Төрийн ордны “А” танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах талаар хийх ажлаа ҮАБЗ-д танилцуулсны дараа ийнхүү мэдээлсэн юм.
С.Батболд агаарын бохирдлыг бууруулах гурван захирамж гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд:
-А 18 тоот захирамж гарган нийслэлийн суурьшлын бүсэд хязгаарлалт тогтоолоо. Нийслэлийн суурьшлын бүс төлөвлөлтгүй, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар газар олгож байсан учраас гэр хороолол хэт тэлсэн. Одоо 35,206 га газраас цааш гэр хорооллын суурьшлын бүсийг тэлэхгүй. Харин Багануур, Багахангай, Налайх, Төв аймагт шинэ суурьшлын бүс бий болгоно. Ингэж захиргааны аргаар хот хязгааргүй тэлэхийг хязгаарлана. БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж гарч, Агаарын чанарын дөрвөн бүсийг тогтоосон. Мэргэжлийн хяналтын байцаагчид агаарын хяналтын байцаагч болно. ТББ-ууд, иргэд, хяналт тавина.
Нэгдүгээр бүсэд хамрагдсан өрхүүд стандарт хангасан зуух, био түлш, газ хэрэглэнэ. ТҮЦ, дугуй засвар эрхэлж байгаа этгээд зуух хэрэглэхгүй.
Энэ бүсэд хамаарагдах сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч суурилуулна. Жирэмсэн эхчүүд, настануудад маск тараана. Гурав, дөрөвдүгээр бүсэд багтсан Улаанбаатар хотын орон сууцны хороололд нэг ч яндан ажиллуулахгүй. Энэ бүсэд яндангаас утаа гарах ёсгүй. Дэлхийн хотууд утаанаасаа салсан түүх хатуу хязгаарлалтын арга хэмжээ авсантай холбоотой. Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Үндсэн хуульд нэгдүгээрт бичигддэг. Харин оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх нэлээд сүүлд тавигддаг эрх.
Суурьшлын бүсээс гадна иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглосон. Дөрвөн уулын дунд хашаа хатгах газаргүй болсон. Зуухны стандарт дөрөвдүгээр сараас мөрдөгдөж эхэлнэ. Энгийн хийцтэй зуухыг зах худалдааны төвд худалдаалахыг хориглож байна. Одоо ажиллаж байгаа энгийн зуухнуудыг үе шаттай хална. Үүнд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажиллана. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөгөөний дагуу мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулна.
Гэр хорооллын утаанаас гадна агаар бохирдуулагч хоёр дахь эх үүсвэр нь тээврийн хэрэгслээс ялгардаг утаа. Бид он удаан жил явсан машиныг тодорхой үе шаттайгаар хязгаарлана. Хабрид, цахилгаан эсвэл хийгээр ажилладаг хөдөлгүүртэй автобуснуудыг нийтийн тээвэрт явуулна. Ийм арга хэмжээ авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах юм. Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн агаарын бохирдлыг 20 хувьд хүргэж бууруулахаар заасан байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд өмнө нь түүхий нүүрс тарааж байсан бол одоо сайжруулсан түлш олгодог болно.
Эдгээр арга хэмжээг ҮАБЗ-ийн гишүүд бүхэлд нь дэмжсэн. ҮАБЗ Улаанбаатарын утааг гамшгийн хэмжээнд байгаа учраас онцгой дэглэмээр ажиллахыг зөвлөсөн. Энэ бол байгалийн бус хүний үйл ажиллагаанаас учирсан гамшиг.
Нөхцөл байдал хүндэрсэн учраас аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа очиж амьдрахаар шийдсэн хүмүүстээ ажлын байр бий болгох, талаар хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
Хүний эрүүл мэндэд хортой бүсээс хүмүүс явах учиртай. Хотын захирагч нэг сая 300 мянган хүний эрхийг хамгаалахын тулд тодорхой эрхүүдийг хязгаарлаж байна. Улаанбаатар хот таны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эдлүүлэх боломжгүй болсон учраас эрүүл аюулгүй утаагүй орчинд амьдар гэсэн хязгаарлалт тавьж байгаа юм хэмээн хотын дарга тайлбарлав.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрч, бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр хүүхдийн эмнэлэг ашиглалтанд оруулна гэлээ. Нэг нь тун удахгүй үүдээ нээх юм байна.
Томуугийн дэгдэлт харьцангуй буурч 13 хувь байснаа 10 хувьд хүрсэн гэлээ. Одогоор 250 агаар шүүгчийг сургууль цэцэрлэгүүдэд тараагаад байгаа юм байна.
Б.ЭГШИГЛЭН