Ирэх зургадугаар сард УИХ болон орон нутгийн сонгууль болно. Улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сонгогч олондоо танилцуулна. Мөн нэр дэвшигчид өөрийнхөө хаана хэзээ төрсөн, ямар мэдлэг боловсролтой, ямар ажил эрхэлж байсан, цаашдаа сонгогчдын төлөө болон улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах зэргээ тайлбарлан таниулах учиртай. Туршлагатай, тулхтай улстөрчид сонгуулийн гол гол мөрийн хөтөлбөр, өөрийнхөө яриа хөөрөө, хийсэн бүтээснээ сонгогчдодоо тайлагнахдаа голдуу сонинг ашигладаг. Мэдээж, сонгуулийн явцад мэдээллийн бусад хэлбэрийг нэр дэвшигчид ашиглах боловч сонинд ач холбогдол өгдгийн учир нь давуу тал ихтэйг нь мэддэг, үр дүнг нь мэдэрсэн болохоор тэр.
Цаасан сонины хамгийн чухал тал бол цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хаана ч уншиж болдог. Сонин уншихын тулд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж хэрэггүй, сайндаа харааны шилээ зүүгээд л шууд уншина. Интернэттэй байх шаардлагагүй. Тогтсон цагт уншихгүй бол алга болно гэсэн ойлголт сонинд үйлчлэхгүй. Нэг үгээр хэлэхэд сониноо авсан байхад хаана ч, хэзээ ч, хэдэн ч удаа уншиж танилцах боломжтой бөгөөд энэ хэрээрээ тухайн нам болон нэр дэвшигчийнхээ талаар цогц мэдээлэлтэй болдог.
Цаасан сонины өөр нэг ач холбогдол нь хариуцлагатай байдал. Сонин дээр хэвлэсэн бүхэн үнэн байдаг. Цахим мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллийг устгаж болдог бол сонин дээр хэвлэсэн бүхэн хичнээн жилийн дараа ч тэр хэвээрээ хадгалагдаж үлддэг. Тийм болохоор өдөр тутмын сонинд гарсан бүхэн үнэн баримттай, хариуцлагатай, итгэл үнэмшил төрүүлж байдаг юм. Сонгогч олон түмэн ч сонин дээрх яриа, мөрийн хөтөлбөрийг нь дахин дахин уншиж түүндээ анализ дүгнэлт хийж байж хэнийг сонгохоо шийддэг. Түүнээс биш нэг удаагийн урсаад өнгөрдөг нэвтрүүлэг, цахим мэдээлэл зэргээс тулхтай ойлголт авч, өөрийн анализ дүгнэлтээ хийх боломж хомс юм.
Телевиз, янз бүрийн видео тоглуулагч ид гарч байх үед зарим судлаач театр үзэгчгүй болно гэж ярьдаг байлаа. Театрт юм үзэх гэж мөнгө төлж, цаг заваа барж байхаар тэнд гардаг жүжгийг гэртээ сууж байгаад телевизээрээ үзэж болно гэж тэд дүгнэсэн нь том алдаа байлаа. Жүжигчдийн харилцан яриа, сэтгэл хөдлөл, баяр хөөр, уйтгар, тэсгэл алдан уйлах нь хүртэл нүдэн дээр нь үргэлжилдэг болохоор үзэгчдийн тоо хэзээ ч буурч байсангүй. Театрын бодит орчин, жүжигчдийн амьд халуун тоглолтыг үзэгчид юугаар ч солилгүй өдийг хүрсэн юм. Түүн шиг телевизийн сувгууд хэдэн арваараа нээгдэж, зуу зуугаар тоологдох цахим сайтууд дээр фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр мэдээлэл асар хурдтай тарж эхлэхэд цаасан сонины эрин үе дууслаа гэх хүмүүс байлаа. Гэтэл төдийгөөс өдий хүртэл цаасан сонины эрэлт хэрэгцээ хумигдсангүй. Харин ч дугаар гарахгүй нэг хоног өнжихөд сонин нэхсэн хэдэн зуун мянган гомдол тасралтгүй ирдэг билээ. Ер нь хүмүүс “сонин дээр гарахаар нь үнэн гэж бодлоо” гэж ярьцгаадаг. Үүнээс сонинг хариуцлагатай, буурьтай, үнэн бодитой гэж боддог нийтлэг ойлголт одоо ч хэвээрээ, тийм ойлголттой уншигчдын тоо цөөрөөгүй нэмэгдсээр байгааг харж болно.
Бизнесийн том компаниуд, түүний топ менежэрүүд реклам сурталчилгаандаа сонинг тогтмол ашигладаг. Цаасан сонин зөвхөн нэг хүн дээр тогтохгүй гараас гарт, гэрээс гэрт өртөөлөн хүрдэг учраас уншигчдын хүрээ асар өргөн. Хамгийн хариуцлагатай албан тушаалтны ширээн дээр ч, хонь хариулаад явж байгаа малчны өвөрт ч сонин байж л байдаг. Хүүхэд хөгшидгүй энд тэндээс нь гарчиглаж суудаг. Сонин дээр өнөөдөр хэвлүүлсэн рекламыг нэг сарын дараа ч хүмүүс уншиж л байдаг. Ийм боломж, уншигчдын өргөн цар хүрээг топ менежэрүүд мэддэг болохоор өдөр тутмын сонинг онцолж сонгодог юм.
Ийм болохоор ч улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа сониноор хийхийг чухалд тооцдог бөгөөд сонгогчид ч сонинд гарсан улстөрчийн яриа, мөрийн хөтөлбөрийг хүндэтгэн авч, ул суурьтай уншиж судалдаг.
О.ТУЯА