Сар шинийн босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн болсон Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийнхийг шинийн дөрөвний өдөр зорилоо. Л.Гаваасүрэн хурандаагийн эхнэр нь “Бодолд өнжсөн хайр”, “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрлаарай” зэрэг олон сайхан дууны аялгууг хийсэн хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг гэдгийг уншигчид андахгүй. Эдний том охин нь дуучин Эрдэнэтунгалаг. Урлагийн гэр бүл гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн хурандаагийнх Замын цагдаагийн хажууханд есөн давхар орон сууцанд амьдардаг юм байна. Хаалганых нь хонхыг дарахад зээ охин нь үүдээ нээв. Зээ гэдэг нь дуучин Эрдэнэтунгалагийн охин Есүй. Бүрх малгай, торгон дээлээр гоёсон гэрийн эзэгтэй “Сониныхон хүрээд ирэв үү, хүний хөл тасрахгүй л байна шүү” гэж инээмсэглэсээр ширээнээ урив. Бууз, салат, тавгийн идээ, сархад ундаа өрсөн ширээний хойморт гэрийн эзэн сууж байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ухаа шаргал өнгийн дээлээр ижилсжээ. Золгож, хөөрөг зөрүүлсний дараа яриа хөөрөө эхэллээ. Зочны өрөөний ханаар дүүрэн түүх өгүүлсэн зураг дурсгалууд. Гэрийн эзэн хоймортоо залсан Янжинлхам бурханыхаа дэргэд зогсоод “Б.Лхагвасүрэн найрагч бид дотны найзууд байлаа. Гурван удаа Болор цом авсан их найрагчийн нэг Янжинлхам нь энэ байгаа юм. Манай хоёр хөрш зэргэлдээ амьдардаг байлаа, нэгэн үе. Лхагвасүрэн маань нэг өдөр эхнэрээ дагуулчихсан, хуйлаатай зүйл сугавчилчихсан ороод ирлээ. Тэгж л ирсэн эрхэм дурсгал даа. Төрдөө үнэлэгдсэн гавьяат болоорой гээд дурсгаж билээ. Тэр эрхэм ерөөл нь биеллээ” гэж дурсав. Зочны өрөөний хананд Отгонтэнгэр хайрханы зургийг хүндэтгэлтэйгээр голлуулан залсан нь нүднээ содон. Л.Гаваасүрэн хурандаа Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд төржээ. Хажууханд нь жаазлан өлгөсөн овооны зураг ч утга учиртай эд аж. Увс нуурын эрэгт байх Цагаан эргийн овооны зураг юм байна. Гэрийн эзэгтэй Увсын Тэсийн бүсгүй учраас нутгийнхаа овооны зургийг зочны өрөөнийхөө хойморт залжээ.
Л.Гаваасүрэн хурандаагийн уг удамд алдартай лам нар олон байж. Гэрийн эзэн сүүтэй цай оочлонгоо “Өвөө минь 11 хүүхэдтэй айлд мэндэлсэн хүн. Тав нь охин, зургаа нь хүү. Зургаан хүүгийн тав нь бурханы ном үзсэн. Зүгээр ч нэг хуварга биш, бүгдээрээ номд нэвтэрсэн лам нар байсан гэдэг. Нэг нь гэхэд л нутагтаа хүндлэгдсэн маарамба байсан юм билээ. Нэр нь Санжжав л даа. Гэхдээ нутгийнхан нь Чүнж маарамба гэж авгайлан дуудаж явж. Манай нутагт Халтарын хүрээ, Голын хүрээ гэж хоёр том хийд байсан. Хоёр авга маань тэр хийдүүдийн том лам нар байж. Таван охинтой гэж ярьсан даа. Таван ах нь мундаг лам нар байсан учраас бүсгүй дүү нар нь тогоог нь барьдаг байжээ” хэмээн удам судраа дурсав. Хэлмэгдүүлэлтийн үед ах дүү таван ламын дөрвийг нь буудан хороожээ. Гэрийн эзний өвөө амьд үлдсэн ганц нь.
Л.Гаваасүрэн хурандаагийн аав Лэгдэнсүрэн эхээс гурвуулаа аж. 1930-аад оны эхээр Гандан хийдэд шавилж суусан аав нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байж. Л.Гаваасүрэн хурандаагийн ээж үе удмаараа малчин айлд мэндэлжээ. Ээжийнх нь ээж их өнөр айлын охин байж. Гэрийн эзэн “Миний эмээ чинь эхээс 22-уулаа. Элэнц эмээ маань дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн гэдэг.
Тэгээд л 18 төрөхдөө 22 хүүхэд гаргасан хэрэг л дээ” хэмээн хууч дэлгэв. Таван настайдаа ахтайгаа хамт сургуульд орсон, дөрвөө төгсөөд нэгдлийн хоньчин болсон, сүүлд 1969 онд хотод орж ирээд оройгоор бүрэн дунд, дээд боловсрол эзэмшсэн гэж ирээд яривал гэрийн эзний намтар сонин содон түүхээр дүүрэн юм.
Улаанбаатарт шилжиж ирэх гэж бөөн адал явдал болж байж. Л.Гаваасүрэн хурандаа “Тухайн үед эмчлүүлэх, албан тушаал дэвших гэх мэт цөөхөн шалтгаанаар нийслэлд шилждэг байлаа. Ээж эмчлүүлэх болоод манайх нийслэлд шилжиж ирсэн түүхтэй. Паспорт олдохгүй, орой болгон хөөгддөг байсан минь санаанаас гардаггүй дурсамжийн нэг дээ. Сүүлдээ муу аав минь хаалга дуугарахаар цочиж ухасхийдэг болчихсон байж билээ. Паспорттой болж байна гэж зүүдэлнэ шүү дээ” гэж хотын хүн болж байсан олон жилийн өмнөх дурсамжаа сөхөв. Зүүдэлж мөрөөдөж явсан паспорт олгодог газрынхаа дарга байснаа бас ярилаа. Гэрийн эзэн жигнүүрээс дөнгөж гарсан буузнаас өмнөх тавгандаа хийнгээ “Намайг иргэний бүртгэлийн хэлтсийн дарга байх үе шилжилтийн хэцүү цаг байсан. Амьдрал хөөгөөд хөдөөнөөс ирсэн хотын паспортгүй улсад ажил олдохгүйгээс эхлээд саад бэрхшээл их. Зовлонг нь мэдэрсэн учраас ирсэн болгоны асуудлыг шийдээд өгчихдөг байлаа. Нийслэлийн хүн амын өсөлтөд их хувь нэмэр оруулсан байх аа, би” гэж хэлээд хөгжилтэй инээв. Л.Гаваасүрэн хурандаа цагдаад 47 жил ажиллажээ.
Бидний яриа ид дундаа өрнөх үеэр хонх дуугарлаа. “Сүлд” чуулгын уран бүтээлчид даргатайгаа золгохоор иржээ. Дуучин Долгормаа, Содномдаржаа, Хатанбаатар, морин хуурч Батбаяр нар ирснээр яриа хөөрөө бүр хөгжөөд ирэв. Гэрийн эзэгтэй СУИСийг байгуулагдсан үеэс хойш багшилсан учраас золгуутаар ирсэн залуус “Багш аа” гэж хүндлээд жигтэйхэн. Оюутан цагийн хөгжилтэй дурсамж, чуулгын уран бүтээлийн сонин сайхнаар хачирласан яриа сүүлдээ концерт болж хувирав. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурын аялгуун дор Содномдаржаа “Элгэн нутаг”ийг дууллаа. Гэрийн эзэгтэйн аялгууг нь хийсэн энэ дуу 2006 оны “Морин хуур” наадмын Гран При хүртжээ. Долгормаа мөн л багшийнхаа зохиосон “Цагдаагийн гэргийн дуу”г дуулав. Гэрийн эзэгтэйн хайртай дуу гэнэ. Л.Гаваасүрэн хурандаа маршал Чойбалсангийн тушаалаар анх байгуулагдсан “Сүлд” чуулгынхаа талаар яриа дэлгэх дуртай юм. Гэрийн эзэн “Энэ сайхан залуусынхаа хүч хөдөлмөр, уран бүтээлийн гэрэл гэгээгээр соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй шагнал авлаа” хэмээлээ. Хоёр жилийн дараа Монголын цагдаагийн байгууллагын 100 жил, “Сүлд” чуулгын 85 жилийн ой тохиох юм байна.
Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт зүйлсийг нь сонирхоход гэрийн эзэн “Амьдралын өмнө нугарахгүй хатан чанарыг эцэг өвөг минь үлдээжээ гэж сүсэлж явдаг даа. Дээдэс минь гайхалтай малч улс байжээ, одоо эргээд бодох нь ээ. Өвөө маань мориныхоо амгайг ханцуйлж явдаг байлаа. Мориныхоо амыг хайрахгүй гэж тэр шүү дээ. Тийм л мундаг малч улс байсан” гэв.
Сүлд чуулгынхныг гарсаны дараа хүн сийрэх үеэр гэрийн эзэгтэйтэй хууч хөөрлөө. Сар шинээр эднийд 200 гаруй хүн ирдэг юм байна. Энэ жил дунд охин нь Есүйтэй хамт зочдод үйлчилж байгаа аж. Бага охин нь нялх биетэй учраас шинийн нэгэнд хоночихоод явжээ. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн уугуул нутаг нь Увс аймгийн Тэс сум. Баяд ястан. Аав нь Увс аймгийн Тэс сумын нэгдлийн анхны даргаар ажиллаж байж. Нэгдэл байгуулахаар хуралдаж байтал хүү төрлөө гэсэн мэдээ иржээ. Тав дахь хүүгээ Нэгдэл гэж нэрлэсэн нь ийм түүхтэй юм байна. Нэгдэл начины хүү нь өдгөө улсын заан Жаргалбаяр. Гэрийн эзэгтэй бөх, урлагийн удамтай гэж сонирхуулав. Айлын зургаан хүүхдээс хамгийн бага нь аж. Ахыг нь бөх, өөрийг нь урлагийн хүн болоход аавынх нь нөлөө их байжээ. Урлагт хөл тавихад эмээ нь их нөлөөлж. Гэрийн эзэгтэй бидний өмнө салат таваглаж тавингаа “Эмээ минь янз бүрийн хөгжим тоглодог хүн байсан юм. Морин хуур хачин сайхан тоглоно. Ээж маань зочломтгой гэж жигтэйхэн хүн байлаа. Нэг хонины мах гурав хоноод л дуусдаг байж билээ. Аавынхаа нэг үгийг амьдралынхаа дадал болгосон доо. Ядарсан нэгэнд дэмтэй яваарай гэсэн үг нь өнөө ч сэтгэлд тод байдаг. Эрдэнэтунгалаг яг манай аавыг дуурайсан дайчин зантай. Бас их өглөгч. Эрдэнэтунгалаг бид хоёр хүнд юм өгч байж л тайвширдаг улс” гэж хэлээд тас тас хөхөрлөө. Гэрийн эзэгтэйн үе үе тасхийлгэх хөгжүүн инээд энэ гэр бүлийн эерэг дулаан өнгийн нэг том хэсэг нь байх аа, байсхийгээд л инээд цангинуулан сонин сайхан хууч дэлгэнэ.
Гэрийн эзэгтэйг долоон настай байхад Мөрдорж гуай нутагт нь очиж байж. Өөрөөсөө том баян хуур хөгжмийг түүртэлгүй тоглох жаахан охиныг хотод урлагийн сургууль руу авч явах гэтэл ээж нь уйлаад явуулаагүй гэнэ. Хөгжмийн зохиолчийг бага байхад аав нь 1000 төгрөгөөр баян хуур хөгжим авч өгч байжээ. Алтан үеийнхний багш байсан “Солгой” Баяр гэж хүнээр багадаа хөгжим заалгаж байснаа сонирхуулав. Дунд сургуульд байхдаа багшийнхаа дарсан ямар ч аяыг тэр дор нь сурчихаад хөгжимдөж суудаг адтай охин явснаа ярилаа. Бүр сүүлд багшийн сургуулийн хөгжмийн ангид байхдаа л нот сурч эхэлжээ. Ямар ч нотгүйгээр дээд сургуулийн хөгжмийн дөрөвдүгээр курсийнхны тоглодог аяыг түвэггүй эгшиглүүлсэн хөдөөний охин тухайн үедээ их сургуулийн багш нарын гайхширлыг төрүүлж явж.
Багшийн сургуульд Төрийн соёрхолт Чинзоригийн шавь байж. Чинзориг багш нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн гэнэ. Сургуулиа төгсөөд дөрвөн жил багшилсны дараа Эрхүүгийн багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангид элсэн суралцжээ. 2000 оноос хойш хөгжим зохиох ажилд дурлаж оржээ. 1999 онд ээждээ зориулж “Сэтгэлд мөнхөрсөн ижий” дуугаа хийсэн юм байна. “Номин талст” хамтлагийнхны ардын жүжигчин А.Долгортой хамтран амилуулсан энэ дуу өнөө ч эгшиглэсээр байгаа. Энэ дуугаараа “Алтан микрофон” хөгжмийн наадмын шилдэг хөгжмийн зохиолч шагналыг авч байж. Үүнээс хойш “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлдаг говь”, “Зүүдэнд уяатай аав” дуунуудаа бүтээжээ. “Ханьсахын жаргал” дууны түүх нь их сайхан. 2003 оны гуравдугаар сарын 8нд төрсөн дуу аж. Мартын наймны өглөө сэртэл Л.Гаваасүрэн хурандаа төгөлдөр хууран дээр шүлэг бичээд үлдээчихсэн байж. Гэрийн эзэгтэй “Ханийнхаа үлдээсэн шүлгийг уншаад баярласан мэдрэмжээ зүйрлэхэд үг дутах байх. Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй гэсэн мөрнөөс л аяа олсон. Үүнээс илүү яаж хайрлах вэ дээ. Аяа хийчихээд өдрийн цайны цагаар нь ханийгаа дуудаж сонсголоо. Манай хүн ч сайхан дуу болж гэж урам өгсөн. Эрдэнэтунгалаг сонсонгуутаа, би дуулъя гээд авчихсан. Тэгж л төрсөн дуу даа” хэмээн дурслаа. Эрдэнэтунгалаг дуучны хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажилладаг, харин нөгөө нь урлагийн чиглэлээр төсөл дээр ажилладаг юм байна.
Гэрийн эзэгтэй яриа хөөрөө дэлгэж цай аягалах зуур Л.Гаваасүрэн хурандаа манай бас нэг шүтээн Наро Банчин гэгээнтний дурсгасан Очирваань бурхан. Наро Банчин гэгээнтэн чинь манай нутгийн хүүхэд шүү дээ. Түүнийг гэгээнтэнд залахад би албан бус ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан юм. Дүр тодруулна гэдэг овоо ажил болдог юм билээ. Хамгийн гол нь урд насны дүрийн шинж чанарыг сайн мэдэж байх ёстой. Наро Банчин гэгээнтний урд төрөл “Би эргэж нутагтаа төрнө. Буянт голоо өгсөж төрнө” гэж хэлж байсан гэдэг. Бүхэл бүтэн шашин судлаачдын баг бүрдүүлж урд үеийн захиж хэлсэн шинжүүд гэгээнтэнд бий эсэхийг судалсан. Наро Банчин гэгээнтэн манай Гандан дамжиж өссөн гурван гэгээнтний нэг нь. Тэр хутагтуудаас Наро Банчин гэгээнтэн ганц орчин үеийн боловсролтой нь юм хэмээн хуучлав. Наро Банчин гэгээнтэнд урд насных нь шинж тэмдэг олон байдаг аж. Гэгээнтэнд зориулсан дууны хөгжмийг гэргий нь хийж, шүлгийг нь Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж бичжээ. Эл дууг МУГЖ С.Ганзориг дуулж амилуулсан байна. Биднийг ийн хөөрөлдсөөр суутал гадаа аль хэдийнэ бүрэнхий болсон байлаа. Биднийг явах дөхөхөд гэрийн эзэгтэй баянхуураа тоглож, зээ охин Есүй нь “Катюша”, “Миний ээж тэмээчин” дууг дуулсан юм. Тэрээр бага байхад нь гэрт нь хүн орж ирэхэд би “Катюша”-гаа дуулъя гэдэг байж. Урлагт хайртай гэр бүлийн нэг өдөр дуутай хууртай, хүн олны хөдөлгөөн ихтэй ийм өрнүүн байлаа.
Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА