Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн саналыг өөрчлөх боломжгүй гэв

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс өнөөдөр УИХ-ын сонгуулийн үйл явцад дөрвөн чиглэлээр мониторинг хийсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мониторингийг 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хэвлэл мэдээллийн сурталчилгаа, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил, сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр хийсэн байна.

Мэдээллийн эхэнд судалгааны багийнхан зургаадугаар сарын 11-14-ний хооронд нийслэлийн хоёр дүүрэг, Төв болон Өмнөговь аймгийн нэр бүхий тойргуудад ажиллахад нэр дэвшигч, намуудын 98 хувь нь санхүүжилтийн мэдээллээ өгөхөөс татгалзсаныг онцолсон юм. Мониторингийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 22, 23 дугаар тойрогт хийсэн байна. Намууд санхүүжилтийн мэдээлэл өгөхгүй шалтгаанаа янз бүрээр тайлбарлажээ. Сонгуулийн шударга өрсөлдөөн үзүүлэхийн тулд сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчид зардлын дансаараа хүлээж авч буй хандив, зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг уриаллаа.

Түүнчлэн хар машинд төв серверт ирж буй саналыг замаас нь будилуулна гэх яриа буй. Иймээс түүврийн аргаар саналын хуудсын 50 хүртэлх хувьд хяналтын тооллого хийхээр болсон. Тэгвэл тус мониторонгийн багаас үүнийг төв сервер дээр ирж буй тоо бол сонгуулийн санал дуусаад биллээ хэвлэж, хэсгийн хорооныхон гарын үсэг зурсны дараа явж буй үр дүн гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хэсгийн хороонд саналыг өөрчлөх ямар ч боломжгүй гэж үзэж буйгаа тодотгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *