УИХ-аар сонгуулийн тухай дөрвөн тусдаа хуулийг хэлэлцэх гэж байгаа. Эдгээрээс хамгийн ултай суурьтай, удаан хугацаанд ажилласан төсөл нь Р.Бурмаа нарын гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль юм. Энэхүү төсөлд нэр дэвшигчид ард түмэнд өөрийгөө таниулахын тулд сонгуулийн сурталчилгааг яаж хийхийг хэрхэн зохицуулсныг авч үзье.
Хуульд сонгуулийн сурталчилгааг радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэж заажээ. Ингэхдээ зөвхөн сонин хэвлэлийг орхигдуулсан байх юм. Уг заалтаас харахад сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүйг тодорхойлоогүй байгаа юм. Тиймээс сонгуулийн сурталчилгааг хэвлэлээр хийж болно гэж хэнд ч гэсэн бодогдохоор. Гэтэл хуулийн төслийн 71.5 дахь зүйл заалтаар үүнийг түгжиж өгчээ. Тодруулбал, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн байна. Энэ нь эхэнд заасанчлан радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр нэр дэвшигч зөвхөн нэг удаа гурван хэвлэлийн хуудас тараах материал, штаб бол дөрвөн хуудас сонин, сэтгүүл гаргах боломж олгожээ. Энэ бол тогтмол гардаг сонин хэвлэлүүдэд хүртээлгүй заалт юм. Тухайн нэр дэвшигч, нам эвсэлд зориулсан, тэднээс өөр ямар ч мэдээлэлгүй тараах материал. Үнэндээ сурталчилгааг тогтмол, тасралтгүй явуулж байж олонд хүрч, үр дүнгээ өгдөг гэдгийг маркетинг, пиарын мэргэжилтнүүд бүгд мэднэ. Харин радио, вэб сайтууд нийгмийн хүрээг бүхэлд нь хамарч чадах нь юу л бол. Ямар сонин хэвлэл шиг үргэлж ширээн дээр дэлгээстэй байж, хүссэн үедээ эргүүлж уншина гэх биш тухайн богинохон хугацаанд урсаад л өнгөрнө.
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар сониноор сурталчилгаа хийхийг хориглосон. Энэ удаад ч бас Сонгуулийн нэгдсэн хуулиараа сонин хэвлэлийн эрхийг боомилох гэж байна.
Яагаад сонинг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сугалан авч үзэж байна вэ. Уг нь Үндсэн хуульд хэн бүхнийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бий. Энэ тухай Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тодорхой заасан байдаг. Иймд сонин хэвлэлийг ялгарварлан үзэж байгааг “Өдрийн сонин” эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Мөн Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сонинуудаа дэмжиж байр сууриа илэрхийлэхийг уриалъя. Ер нь эрх баригчид сүүлийн үед хууль гаргах болгондоо сонинуудыг сурталчилгаа хийхийг нь хориглож, хасч байна. Үүнд орон даяар өдөр тутам, долоо, 14 хоногт тогтмол хэвлэгддэг Монголын бүх сонин, тэнд ажилладаг сэтгүүлчид эрхээ хамгаалан гадуурхалтын эсрэг байр сууриа нэгтгэж тэмцэх хэрэгтэй.
Телевиз, сонин хэвлэл, радио, вэб сайт гээд бүгд ашгийн төлөөх хувийн хэвшлийн байгууллагууд байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс бусад нь төрөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Цэвэр сурталчилгаанаасаа олсон мөнгөөр санхүүждэг юм. Тиймээс эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ганц мөнгө олдог үе нь сонгууль. Мөн үүнээс гадна төр засгийн бодлого шийдвэр, хийх болон хэрэгжүүлсэн ажлыг нь олон түмэнд илүү сурталчилсаар ирсэн. Тэгтэл Ц.Оюунбаатар гишүүн жилийн өмнө төсвийн мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилгаа явуулахыг хориглочихсон. Тэгээд дараагаар нь сонгуулийн ажлаас телевиз, вэб сайтыг мөнгө ол гэчихээд сонин хэвлэлийг болохгүй гээд хуулиараа хасчихлаа. Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид яагаад сонинг ингэж ад үзээд, саад тотгор тавиад байна вэ. Гаргалгаа нь тун ойлгомжтой. Сонин бол тэр чигээрээ түүхийн архив. Телевиз, сайтыг бодвол сонин баримт болж үлддэг. Тэд энэ баримтаас айхдаа Монголын сонин хэвлэлийг эдийн засгаар нь боомилж байна. Тиймээс хойт эхийн араншин мэт ялгаварлан гадуурхсан хууль гаргадгаа болих хэрэгтэй. Угтаа бид ч Үндсэн хуулиар олгогдсон мөнгө олох эрхтэй юмсан.
Манайд мөрдөгдсөөр ирсэн Сонгуулийн тухай хуульд бас нэг балай заалт бий. Үүнийг удахгүй хэлэлцэх Сонгуулийн нэгдсэн хуульдаа ч мөн адил тусгасан байна лээ. Тэр нь сонгуулийн сурталчилгааг санал авах товлосон хугацаанаас нэг өдрийн өмнө зогсоох тухай заалт юм. Гадны улс орнуудын жишгээс харахад сонгогчид саналаа өгөх эцсийн мөч хүртэл нь сурталчилгааны кампанит ажил үргэлжилсээр байдаг. Тухайлбал, Австрали байна. Манай сэтгүүлч Э.Энэрэл тус улсын 2013 оны парламентын сонгуулийг сурвалжилсан тэмдэглэлд энэ тухай маш тодорхой мэдээлж байсан билээ. Ер нь бол сонгогчид улс орноо ямар хүнээр удирдуулах гэж байгаагаа мэдэх боломжийг нь санал өгөх эцсийн мөч хүртэл нь ингэж л хангаж өгмөөр байгаа юм даа.
М.МӨНХ