Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн үеэр нэр дэвшигчийг гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Хариуцлага алдсан эмч нарт оногдуулах ялыг хуулийн төсөлд хэрхэн өөрчилж оруулсан бэ. Мөн манай УИХ-ын гишүүд сэтгүүл зүй, сошиал хоёроо андуураад байна. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар сэтгүүлчийг цагдан хорих асуудлыг ярьлаа гэж хэвлэлийнхэн над руу олноор хандлаа. Сошиал орчинд ярьсан асуудлыг хэвлэл мэдээллийнхэн ярьсан мэтээр ойлгож болохгүй.

МАН-ын бүлэг дээр ийм асуудал яригдаагүй. МАН-ын 65 гишүүн хэвлэлийн эрх чөлөөний эсрэг байгаа юм шиг ойлголт огт байхгүй” гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “2015 онд батлагдсан хуульд хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулж, амь насанд эрсдэл учруулсан эрүүл мэндийн байгууллагын ажилтныг 2-8 жил хорих буюу 80 сая төгрөгөөр торгохоор тусгасан байсан. Энэхүү ялыг хөнгөлж хэмжээг нь 1-5 жил хорих буюу 5-27 сая төгрөгөөр торгох болгож, ялын хэмжээг бууруулсан. Иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг санаатай үзүүлээгүй бол хариуцлага тооцно гэдгийг сайн ойлгоорой.

Гүтгэх гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулинд хоёр тохиолдолд орж ирсэн. Сонгуулийн үеэр сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан бол нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зарим тохиолдолд хорих ял оноохоор тусгасан. Ердийн үед гүтгэх гэмт хэргийг Зөрчлийн хуулиар зохицуулна” гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Эрүүгийн хууль бол гурван сая хүний хувь заяатай холбоотой хууль шүү. Нэр төр нь бүтэн байх уу, амь нас нь бүтэн байх уу гээд оролцохгүй юмгүй, бүх хүнд хамааралтай хууль тул нухацтай хэлэлцэх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн хуулийг тогтож хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *