Судалгааны их сургууль гэж юу вэ?
Нийгмийн хөгжилд их сургуулийн гүйцэтгэдэг үүрэг асар их бөгөөдөндөр хөгжсөн орнуудад дээд боловсролыг хөгжлийн түлхүүр хэмээн үздэг.Тийм ч учраас дэлхий дахинд зөвхөн их сургуулиудыг л нэгдсэн үзүүлэлт, шалгуураар үнэлж эрэмбэлэн чансааг нь тогтоодог.Үүнээс өөр олон улсын хэмжээнд үнэлж чансааг нь тогтоодог байгууллага нэгээхэн ч үгүй.Засгийн газрууд, парламент, театр урлаг эсвэл эмнэлэгийн аль ч байгууллагыг ингэж үнэлдэггүй.
Сонгодог утгаараа их сургууль бол эрдэм шинжилгээ,судалгааны ажил эрхэлж, оюутан залуусыг дээд боловсролтой мэргэжилтэн болгон сургахын зэрэгцээшинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлэх замаарнийгмийг соён гэгээрүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг институци юм. Их сургуулиа хөгжүүлж, түүнд түшиглэн хөгжлийн бодлогоо тодорхойлсон улс орнууд бусдаас тасархай хөгжсөн байх агаад үүнийг хойд Америкийн АНУ, Канад, баруун Европын олонхиулсууд, Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Тайван зэрэг зүүн Азийн олон орны жишээнээс хялбархан харж болно.
Өнөөгийн байдлаар манай улсын их сургуулиуд бүгд сургалтад суурилсан бөгөөд аль болох олон оюутан элсүүлж, зардал багатай, танхимын сургалт зонхилсон хялбар аргаар сургаж төгсгөхийг эрмэлзэх болсон билээ.
Гэтэл судалгааны их сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулж, өөрийгөө хөгжүүлж хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг.
Товчхондоо бол судалгааны их сургууль нь манайд явагдаж байгаа шиг массын сургалтыг эрхэлдэггүй,харин эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, элитийн сургалт явуулдаг байгууллага юм.Судалгааны их сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эрдэмтэн судлаачид ажиллаж, хамгийн чадварлаг оюутнуудэлсэн суралцдаг. Профессор багш нар нь олон улсын түвшний онолын судалгаа хийхийн зэрэгцээ нийгмийн хөгжлийг тодорхойлох технологийн болон хавсарга судалгаа хийдэг болоюутан суралцагчид нь багшийн заасныг үгчлэн цээжилж үлгэр жишээ болгон дагалдах бус харин бүтээлчээр сэтгэж, шүүмжлэл өрнүүлж чаддаг, төгсгөн гаргаж буй мэргэжилтнүүд нь өөрийгөө хөгжүүлэх арга барил, хөрвөх ба өрсөлдөх чадварын аль алиныг эзэмшсэн байдаг. Энэ бол манай өнөөгийн их сургуулиудаас судалгааны их сургуулийн ялгарах гол ялгаа.
Судалгааны их сургууль байгуулах шаардлага
Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, дэвшилтэт технологийг хөгжүүлж,мэдлэгийн эдийн засгийг бий болгох замаар хөгжих гол хөдөлгөгч хүч нь судалгааны их сургууль хэмээн үзэжтүүнийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагш худалдаж эдийн засгаа хөгжүүлэх харалган бодлогыг 20 гаруй жил зүтгүүлсэний эцэст буруу болохыгнь бодлого боловсруулагчид хожуу ч гэсэн ойлгожшинжлэх ухаан, технологид түшиглэж улс орноохөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байх шиг.
Орчин үеийн их сургуулиудад хоёр томоохон өөрчлөлт гарчээ.Нэгдүгээрт мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж нэмэгдэж, нийгэмд үйлчлэх хүрээ нь тэлсэн.Тухайлбал, хуучин цагт ЕБСургууль төгсөгчдийн 10 гаруйхан хувь нь их сургуульд элсдэг байсан бол эдүгээ 80 хувь гаруй нь хувь, хувьсгалын аль нэг их сургуульд элсэж байна. Товчхондоо өмнөх нийгмийн үед дээд боловсрол элитийн боловсрол байсан бол эдүгээ массын боловсрол болон хувирчээ.Хоёрдугаарт нийгмийн янз бүрийн хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэр бий болж, олон талт үйл ажиллагаатай болжээ. Эдгээр өөрчлөлтийн нөлөөгөөр орчин үед их сургуулиуд судалгааны ба сургалтын гэсэн 2 чиглэлээр хөгжиж байна.Дээд боловсрол нийтийн шинжтэй болж, суралцагчдын тоо олон дахин нэмэгдсэн учраас аль ч улсад судалгааны их сургуулиийн зэрэгцээ сургалтад суурилсан их сургуулиуд үйл ажиллагаагаа явуулсаар л байна.
Судалгааны их сургуулийг хэрхэн байгуулдаг вэ?
Дэлхийн заримулсад судалгааны их сургууль хэмээх ойлголт 1970-аад оны үеэс яригдаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны үеэс улам эрчимжиж,улмаар олон сургууль сургалтад суурилсан үйл ажиллагаанаас судалгаанд суурилсан чиглэлээр хөгжлийн концепцоо тодорхойлж, 2000-аад оны эхэн гэхэд судалгааны их сургуулийг жинхэнэ утгаар нь бий болгож чаджээ. Ингэснээр олон улсын хэмжээнд хийгддэг их сургуулиудын чансааг тогтоох үнэлгээгээр судалгааны их сургуулиуд байнга тэргүүлэх болсон юм.
Дэлхийн түвшний судалгааны их сургуулийг бий болгоход оюуны өндөр чадавхитай багш судлаачид ба оюутан суралцагчид, хөрөнгө санхүүгийн хангалттай нөөц, академик эрх чөлөө бүхий улстөрөөс үл хамаарсан зохистой засаглал зэрэг суурь хүчин зүйлс хамгаас чухал ажээ.
Судалгааны их сургууль байгуулсан олон улсын туршлагыг харахад улс орон бүр өөрийн онцлогоос хамааруулж хэд хэдэн арга замыг сонгосон байна.Тухайлбал, зарим оронд аль нэг их сургуулиа онцгойлон анхаарч хууль эрх зүй, санхүү хөрөнгө оруулалт, засаглалын бодлогоор дэмжиж хөгжүүлжээ.Жишээ болгонХятадын Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль, Солонгосын Сөүлийн үндэсний их сургууль, ОХУ-ын Москвагийн их сургууль зэрэг олон сургуулийг дурьдаж болно.Эдгээр сургууль бүгд бие даасан эрх зүйн статусыг нь тогтоож, хөгжлийн бодлогыг нь тодорхойлсон хуультай.Өөр бусад улс орнууд судалгааны их сургуулийг цоо шинээр байгуулжээ. Жишээлбэл, 1991 онд байгуулагдсан Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, 1994 онд үүсэн байгуулагдсан Хонгконг хотын их сургууль,1996 онд буй болсон Казахстаны Л.Н. Гумилёвын нэрэмжит Евроазийн үндэсний их сургууль, 2009онд үндэслэгдсэн Сауди Арабын Абдулла хааны нэрэмжит их сургууль зэрэг олон сургуулийг нэрлэж болно.Зарим улсхэд хэдэних сургуулиа нэгтгэжхүчирхэгжүүлэх замаар судалгааны их сургуулийг байгуулж байна.Хойд хөршийн холбооны их сургуулиуд үүний жишээ болно.Тэгвэл зарим нэг улс оронд эхлээд судалгааны төв, ахисан түвшний сургуулийг байгуулаад улмаар судалгааны их сургууль болгон өргөжүүлж хөгжүүлжээ.Үүний жишээ бол Солонгосын Ахисан түвшний шинжлэх ухаан технологийн институт, Гуанжугийн шинжлэх ухаан технологийн институт, Пуханы шинжлэх ухаан технологийн их сургууль юм.Нэр дурьдсан бүх сургууль олон улсын байгууллагаар чансаагаа үнэлүүлж,дэлхийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд оржээ.
Өөр нэгэнжишээ дурдъя, бодлого боловсруулагчид санаа авах нь юуны магад. 2000-аад оны дунд үеийг хүртэл Германы ихэнх их сургууль төрөөс жигд санхүүждэг байв. Канцлер Г. Шрёдерийн засгийн газрын үед 2006 оноос ‘Excellenzinitiative’ буюу ‘Шилдэг санаачилга’ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хөгжлийн шилдэг концепци боловсруулж,ахисан түвшний сургалтыг судалгааны төсөлтэй уялдуулж, өндөр түвшний судалгааны кластер шинээр байгуулсан их сургуульд төсвөөс гадуур олон тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө оруулах замаар тэргүүлэх их сургуулиудыг бий болгожээ. Энэ бол их сургуулиудынхаа дунд шалгаруулалт явуулж, шилдэгийг нь дэмжих замаар судалгааны их сургуультай болсон нэг жишээ. Германд хэрэгжүүлсэн дээрх хөтөлбөр 2019 оноос ‘Exzellenzstrategie’ буюу ‘Шилдэг стратеги’ болон үргэлжилж байна.
Аль ч тохиолдолд, дээр дурьдсан олон улсын туршлагаас харахад судалгааны их сургуулийг бий болгожтогтвортой хөгжүүлэхэд тухайн улсын төр засгаас олон жилийн тууштай зөв бодлого, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, их сургуулийн академик эрх чөлөөг хүлээн зөвшөөрч чаддагболохыг шаарддаг ажээ.
Монголд дээр дурьдсан загваруудыналь нь тохирох вэ? бодлого боловсруулагчид аа.Эсвэл боловсролын шинэчлэл нэрээр гаднаас орж ирсэн хөнгөлөлттэй зээлийн хэдэн арван сая долларыг үрэн таран хийж, дундаас нь улс төрчид, түшмэдүүд ашиг хүртэж л байвал аль нь ч хамаагүй юу?!
Монголын дуусаагүй үлгэр
Сүүлийн үед судалгааны их сургуулийг байгуулах талаар дээр дооргүй ярих болж, төр засгаас янз бүрийн хөтөлбөр зорилтуудыг дэвшүүлж буй нь сайн хэрэг боловч Монголын улстөрчидэнэ асуудлыгнэн хялбараар ойлгож, өөрсдийн үлгэрийг зохиож эхэлсэн нь нэн харамсалтай.Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн тунхагласан болУИХ-аас 2016 онд баталсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх баримт бичигт 2025 он гэхэд үндэсний 4-өөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд оруулна хэмээн мөрөөджээ.Түүгээр ч барахгүй 2017 онд баталсан Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байна.Улмаар Засгийн газраас2018 онд Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг.
Иймэрхүү хэрэгжих эсэх нь тодорхойгүй,итгэхэд бэрх, тунхаглалын шинж чанартай баримт бичиг цөөнгүй бий.Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа нь хэдхэн сарын дараа дуусгавар болох гэж байхад засаг төрөөс дэвшүүлсэн дээрх зорилт хөтөлбөрүүдээс хэрэгжсэн нь нэгээхэн ч алга.
Сүүлийн үед зарим сайд дарга нар 4-өөс доошгүй их сургуулийг шилдгийн эгнээнд оруулна хэмээсэн төр засгийн бодлогоо ор тас мартчихаад төрийн өмчийн хэдэн сургуулиа нэгтгэж судалгааны их сургууль болгох үлгэр зохиогоод эхэлчихэж. Тэдгээр сургуулийг нэгтгэснээр ойрын 15 жилийн дотор дэлхийн топ 500-1000 их сургуулийн эгнээнд орох бололцоо байна гэж эдүгээ боловсролын асуудлыг тодорхойлж буй нэгэн улстөрч ярьж байна. Ямар тооцоо судалгаа байна вэ?Эсвэл энэ нь зүгээр л уянгын халил уу, улстөрчийн попрол уу? Нөгөө төрөөс баталсан бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрт заасан 4-өөс доошгүй их сургуулийг Азийн топ 100-дбагтаах зорилт одоо хамаагүй болчихсон уу? Эсвэл дээрх баримт бичгүүдийг боловсруулж батлуулахад зөвлөж байсан зөвлөхүүдийн санаа бодол сая гэнэт өөрчлөгдчихөв үү?!
Дээд боловсрол, шинжлэх ухааны талаар ямар ч ойлголтгүй улстөрчид, мэргэжлийн сургууль болон академик их сургууль хоёрын ялгааг үл мэдэх зөвлөхүүд ийм замаар судалгааны их сургууль байгуулна гэвэл үлгэр болно. Тэдний үзэж байгаагаар төрийн өмчийн 8 их сургуулийг нийлүүлчихвэл мундаг том болж харагдаад, үзүүлэлт нь үлэмж болж өсөөд олон улсын байгууллагад өндрөөр үнэлэгдэх гэнэ.
Олон улсын хэмжээнд их сургуулийн чансааг жил бүр үнэлж тогтоодог Times Higher Education (THE), Quacquarelli Symonds (QS), Academic Ranking of World Universities (ARWU), Webometrics Ranking of World Universities (WRWU) зэрэг үнэлгээнүүд бий. Эдгээр үнэлгээгээр тухайн их сургуулийннэг судлаачид оногдох олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл болон эшлэлийн тоо, судалгааны төсөл хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээ, нэг багшид оногдох оюутны тоо, гадаад багш, оюутны эзлэх хувь хэмжээ, бакалаврын ба докторынтүвшний суралцагчийн харьцаа, судалгаа инновацийн орлогын эзлэх хувь хэмжээ гэх мэтчилэн олонхи шалгуур үзүүлэлт нь харьцуулсан хувь хэмжээгээр, нэг хүнд шилжүүлж тооцогддог. Манай нөхдийн ойлгож байгаа шиг нийт нийлбэрээр нь тооцдог шалгуур нэгээхэн ч үгүй.
Дээр дурьдсанчлан, судалгааны их сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн профессорууд ажиллаж, оюуны өндөр чадавхитай шилдэг оюутнууд элсэн суралцдаг.Иймд судалгааны их сургуулийг байгуулахад мерит зарчимл юу юунаас чухал.Гэтэл одоо байгаа хэдэн сургуулиахонь хурга нийлүүлж байгаа мэтээр механикаар нийлүүлснээр судалгааны их сургууль болж хөгжих боломж нэгээхэн ч үгүй.Харин ч эсрэгээрээ, уршгаар нь гайгүй өсөж өндийх гэж ядаж байгаа их сургуулийнхаа жишиг, стандартыг навс унагана.Саяхны ийм гашуун туршлага манайд бэлхэнээ бий.Засгийн шийдвэрээр 2010 онд Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэсэн билээ.Тухайн үед эдгээр сургуулиуд аль ч үзүүлэлтээрээ МУИС-ийг бараадахааргүй байв.Тун удалгүй улстөрчдийн шийдвэрээр энэ хоёр сургуулийг буцаан тусгаарласан.Одоог болтол аль аль нь мундаг их сургууль болж чадаагүй л байх шиг, харин ч үүнээс болж МУИС-ийн стандарт багагүй хэмжээгээр доошилж, хөрөнгө санхүү, нэр хүндээрээ хохирч үлдсэн юм.
Улстөр ба их сургууль
Их сургуулийн хөгжил төлөвшилд эерэг нөлөөтэй хүчин зүйлсийн талаар дээр цухас дурьдсан билээ.Харин энд их сургуулийн хөгжилд хамгийн ихээр саад болж буй улстөр хэмээх гайтай зүйлийн талаар товч өгүүлье.
Манай улсын их сургуулиудын хөгжлийг тоймлож харваас улстөрөөс дандаа хамааралтай явж иржээ. Анх 1942 онд МУИС байгуулагдаж түүнээс хойш 1990 оныг хүртэл хагас зуун жил нам засгийн ‘мэргэн’ бодлого, шийдвэрээр удирдуулж ирсэн байдаг. Зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш төрөөс олгодог санхүүжилт нь зогссон учраас их сургуулиуд зөвхөн оршин тогтнохын төлөө л тэмцсээр ирсэн.Үүний үр дүн нь оюутны тоогоо олон болгож төлбөрөөр нь санхүүжих.Үүнээс өөрөөр их сургуулийн хөгжил дэвшилд гарсан дорвитой чанарын гэмээр өөрчлөлтгүйгээр 2010-аад онтой золгов. Үр дүн нь ойлгомжтой, түрүүч нь байгуулагдаад 70 гаруй жил болсон ч манай их сургуулиуд дэлхийд үнэлэгдэх ямар ч чансаагүй, үйл ажиллагаа нь хуучинсаг, өдөр хоногийг өнгөрүүлж аргацаасан хэвээр байсан юм.
Түргэн хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөөс тасарч үлдэхгүйн тулд, олон улсын их сургуулиуд, эрдэмтэнсудлаачидтай хөл нийлүүлж алхахын тулд МУИС-ийн багш нар их сургуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж“бүтцийн өөрчлөлт” хэмээн товчоор нэрлэсэн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Тэрхүү өөрчлөлтөөр МУИС-ийн үйл ажиллагаанд олон шинэлэг зүйл нэмэгдэж, дорвитой дэвшлүүд гарч эхэлсэн боловч эргээд нөгөө л гайтай улстөрчид саад хийсэн юм.Тэд ганц жил болов уу үгүй юу захирлыг нь халж, юу ч хийдэггүй нэг нөхрийг оронд нь томилсон, мэдээж нөгөөх нь шавар арслан шиг хөдлөхгүй суусаар өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг бүхэлд нь зогсоосон.
Ийнхүү хэдийгээр манай төр засгаас их сургуулиудыг хөгжүүлэх талаар олигтой бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй, дорвитой дэмжлэг үзүүлээгүй ч захирлаар нь дамжуулж улстөрөөс хараат байлгасаар ирсэн билээ.Гэтэл манай яамны сайд дарга нар хувийн өмчийн их дээдсургуулиудад ойртож ч чаддаггүй,тэднийг юу ч хийж байсан хянаж чаддаггүй, ард түмнийг хичнээн хуурч байвч мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг.Учир нь хэнд чойлгомжтой, хувийн сургуулиудын нэлээд нь улстөрчдийн эзэмшлийнх.Манай сайд дарга нар төрийн өмчийн их сургууль олон байна цөөлнө, нэгтгэнэ гэх атлаа түүнээс хэдэн арав дахин олон, чанартай чанаргүй хувийн сургуулиудыг хэрхэх тухайд юу ч ярьдаггүй.Хувьдаа сургуультай улстөрчдөд улсын сургуулийг хөгжүүлэх сэтгэл байх уу,эсвэл түүнийг дампууруулаад хувийнхаа сургуулийн зах зээлийг өргөжүүлэхийг бодох уу?
Их сургуулийн засаглал
Судалгааны их сургуулийн хэлбэржилт ба тогтвортой хөгжилд түүний засаглал нэн чухлаар тавигддаг.Их сургуулийн засаглалд төр засгийн бодлого, олон нийтийн оролцоо, эрдмийн хамт олны удирдлага зэргийг зохистой байдлаар тусгасан загварыг олон улсын судлаачид боловсруулсан байдаг.Бүхэлдээ их сургуулийн засаглал улстөрөөс хараат бус байх ёстой,учир нь энэ бол академик байгууллага.
Өнгөрсөн засгийн үед буюу 2016 оны эхээр Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулж, их сургуулийн захирлыг улстөрөөс хараат бусаар буюу Удирдах зөвлөлөөс нь сонгон шалгаруулж томилдог байхаар хуульчилсан байдаг.Гэтэл сонгуулийн дараа эрх баригчид уг хуулийг яаран өөрчилж, их сургуулийн захирлыг сайд томилдог болгон хуучин байранд нь аваачив.Зорилго нь ойлгомжтой, их сургуульд намын томилгоогоор нэг нөхрийг тавих.Нөгөө томилогдсон нөхөр нь оюутанд нэг ч цагийн хичээл зааж үзээгүй, шинжлэх ухаан, дээд боловсролын талаар ямар ч ойлголтгүй учироюутны сургалтын төлбөрөөр гадаадад бааханзугаалж, зуу зуун саяынүнэтэй машинаар гангарч,хоосон шоу хийхээсхэтэрдэггүй.Түүгээрч барахгүй олон улсын үнэлгээний байгууллагуудын зарчим, шалгуурыг интернетээс хараад ойлгочих чадваргүй учраас өчнөөн олон сая төгрөг зарцуулж мэргэжилтнүүдийг нь урьжөндөр өртөгтэй сургалт авч, гадны нэг байгууллагын бюллетинд их сургуулийн товч танилцуулгыг нийтлүүлэхийн тулд оюутны сургалтын төлбөрөөс 25,000 доллартөлж байх жишээтэй.
Товчхондоо,шинжлэх ухаан, дээд боловсролын талаар юу ч мэддэггүй, эрдмийн зэрэг, цолны ялгааг ч үл ойлгох, цаашилбал Web of Science, Scopus, h-индексийн талаар төсөөлөл ч үгүй нөхдүүдсудалгааны их сургуулийгхөгжүүлнэгэж байдаггүй юм.
Их сургуулиас улстөрөө хол байлга, энэ бол академик ертөнц!
МУИС-ийн багш, Шинжлэх ухааны
доктор, профессор Б. БАЯРТОГТОХ