Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Экологийн цагдаагийн алба гэж байна уу || DNN.mn

Хавар ирж буйг илэрхийлэх авиа их бий. Хүүхэд багачуудын дуу цангинаад, өглөөгүүр гадаа бор шувуу шогшгонох нь тод сонсогдоод чихэнд чимэгтэй гэж жигтэйхэн. Хот тойрсон хэдэн зуслангуудад цас ханзарч урин дулаан эхлэхтэй зэрэгцээд алх, хөрөөний давтамж, дараалалтай нүдэлтүүд эхэлнэ.

Урин дулаан цаг эхэлж буйг илтгэх шинэ цагийн авиа гээд хайлах гэхээр арай л хэцүү. Учир нь ийм л үед нөгөө цөөхөн ногоон бүсээс чинь өвөл унагаад цасанд булчихсан гуалингаа зөөж эхлэх юм. Сүүлийн жилүүдэд хулгайлж огтолж авсан модоо ил задгай зөөхөө больж шууд л ой дотор нь, хаяа хязгаарт нь тулгаж байгаад дүнзэн байшингуудыг босгодог болчихлоо. Ойн тухай хуульд ногоон бүсээс зуу ч билүү метрийн зайд байшин барилга барихыг хориглоно гээд хуульчлаад байсан чинь замхраад алга болчихсон юм уу.

Энэ зөрчлүүдийг зогсоон таслах зорилгоор Экологийн цагдаагийн алба гээчийг байгуулаад байсан, ажиллаж байгаа юу. Хотын дарга тоосгон гараж, хашаа хайстай байлдаж ногоон бүс байгуулна гээд байдаг атлаа байгалиас бэлэглэсэн амьд ногоон бүсийг чинь сүйтгээд байгааг анзаарч байна уу. Буух эзэнтэй, буцах хаягтай байшингууд, баригдсан ба баригдаж буй өчнөөн олон хаусууд ой таллаад төмөр хашаатайгаа хаана ч очсон байж л байна.

Түмэн мод тарья гэхээс гадна ургаад өндийчихсөн хэдийгээ хайрлаж хамгаалаач.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *