна. Нисэх онгоцны их биеийн аль хэсгүүд олдсон нь одоогоор хараахан тодорхойгүй байна. Нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахад чухал өгөгдлүүдийг хадгалж байгаа хар хайрцгууд “”Эйрбус А320″” онгоцны сүүл хэсэгт байрладаг юм.