Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн зохиолч Сономын Лочинтой ярилцлаа.
-Таныг “Эсэргүү Лочин” гэдэг. Хэнийг ч зоримог шүүмжилж, үнэнийг нь ил цагаан хэлдэг учир тэгж нэрлэсэн байх. Их утга зохиол, сэтгүүл зүйд өдий олон жил явж ирэхдээ хичнээн хүнийг үзэгнийхээ үзүүрээр нам авсан бэ?
-Би бол бодсоноо л бичдэг хүн. Хүнийг худлаа гүтгэж, доромжилж байсангүй. Гашуун үнэнийг нь ил цагаан хэлж ирсэн. Хэн нэгэнд долигонож ая тал засч сураагүй. Үнэнийг хэлэхдээ айж байсангүй. Алдар цолтой, эрх мэдэлтэй хэн ч байсан үнэнийг нь хатуу хэлдэг байсан. Очирбатыг Ерөнхийлөгч байхад “Үнэн” сонинд бүтэн гурван нүүр материал хэвлүүлж шүүмжлээд хаясан юм даг. Монголчуудыг Манжийн дарлалд байгаагүй гэх утга бүхий үгийг төрийн наадмын баярын хурал дээр хэлж болчимгүй загнасных нь төлөө шүүмжилсэн байхгүй юу. Утга зохиол хэмээх их далайд арван зургаан настайдаа хөл алдан унаснаас хойш нугачаа, нухлуулалт, доромжлол, завсар зайгүй дайралт, их донсолгоо, сэгсрэлтийн дундуур жаран жил бэдэрч ирж дээ. Манай зохиол уран бүтээлчид хүнийг хэтэрхий магтдаг хүмүүс. Миний бие сайн сайхан зүйлийг мэдээж магтана. Гэхдээ худлаа магтаж сураагүй юм. Утга зохиолд зүтгэсэн он жилүүдэд хэмжээгээ алдсан их зүйл сараачжээ. Зөвхөн роман гэхэд л “Сэтгэлийн өнгө”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Насны зам”, “Сарны гэрэл”, “Сүйрэл”, “Гал голомт” гээд арав гараад явчихаж байна. Сүүлд “Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэх анти роман бичиж хэвлүүллээ. “Эргэж бодох бодол” киног хүмүүс мэднэ. Ч.Алтан-Өлзий, Б.Цэрэнпагма гээд авьяаслаг жүжигчид тоглосон юм. За тэгээд судалгааны бүтээл, сэтгүүл зүйн туурвил, орчуулгын бүтээл гээд яривал барагцаалах юм биш. “Шар туужийн судалгаа”, Чингэс хааны тухай томоохон судалгааны бүтээл ширээн дээр минь байж л байна.
-Монголын уран зохиолд Д.Нацагдорж судлалын голлох эрдэмтдийн нэг гэвэл таныг зүй ёсоор нэрлэнэ. Нацагдоржийг хэдий үеэс судалж эхэлсэн бэ?
-1981 онд дэд эрдэмтний зэргээ Д.Нацагдоржийн гар бичмэлийг хэвлэгдсэн эхтэй нь тулгасан бичвэр судлалаар хамгаалсан юм. Харин ерэн есөн онд шинжлэх ухааны докторын зэргээ “Монголын хуучны уран зохиолын бичвэрийн судалгаа, шинэ уран зохиолын бичвэрийн судалгаа” гэсэн хоёр бүлэгт бүтээлээр хамгаалсан. “Хураангуй алтан товч”, “Нууц товчоо”, “Шар тууж” тэргүүт Монголын түүхэн сурвалжит гурвын зохиолыг хэвлэгдсэн эхтэй нь тулгалт хийсэн. Хуучны уран зохиолын бичвэр судалгаа гэдэг нь энэ л дээ. Орчин үеийн уран зохиолоос Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гурвыг авч үзэн анхны хэвлэгдсэн эхтэй нь тулгаж нарийвчилсан судалгааг хийсэн. Нацагдоржийн сэрүүн тунгалаг ахуйд нь хэвлэгдсэн зохиолуудыг тухайн үеийн хэвлэлийн газар хэрхэн хасч, зохиол бүтээлд нь хайр найргүй хандаж байсныг тогтоосон. Дамдинсүрэн гуайн “Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”, “Сталины далан насны ойд зориулсан ерөөл”, “Мао Зэдуны жаран насны ойд зориулсан ерөөл” гэсэн гурван зохиолыг мөн тулгалт хийж, улс төрийн байр сууринаас хэрхэн өөрчлөгдсөнийг нь харьцуулсан. Ринчен гуайн “Үүрийн туяа” роман дээр ажилласан. Үндсэндээ, 1951 онд хэвлэгдсэн анхны хэвлэл, 1971 онд хэвлэгдсэн хоёр дахь хэвлэл хоёрыг хооронд нь тулгаж үзээд бас ялгааг нь олон түмэнд дэлгэсэн. Ингэж Монголын утга зохиолч бичвэрийн судалгаа гэдгээ эртний болоод орчин үеийн бүтээл туурвил дээр зэрэгцүүлэн авч үзсэнээрээ эрдмийн ажил маань үнэ цэнтэй болсон доо.
-Саяхан Баабарын “Нэпко” хэвлэлийн газраас түүхэн хүмүүсийн тухай цуврал бүтээлүүд гаргасан. Нацагдоржийн тухай та бичсэн байна лээ?
-“Нэпко”-гоос эрхлэн гаргаж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын эхний таван ном уншигчдын гарт очоод удаагүй байна. Түүнд миний “Нацагдорж” гэсэн ном багтсан. Баабар “Лочин гуай та Нацагдоржийн талаар ном бичнээ. Нацагдоржийг судалж байгаа хүн хамгийн түрүүнд таны номыг л авч уншдаг байх тийм хэмжээний бүтээл хийнэ шүү. Урьд өмнө нь бичээд улиг болсон зүйлээ дахин бичихгүй шүү” гэсэн хатуухан үүрэг даалгавар өгсөн. Их өндөр шаардлага тавих чинь уран бүтээлч хүнд маш тустай л даа. Тухайн хүн өөрийгөө маш өндөр хэмжээнд тавьж, сайн бүтээл туурвих тухай бодно. Миний бие өмнө нь “Нацагдоржийн зохиолын бичвэрийн судалгаа”, “Сарны гэрэл” эссэ роман гээд туурвилууддаа Нацагдоржийнхоо тухай багагүй бичсэн. Саяны гаргасан “Нацагдорж” ном бол Нацагдорж судлалд өмнө нь тэр бүр сөхөгддөггүй, сөхөгдлөө ч бүдэг байсан зүйлүүдийг тодорхой дэлгэж гаргасан. Үүнийг би бардам хэлнэ.
Эрдэмтэн Э.Хэништэй холбоотой материалууд бол урьд өмнө байгаагүй баримт. Э.Хэниш Монголд ирээд Эрдэнэбат хаантай ямар холбоотой байсан, Нацагдорж тэр хоёрын хооронд ямар зөрчил байсан юм гээд өмнө нь тэр сөхөгдөж байгаагүй баримтуудыг энэ номонд олж хийсэн. Нацагдоржийг 1929 оны хавар Германаас буцаж ирсэн гэдэг. Захидлуудыг нь хараад байхад 30-аад оны эхэн үед Германд байсан баримтууд бий. Тамхи татсан хэргээр Нацагдоржийг сургуулиас нь хөөх болоход герман оюутнууд өмөөрч сургуулийн захиргаанд захидал, өргөдөл бичиж байсныг нь хүртэл олсон.
-Нацагдоржийн бүтээл туурвилуудыг уншихад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзчихсэн, мөн язгуур гарал түүхээ маш сайн судалсан хүн юм байна гэдэг нь яалт ч үгүй мэдрэгддэг?
-Намын төв хороонд байхдаа намын ажлаар хөдөө аймгуудаар явж байжээ. Экспедицийн ажлаар Монгол орныхоо зүүн хязгаар Хан Хэнтий аймаг цаашлаад Дорнод аймаг руу явсан байдаг. Зөвлөлтийн эрдэмтэдтэй түүх дурсгалт газруудаар багагүй явсан баримтууд бий. Жамсрангийн Цэвээн гуайтай Сэлэнгийн Ерөөд байхдаа “Капитал”-ын орчуулга дээр хэсэг хугацаанд суусныг манайхан мэднэ. Сонин болгож өгүүлэхэд, 1923 онд Зөвлөлтөд байх Элчингийн нарийн бичгийн даргаар томилогдоод өртөөгөөр хойшоо явжээ. Хиагт хүрээд бие нь муудаж эцэг Дашдорж нь хотын цагдаагийн дарга байхдаа Нацагдоржийг замаас нь буцааж авчирч гэдэг. “Миний нутаг” сонгодог туурвилынх нь тухай Дамдинсүрэн багш, Дожоогийн Цэдэв бид хэд багагүй судалж бичсэн. Нацагдорж бол өөрийн тань хэлснээр Монголынхоо түүхийг гаргуун мэддэг хүн байжээ. Монголын түүхийн тухай ном бүтээл ч бичиж байсан. Монголын он тооллыг их эзэн Чингэс хаанаасаа эхлэх нь зөв гэсэн санааг дэвшүүлж байсан удаатай. Чингэс хааны төрсөн оноос Монголын он тоолол эхлэх учиртай гэж үзсэн, тийм л халуун эх оронч юм. Энэ олон жилийн хугацаанд Их Нацагийнхаа оюун билгийн ертөнцөөр туучихад өчүүхэн надад мэдрэгдсэн нэг зүйл бол түүн шиг өргөн мэдлэгтэй болох юмсан гэх аугаа хүсэл. Нацагдорж бичиг соёлын өндөр мэдлэгтэй хүн байсан нь олон зүйлээс илэрхий мэдрэгддэг. Эртний грек, латин үсгийг судалж, таашаан байсан. Хуучин бичиг үсгээ шүүмжилж байсан түүх ч бий.
-Нацагдоржоос гадна таныг Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай ном бичсэн гэж дуулсан. Дамдинсүрэн гуайтай ойр явсан он жилүүдээ дурсахгүй юу?
-Да багш бид хоёр жараад оны үеэс танил юм. Эрдэнийн Вандуй гуай намайг Да багштай танилцуулж байлаа. “Нацагдорж судлалыг сонирхож байгаа хүн Дамдинсүрэн багштай уулзах ёстой” гээд дагуулж очин танилцуулж байв. Тэр цагаас хойш амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл ойр дотно явжээ. Эрдмийн зэрэг хамгаалахад маань хамгийн их баярласан хүмүүсийн нэг Дамдинсүрэн гуай. “Би хүртэл өөрийнхөө алдааг мэдэхгүй явжээ. Энэ Лочин хэлээд өглөө” гээд суудал зэрэгцээд суучихсан, жигтэйхэн баяртай байж билээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа орой “Сансар” ресторанд хүлээн авалт хийсэн. Тэр чинь наян нэгэн он. Уг хүлээн авалт дээр Дамдинсүрэн гуай залуучуудтай хундага тулгаж, бүр болоогүй бүжиглэж байлаа шүү дээ. “Зуун билэг” зохиолынх нь эх хүртэл надад хадгалагдаж байна. Бид хоёр хамтдаа нэг үе цагаан хоолонд явж байв. Хорьдугаар зуунд Дамдинсүрэн, Жамсрангийн Цэвээн, Ринчен гуай энэ хэд шиг ухаантай хүмүүс дахин төрөөгүй юм билээ. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд Дамдинсүрэн гуайгаа бичээд өгсөн. Дараа нь Жамсрангийн Цэвээнийг бичнэ гэдгээ Баабарт хэлсэн байгаа.
-Далаад оны эхээр Ринчен гуайг айхтар шүүмжилж, түүнээсээ болоод утга зохиолын дараа үеийнхэндээ янз бүрээр хэлэгдсэн тал бий. Яагаад Ринчен гуайг шүүмжлэх болсон юм бол. Тэр тухай та ер нь ярьдаггүй?
-“Далан насанд даруулга хэрэгтэй” хэмээн Ринчен гуайн тухай намайг бичсэн гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Тэгвэл тийм биш шүү дээ. Тэртээ 1954 онд Дашзэвэгийн Сэнгээ тэгж бичсэн юм. “Хөдөлмөр” билүү, “Намын үнэн” сонинд хэвлэгдэж байсан санагдана. Ринчен гуайг доромжилж бичсэн шүлэг. Түүнийг над руу тохоод байдгийг би гайхдаг. Миний бие “Зохиолчийн үзэл санаа ба хариуцлага” гэдэг шүүмжийн бүтээл “Утга зохиол” сонинд хэвлүүлж байсан. Одоо би үнэн мөнийг хэлье л дээ. Төв хорооноос өгсөн даалгавраар л бичсэн зүйл шүү дээ. Энэ тухайгаа ном зохиолдоо бичнэ гэж бодож байгаа. Тухайн үед би Хэвлэлийн редакцид утга зохиол хариуцдаг хүн байлаа. “Ринченг шүүмжилж бич” гээд Хасбаатар багш даалгавар өгсөн. Хасаа багш тэгэхэд Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Дэжидийн Чимэддоржийн үзэл суртал харьцсан ерөнхий зөвлөхөөр нь ажиллаж байсан үе. Би гэдэг хүн Их сургууль дөнгөж төгсөөд хоёр жил болж байв. Олонд танигдаж байгаа залуу хүнээр бичүүлье гэж бодсон юм билээ. Тэгээд намайг сонгосон байдаг. “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Сэтгэлийн өнгө” романууд маань хэвлэгдчихсэн байсан үе л дээ. Ринчен гуайн тухай бичсэнийг эргээд уншихаар ноцтой, сүртэй зүйл огт байдаггүй. Би худлаа юм бичээгүй, зөвхөн үнэнийг баримттай бичсэн. Одоо ч түүнээсээ буцахгүй. Нацагдоржоос олж авсан нэг зүйл бол ямар ч үед үнэнийг хэлдэг байх шударга зарчим юм.
-Сүүлд нь асуухад, Монгол Улсын шинжлэх ухааны академиас “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөлийг анх хүртсэн зохиолчдын нэг та байх шүү?
-Миний бие Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд арав гаруй жил ажилласан байна. Эрдэм оюуны алтан өлгий болсон энэ газар Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас аваад Ш.Лувсанвандан багш, Э.Вандуй сүүл үеэс Хорлоогийн Сампилдэндэв, Жавзмаагийн Цолоо гээд оюуны цаст оргилууд өртөөлөн ажиллаж ирсэн. Академид ажиллаж байхдаа эрдмийн гол гол бүтээлүүдээ туурвисан байдаг. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлүүд хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байсан. Тэгэхээр Нацагдоржтой би тэнд учирсан хүн юм. “Монголын утга зохиолын лавлах толь” гэсэн томоохон хэмжээний бүтээлийг Сампилдэндэвийнхээ зөвлөснөөр гардан хэвлүүлж байлаа. Орчин үеийн утга зохиолын урдаа барьдаг толь шүү дээ.
Ярилцсан Н.ГАНТУЛГА