ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “To hear for life, listen with care” буюу Насан туршдаа сонсохын тулд анхааран халамжилж сонс” уриатай тэмдэглэж байна.
Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий. Насжилттай холбоотой сонсгол бууралт, сонсголын алдалт үүсэж байдаг бөгөөд 65-аас дээш насны 3 хүн тутмын нэгнийх нь сонсгол хэвийн бус болдог байна.
Энэхүү өдрөөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Чих хамар хоолойн кабинетын эмч нар сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг явуулж байна. Мөн эмнэлэгт энгийн үйлчилгээ авч буй иргэдийн сонсголыг шалгах, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх гарын авлага бэлтгэн тарааж байгаа юм. Хоёр хүн тутмын нэг нь шуугианы улмаас сонсгол алдагдах эрсдэлтэй байдаг аж. Тиймээс шуугиантай ажилд зарцуулах цагийг зохицуулах, сонсох түвшинг хянах, дууны түвшинг бага байлгах, чихээ чанга дуу чимээнээс хамгаалах зэрэг энгийн зан үйлийг байнга хэрэгжүүлэхийг эмч нар зөвлөж байна.
Монгол Улсад 2020 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8585 хүн байдаг. Үүний 3789 нь эмэгтэй , 4194 нь эрэгтэй, үлдсэн нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна.