Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сониноос бусад нь сантай боллоо

УИХ өнгөрсөн долоо хоногт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа. Батлагдаад удаагүй энэ хуулиар телевизийн сайн контентыг дэмжихээр болоод байна. Улсын төсөв болон хандиваар бүтсэн дундын сантай болох, тэр санд цугласан мөнгөөр телевизийн сайн контентыг урамшуулж дэмжих бодлого хэрэгжиж эхлэх нь. Товчхондоо Монгол Улс Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сантай болж байна. Хар ухаанаар бол телевизүүд дундаа ЖДҮ-ийг дэмжих сан гэдэг шиг сантай боллоо гэсэн үг. Телевизийн контентын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага бий юү гэвэл бий. Олон нийтэд нөлөөлдөг мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаар нь цэнхэр дэлгэцийн контентын чанар сайжирвал нийгэмд тэр хэрээр эерэг нөлөөтэй. Хүүхдийн нэвтрүүлэг ашиг багатай учраас чанартай сайн нэвтрүүлгүүд ховор гэсэн асуудлыг телевизийнхэн хөнддөг. Ийм сантай болвол наад зах нь хүүхдийн нэвтрүүлгүүд чанаржина. Мэдээж нийгэмд үзүүлэх нөлөө нь хэмжишгүй. Боловсролд, ирээдүйд чиглэсэн сайн хөрөнгө оруулалт.

Эргээд харах нь ээ Монголд сониноос бусад нь сантай болжээ. Сан байгуулна гэдэг онилсон салбараа хөгжүүлэх том гарц болдгийг ганц манай улс ч биш дэлхийн орнуудын жишээ баталдаг. Манайд ЖДҮ-ийг дэмжих гэх мэт Засгийн газрын тусгай сангуудын зарим нь улстөрчдийн, улстөрчдөд ойр хэн нэгний халаас руу орох хямд мөнгөний эх үүсвэр болчих гээд байдаг сул тал бий. Гэхдээ засч залруулаад, яг хэрэгтэй, онилж чиглэсэн бүлгүүдээ дэмжээд санхүүжүүлээд явбал сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөж нь их гэдэгтэй хэн ч маргахгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Авто замын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж ирээд яривал салбар бүр сантай. Тэгэхээр сонин ч гэсэн дундаа сантай болмоор байна. Яагаад заавал сантай болох ёстой билээ гэсэн асуултын хариу нь ч тов тодорхой.

Цэнхэр гаригийн улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарыг анзаарах нь ээ мэдээллийн уг үндэс нь сонин байдаг. Сошиалын хөөсрөл туйлдаа хүрч, хуурамч мэдээлэл газар авсан ийм үед өдөр тутмын сонин, тогтмол хэвлэлүүд л мэдээлэл авах цор ганц бодитой эх сурвалж болдог. Буух эзэн буцах хаягтай учраас, цаасан дээр түүх болж үлддэг болохоор сонины нийтлэл, мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бүр үнэн, бодитой эх сурвалжтай байдаг. Худал мэдээлэл цацвал вэб сайтууд шиг тэр дор нь засах аргагүй гэсэн онцлог сонинд бий. Цаасан дээр бичигдээд үлддэг учраас, шүүхэд дуудагдаж хариуцлага хүлээдэг субьект болохоор тогтмол хэвлэлд алдах эрх байдаггүй. Өдөр тутмын сонинуудын тухайд контент бүтээнэ гэдэг ухаан зарсан, оюунаа шавхсан, цаг хугацаа, хөлс хүч зарцуулсан нүсэр ажил. Сайн нийтлэл бичихийн тулд судалгаа хийнэ, олон талын эх сурвалжтай холбогдоно, хайж олсон баримтуудаа хүнд хүргэхээр бичиж туурвина гэж ирээд яривал сошиалд зүгээр л нэг цэцэрхэж суугчдаас тэс өөр ертөнц.

Өнөөдөр цахим орчинд ажиллаж байгаа сайтуудын ихэнх нь редакцигүй гэсэн шүүмжлэл бий. Гэрийнхээ компьютерийн араас сошиалын пост, жиргээний дайны мэдээлэл үйлдвэрлэж буй ийм сайтуудын мэдээллийг сэтгүүл зүй гэж ойлгоод яваа хандлага нийгэмд анзаарагддаг. Ийм мэдээллээр “бөмбөгдүүлж” байгаа олонхид гэрэл тусгах эрэлт аль хэдийнэ үүсчихсэн. Гэрэл тусгах боломж нь мэдээллийн үндэс болдог тогтмол хэвлэл рүү хандсан дэмжлэг. Бүр тодруулж хэлбэл үндэсний өдөр тутмын сонинуудаа дэмжиж байж үнэн худал нь мэдэгдэхгүй чанаргүй мэдээллүүдийн урсгал саарна. Тогтмол хэвлэлүүдийн тухайд сайн контент хийснийг нь урамшуулж, сайн контент хийх сэдэл төрүүлэхээр нөхцөл боломж олгож, иймэрхүү дэмжлэгүүдээ тусгай сангийн хүрээнд үзүүлээд явбал олон эерэг өөрчлөлт гарна.

Шуудхан хэлэхэд тогтмол хэвлэлийг нийгэм даяар ад үзэх маягтай болчихлоо. Нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл нь баларч устдаггүй учраас поп улстөрчид сонинд дургүй байх шиг санагддаг юм. Нийтэд сүрхий хүн болж харагдахын тулд сүржин мэдэгдэл хийдэг, рейтинг нь өсч л байвал ямар ч асуудлаар юу ч хамаагүй ярьж сүрийг үзүүлдэг популист улстөрчдийн хувьд сонин хүсэхээр мэдээллийн хэрэгсэл биш л дээ. Хэлсэн үг нь цагаан цаасан дээр хараар баримттайгаа үлдчихээр, өнөө худал үг нь хэдэн арван жилээр түүх болоод архивлагдчихаар ямар олиг байхав. Цахим орчинд бол юу ч гэж попорсон хамаагүй, өнөөдөр шуугиад маргааш мартагддаг онцлогтой. Бүр эвгүйдвэл өнөө сүржин мэдэгдлээ устгуулчихаад дараа нь гэмгүй хүн шиг суухад ямар ч асуудал үүсэхгүй. Энэ талаас нь харвал цацагдсан мэдээллийг нь хэзээ ч устгаж болдог цахим ертөнц, бэлдсэн нэвтрүүлэг, мэдээ нь урсаад өнгөрчихдөг телевизийг дэмжиж суугаа улстөрчдийн цаад санааг тааж ядах юм алга. Харин сонин бол өөр. Улстөрчдийн өчнөөн жилийн өмнөх бодлогогүй үг, болчимгүй явдлыг он сартай нь шүүгээд гаргаад ирж болно. Сайн, муутай нь архивлаад үлдээчихдэг болохоор улстөрчид сониныг ад үзсэн маягтай яваа. Наад захын жишээ гэхэд л Сонгуулийн хуулиас өдөр тутмын сониныг тойргийн гадна үлдээлээ. Зүй нь намууд мөрийн хөтөлбөрөө, нэр дэвшигчид сурталчилгаагаа өдөр тутмын сонинд заавал хэвлүүлэх гэсэн утгатай заалтыг Сонгуулийн хуульд тусгачихмаар байгаа юм. Дөрвөн жилийн дараа амлалтыг нь эргэн сануулж, ам асуухын тулд мөрийн хөтөлбөрийг нь цагаан дээр хараар баталгаажуулж үлдээх ёстой гээд байна л даа. Нэр дэвшигчдийн хувьд ч ялгаагүй. Амласан зүйлс нь сонины хуудсанд үлдвэл сонгогчид тойргоосоо гарсан улстөрчийг хэр хэмжээнд ажилласныг дөрвөн жилийн дараа төвөггүй дүгнэчихнэ. Архивласан сониноос тухайн үеийн дугааруудыг хараад л дүн тавьчихна.

Хэн ч сонин уншихгүй байгаа гэсэн утгатай үгс зарим улстөрчдийн амнаас давтамжтай сонсогдох болж. Энэ бол зорилготой сурталчилгаа. Сонин хэвлэл хэрэгтэй соёл, хүн төрөлхтөн өдөр тутмын сонингүйгээр ухаалаг, сэхээлэг оршиход хэцүү гэдгийг дэлхий мэднэ. Шуудхан хэлэхэд бид ухаантайдаа сонин хэвлэлээ тоохгүй яваа юм биш л дээ. Хоцрогдсондоо, харанхуйдаа сонин уншихгүй байгаа юм. Хөгжлөөрөө түүчээлдэг улсууд сонин хэвлэлд ямар их ач холбогдол өгдгийг нотолсон өчнөөн жишээ дурдаж болно. Захын жишээ хэлэхэд л япончууд өдөр тутмын хэвлэлийг том хүний сурах бичиг гэж чухалчилдаг. Өдөр тутмын сонинууд мэдээ, мэдээллийг зүгээр нэг цацдаггүй. Тайлбар, гарц, анализтайгаар нийтэлдэг. Тэр утгаараа өдөр тутмын сонин нийгэм, улс төрийг ойлгох сурах бичиг л дээ, гарцаа байхгүй. Нийгэмд юу болоод, ямар үйл явдал өрнөөд, цаашид яах гээд байгааг сонин л тайлбарлаж өгдөг.

Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлыг ажих нь ээ улстөрчид ард түмэн, сонин хоёрыг улам холдуулах бодлого бариад яваа анзаарагдах юм. Сонины сэтгүүлчдийн хөдөлмөрийг уурхайчны хөдөлмөртэй зүгээр ч нэг жишдэггүй. Дахиад хэлэхэд цуглуулсан мэдээлэлдээ анализ хийнэ, эх сурвалжаа нягтална, тэнцвэртэйгээр харна энэ тэр гээд тоочвол яалт ч үгүй оюуны хүнд хөдөлмөр. Тэгэхээр мэдээллийн суурь болдог, өндөр чанартай мэдээллийг нийгэмд хүргэдэг сонин хэмээх мэдээллийн хэрэгсэлд онцгойлж хандмаар байна.

Адаглаад л сонин хэвлэх цаасыг НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй. Р.Хадбаатарыг Монголын сонины холбооны ерөнхийлөгч байх хугацаанд хэсэг зуур л сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлсөн түүх бий. Гэвч энэ шийдвэрийг нэг их удалгүй цуцалж НӨАТ аваад эхэлсэн. Сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлчихвөл үзүүлэх үйлчилгээ нь хямдарч, өрсөлдөх чадвар нь өсөөд ирэх давуу тал бий. Ер нь өдөр тутмын сонины хамгийн гол зардал нь хэвлэх үйлдвэрт зарцуулагддаг. Хэвлэх зардал, сэтгүүлчдийнхээ цалинд ихэнх орлогоо өгдөг өдөр тутмын сониныхонд шуудангийн хүргэлтийн хөлс бас л хүнд ачаа болдог. Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний хөлсийг төр даадаг болчихвол сонинуудын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлнө. Иргэдээ соён гэгээрүүлж, зөв мэдээлэл авах боломжийг нь өсгөхийн тулд төрөөс ийм дэмжлэгүүд үзүүлчихэд жинхэнэ байгаа олсон дэмжлэг болно. Тогтмол хэвлэлийг дэмжих өөр нэг шийдэл нь мэт төрийн байгууллагуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг тендерийн зар, урилга гэх мэт зүйлс. Төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээх зар, мэдээлэл, урилга сэлтийг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх ёстой гэсэн утгатай заалтыг хуульчлаад журамлачихвал мөн л том дэмжлэг болно. Товчхондоо сая санал болгосон шийдлүүд ажил болбол төрөөс иргэдээ соён гэгээрүүлэхийн тулд бодитой дэмжлэг үзүүлчихлээ гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, сонины шилдэг нийтлэл, бүтээлийг урамшуулдаг шагналын сантай болмоор байна. Ийм хөшүүрэгтэй байж гэмээ нь сонины нийтлэл илүү чанаржина. Өдөр тутмын сониныхон нэгдэж нийлээд өөрсдөдөө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчдад ойлгуулж, гарц шийдэл санал болгож зөв лобби хийх шаардлага бийг ч энэ дашрамд онцолъё.

Үнэн зөв, жинтэй даацтай, хэрэгтэй, шийдэлтэй мэдээлэл авдаг улсын иргэд л боловсордог. Иргэд нь боловсорчихвол улс хөгжих асуудал биш. Ийм цонхоор харвал өдөр тутмын хэвлэлүүдээ дэмжих эрэлт хаалга тогшиж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *