Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хуулинд оруулж буй өөрчлөлтийг улс төрийн намууд эсэргүүцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан парламентэд суудалгүй улс төрийн намууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл: “Улс төрийн намуудын зүгээс Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулинд оруулахаар 20 орчим санал гаргаж, ажлын хэсэгт хүргүүлсэн. “УИХ-ын сонгуульд оролцохоор байгуулагдсан эвслээс улс төрийн нам гарсан хэдий ч анх эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвсэлд байгаа тохиолдолд уг эвслийг хүчинтэй гэж үзнэ” гэсэн заалтыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь байгаа тохиолдолд эвслийн эрх үүрэг хэвээр хадгалагдана гэсэн утгатай заалт байсан юм. Харамсалтай нь намуудын хүргүүлсэн саналуудын ихэнхийг татгалзаж, ердөө хоёр саналыг ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар хүлээн авч, байнгын хорооны хурлаар оруулсан. Гэсэн хэдий ч дэмжлэг авч чадалгүй уналаа. Саяхан УИХ-аар Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүд 100 хувь дэмжиж баталсан. Үүнийгээ парламентийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа түүхэн алхам хэмээн сурталчилж байгаа. Гэтэл өнөөдөр талаас илүү хувь нь парламентад намууд эвсэж орж ирэхийн эсрэг санал өгч байна. Энэ бол Монгол Улс олон намын тогтолцоотой орон гэдэг нь худлаа, хоосон тунхаг юм гэдгийг тодоор харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна” гэв.

Мөн хурлын үеэр улс төрийн намууд сонгуулийг автомат төхөөрөмжөөр тоолохоос татгалзах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд сонгуулийн хар хайрцгийг ашиглан 250 орчим төрлийн зөрчил үйлдэгддэг. Хөгжингүй орнууд цахим санал хураалтаас татгалзсан. Гэтэл манай улс хоёр өдрийн дотор малаа тоолж чаддаг мөртлөө сонгогчдынхоо саналыг тоолж чадахгүй гэдэг худлаа. Ард түмэнд үндсэн хуулиас гадна сонгуулийн тухай хууль хамгийн их хамаатай гэдгийг онцлоод улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг энэ удаагийн парламент хязгаарлаж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *