Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СТА, уртын дуучин Д.Үүрийнтуяа: Ардын болон уртын дуунд маш их ухаарал шингэсэн байдаг

Билгүүн номч Бямбын Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэн “LEGEND” энтертайнмент шоуг өв соёлоо дээдлэгч хүн бүхэнд зориулан бүтээж байна. Язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмент шоу хэлбэрийн тайзны бүтээлийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байгаа. Энэхүү шоу нь нүүдэлчний өв соёл, философи сэтгэлгээг чухалчилж буйгаараа онцлог юм. “LEGEND” шоунд 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч ажиллаж буй. Шоуны хөгжмийн найруулгын хувьд өвөрмөц бөгөөд бүхий л аялгууг нь шинээр зохиожээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү энтертайнмент шоуг долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19 цагаас “Corporate Hotel & Convention Center”- ийн концертын их танхимд тоглоно. “LEGEND” энтертайнмент шоунд оролцож буй Уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.


Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та “LEGEND” шоунд оролцож байгааюм байна. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

Энэ бол дэлхийн хэмжээнд гарах шоу гэж бид төлөвлөж байгаа. Энэ төслийг бид эртнээс төлөвлөж, бодож олон хүний оюун ухаан шингэсэн. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, үндэснийхээ урлагийг хайрладаг бүх хүмүүсийг ирж үзээрэй гэж урьж байна.

Тоглолтын найруулгын хувьд ямархуу байх вэ. Тайз засал гэх мэт?

Энэ бол тоглолтын сьюрприз. Та бүхэн тоглолтын найруулгыг хүрч ирээд сонирхоорой. Хөгжмийн найруулга нь маш өвөрмөц, шинэлэг байх болно. Битүү дэлгэцтэй учраас орчин үеийн техникийн шийдлийг үндэсний хэв шинжтэйгээ хослуулснаараа онцлог байгаа. Энэхүү шоуг үзэж таван мэдрэхүйгээ сэрээж, өөрсдийнхөө дотоод ертөнцийг сонсоорой гэж хэлмээр байна.

Шоунд оролцож байгаа уран бүтээлчдийн хувцсыг цоо шинээр урлаж байгаа гэсэн. Хувцасны зохиомжны хувьд ямархуу байх вэ?

Хувцасны зохиомж модерн талдаа.

Өнөөгийн залуус ардын болон уртын дуугаа сонсох нь багассан шиг санагддаг?

Би уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг төгсөөд арав гаруй жил болж байна. Сургуулиа төгсөөд л уртын болон ардын дууг орчин үеийн хэв маягт оруулж тайз, клипний хувьд олон өөрчлөлтийг хийж байсан. Үүний үр дүнд залуу уран бүтээлчдийг үндэснийхээ урлаг руу чиглүүлсэн болов уу гэж боддог. “Шуранхай” хамтлаг үндэсний хэв шинжийг орчин үеийн хөгжмийн найруулгатай хослуулан уран бүтээлээ туурвиж байсан.

Ардын дууг орчин үеийн хэв маягт оруулж дуулах тохиолдол олон болжээ. Энэ талаар та ямархуу бодолтой байдаг вэ?

Дуучид ардын дуугаа дуулаад л байна. Харин задгай хоолойгоор тал шигээ уужим дуулдаг язгуур хэв маягтай ардын дууны үг, аяыг нь өөрчлөөд, орчин үеийн хэв маягаар дуулаад байгаа нь надад таалагддаггүй. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Ардын дуугаа дуулж байна гэдэг залууст үндэснийхээ урлагийг хайрлах сэдлийг өгч байгаа.

Уртын дууны үгийг ухаж ойлговол их том сургаал байдаг шүү дээ?

Аливаа юмсын учир шалтгааныг ухаж ойлгох нь л хамгийн гол мөн чанар байдаг. Дууг сонсоод л өнгөрөх нь өнгөц ойлголт юм. Залуучууд ардын болон уртын дууг хөгшин хүмүүс л сонсох ёстой гэж ойлгодог. Гэтэл эдгээр төрлийн дуунд илүү их ухаарал шингэсэн байдаг.

Уртын дууг сонсоход дотоод сэтгэлийн их амар амгаланг олдог. Тэр утгаараа шашинтай төстэй ч юм шиг санагддаг л даа?

Уртын дуу Баян бараат, Төв халх, Баруун аймаг, Зүүн аймаг, Боржигон гэсэн таван аялгуунд хуваагддаг. Эдгээрээс Баян бараат аялгуу нь буддын шашнаас үүдэлтэй. Баян бараат аялгууны дуу лам ном уншиж байгаа мэт аялгуутай, үгийн хувьд буддын шашны сургадаг ариуслын үгтэй. Үг, ая хоёул буддын шашинтай төстэй байдаг учраас энэ аягууны дууг дуулахад шашны ном уншсантай тэнцдэг.

Үндэсний урлагаа шинэчлэх шаардлагыг хүмүүсийн сэтгэлгээ тулгаад байх шиг?

Шинэчилж байна гээд уламжлалаа мартаж болохгүй. Уламжлал, шинэчлэл хоёрыг хамтад нь авч явах нь л бидний гол зорилго болоод байна. Залуучуудыг үндэснийхээ урлагт дуртай болгож, тэднийг сайн сайхан зүйлд уриалах нь маш чухал зүйл юм.

Бид үндэсний урлагаа хүмүүст хүргэхийн төлөө нэгдэж ажиллаж чадаагүй маань том алдаа байсан байх?

Бүх зүйлийг ганцаарчилж хийдэг байсан нь бидний маш том алдаа. “LEGEND” төслийн хамгийн гол онцлог нь хүн бүр өөр өөр ажлыг хийж байгаа.Төслөөрөө бид балетын урлаг, циркийн урлаг, дуучид, найруулагчийн баг гэх мэт олон уран бүтээлчдийг нэгтгэн ажиллаж байна.

“Шуранхай” хамтлагийн хувьд ч гэсэн нэг баг болон ажиллаж чадсан учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх?

“Шуранхай” хамтлаг хөгжмийн найруулга, клипний зураг авалт, тайзан дээр тоглосон найруулгын хувьд шинэчлэлийг авчрах гэж хичээн ажиллаж байсан. Түүний үр дүнд хүмүүст хүрч чадсан. Бид найруулгын хувьд шинэлэг байхыг хичээсэн, дуулалтын хувьд яг уламжлалаа барьсан, харин хөгжмийн найруулгын хувьд маш олон урсгалыг тухайн үед тайзан дээр тавьж байлаа. Урлаг өөрөө шинэчлэгдэж байдаг зүйл.

“Шуранхай” хамтлагийн тарсан шалтгаан юу байсан бэ, нууц биш бол?

Олон хүний сэтгэл зүрх нийлж хамтлаг бүтдэг. “Шуранхай” хамтлаг сайхан уран бүтээл олныг хийсэн. Гэхдээ эмэгтэй уран бүтээлчдийн өмнө тулгардаг нэг зүйл бол хувийн амьдрал байдаг. Тиймээс гэр бүлээ зохицуулахын тулд л хамтлаг тарсан даа.

Монгол үндэсний урлагийн нэгэн гайхалтай чанар нь хүүхдийг хүмүүжүүлдэг. Урлаг хүүхдүүдэд сайн хүн болохын суурь төлөвшлийг суулгаж өгдөг юм шиг санагддаг?

Монгол хүүхэд эхийнхээ гэдсэнд байхаасаа эхэлж бүүвэйн дуу сонсдог, хүүхэд төрөөд тууль, үлгэр, домог, уртын болон ардын дууг сонсож зөөлөн байдлаар хүмүүждэг. Гэтэл орчин үед хүүхдээ бүүвэйлэхээ болиод түүний оронд утсан дээрээ хөгжим тавьж сонсгоод унтуулчихдаг болсон. Ийм учраас бид үндэсний урлагаа сонсож байгаач ээ гэж залууст уриалаад байгаа юм. Гадны хөгжмийг битгий сонс гээд байгаа юм биш. Гэхдээ бид үндэснийхээ уянгалаг хөгжмийг бас сонсох хэрэгтэй. Хөгжим сонсож өссөн хүүхэд өр зөөлөн сэтгэлтэй, аливаа зүйлд эерэгээр ханддаг сайн хүн болон төлөвшдөг.

Ярилцсанд баярлалаа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *