Categories
мэдээ улс-төр

Су.Батболд НҮНТ-өөр зочлов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдод нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал байдаг. Тийм учраас дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байя гэж шийдэж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан.

Одоо бол иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаа шиг л авдаг болсон. Ингэснээр бид дарга нарын хүнд суртлыг арилгах тогтолцоог бий болгож чадсан юм” гэлээ.

Иргэдэд төрийн үйлчилгээг “Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарын үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 04-нөөс, “Мишээл” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 18-наас, “Драгон” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 23-наас эхлүүлсэн.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *