Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ чуулганы танхимд “УИХ-д асуудлаа зоригтой яриад, эрх зүйн орчноо бүрдүүлээд явна. Ирэх долоо хоногт Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг оруулж ирнэ” гэсэн мэдэгдэл хийлээ. Браво. Том төслүүдээ хөдөлгөх том зоригтой байхаар шийдсэнд нь олзуурхаж сууна. Улсын хөгжилд нэмэртэй, хэрэгтэй ямар нэг төсөл эхлэх гэхээр л иргэний хөдөлгөөн, элдэв улс төртэй гацаа тээгүүд гараад ирдэг, тиймэрхүү гацаанаас болж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй явсаар өнөөг хүрсэн алдаагаа Засгийн газрын тэргүүн нь олоод харчихна гэдэг сайн хэрэг.
Эдийн засагт том өгөөжтэй, эрчим хүч, уран гэх мэт үндэстний аюулгүй оршиход онцгой нөлөөтэй төслүүд ийм эсэргүүцэлтэй нүүр тулдаг, эсэргүүцдэг хүмүүс нь тэр ажлаараа амь зуудаг болчихсон, санхүүжүүлдэг байгууллага нь гадны аль нэг улсынх байдаг гэж ирээд яривал хачирхалтай өнцөг ихтэй сэдэв л дээ. Одоо ураны төслүүдээ хэрэгжүүлж, газрын ховор элементийн хайгуулаа эрчимжүүлж, эрчим хүчний шинэ мега төсөлд онцгой анхаарч, эдийн засгаа тэлэхийн тулд олон олон, төсөл эхлүүлэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд л хэрэгжихэд бэлэн болсон алтны төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх эрэлт хаалга тогшиж байна. Урд хил хаалттай, доллар хэд ч хүрч цойлж мэдэхээр болчихсон ийм цагт нүүрс, зэс шиг оворгүй, хилийн элдэв хориг саад асуудал болдоггүй, валютын нөөцийг өсгөдөг гэдгээрээ алтны экспорт яалт ч үгүй амин хэрэгцээтэй байгаа.