Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуульд оролцъё гэж байгаа бол сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй

Улс төрийн ээлжит сонгууль хаяанд ирээд байгаа энэ цаг мөчид сонгуульд оролцохоор бэлдэж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид сонин хэвлэлтэй сайн түншийн харилцаатай байх нь юунаас ч чухал болсон. Их хурлын сонгууль болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс одооноос л Монголын нэр нүүр болсон өдөр тутмын топ хэвлэлүүдэд ярилцлага, нийтлэл, сурвалжлага өгч өөрийгөө таниулах хэрэгтэй.

Үндсэндээ аав ээж, ус нутаг, удам гарал, эзэмшсэн боловсрол, туулж өнгөрүүлсэн алдар замнал, хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, цаашид хийхээр төлөвлөсөн ажил, амжилтынхаа түүхэн товчооноос хуваалцаж, сонгогч олны итгэлийг хүлээж сонины редакци, гал тогоотой нарийн нягт ажиллах нь тэдний үүрэг болоод байна. Олон мянган уншигч захиалагчтай брэнд сониноор дамжуулан хувь хүнийхээ бахдам чанар хийгээд Монгол Улсын хөгжил дэвшилд гар бие оролцож яваа гэдгээ мэдрүүлж, хөрс сууриа бэлдэх нь хамгийн гол ажил, үр дүнтэй алхам юм. Учир нь энэ удаагийн сонгууль өнгөрөгч оны сүүлээр баталсан Сонгуулийн тухай хуулиар явагдана.

Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчмыг тодорхойлсон сонгуулийн нэгдсэн хуулиар ард түмэн, сонгогч олонд өөрийгөө таниулах, сурталчлах бүхий л зүйл тас хориотой байгаа. Уг хуулийн 70 дугаар зүйлийн “хууль бус сурталчилгааг хориглох” хэсгийн гол гол зүйлээс нь дурдвал: мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдаалах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглосон. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, сувилуулах, аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, шашны холбогдолтой эд зүйл тараах, сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой дуу, зураг хэвлэх, нийтлэхийг хориглоно.

Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллагын нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, цалин хөлс, урамшуулал олгохыг хуулиар хатуу хориглосон. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах зэрэг нь мэдээж хориотой. Ингэж улс төрийн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш буюу энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн сонгуулийн санал хураалт дуусах цаг мөч хүртэл дээрх бүх зүйл заалтыг хуулиар хориглосон байна.

Харин эл бүх хориотой жагсаалтад сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа этгээд сонин хэвлэлд ярилцлага өгөх хийгээд мэдээ материал нийтлүүлж болохгүй гэсэн үг өгүүлбэр байхгүй байгаа. Энэ нь сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг зөвшөөрч байгаа зүйл. Гэхдээ улс төрийн ямар нэгэн акц үзүүлэх, хэн нэгэн хүний нэр төрд халдах, гутаан доромжлох зэрэг нь мэдээж хууль бус үйлдэл болно. Түүнээс тухайн хүн өөрийнхөө амжилт бүтээл болоод удам гарал, ус нутаг, сайн үйлс, бүтээн байгуулалт, нийслэл хот, орон нутгийн хөгжил дэвшлийн талаар сонины хичнээн нүүр талбайг ч эзэгнэн ярьж болно. Энэ бүхэнд сонины редакци нээлттэй байж мэргэшсэн хамт олон танд үйлчлэн, яриа хөөрөөг чинь оюуны өв болгон мянга мянган уншигчдаа хүргэдэг. Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өдөр тутмын сонины нүүр талбай харьцангуй хямд юм. Дээрээс нь Монголын топ хэвлэлүүд өөрийн гэсэн үйлдвэртэй болж, орчин цагийн хэвлэлийн зах зээлд олон улсын стандартыг барьж ажиллах болсон. Технологийн өндөр дэвшил, хурд хүч, өнгө шүүлтний дээд зэргийн чанарын баталгаа болсон үйлдвэр сонины зөвхөн нэг дугаарыг хэдэн зуун мянгаар хэвлэх хүчин чадалтай.

Өдөр тутмын сонинд нийтлэгдсэн материал тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэн үүнд оршдог юм. Сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу 24 цагийн өмнө хаадаг. Нэр дэвшигч олны өмнө гарч үг хэлэх эрхгүй, зурагт, радио цахим сайтаар сонгуультай холбоотой нэг ч үг өгүүлбэр байх учиргүй, амаа үдүүлсэн тэрхүү 24 цагийн туршид таны ярилцлагатай сонин л бусдын өмнө дэлгээтэй байна. Бүтээн цогцлоохын ирмүүн их хүсэл оршсон яриа хөөрөө чинь сонгуулийн өдөр ч сонгогчдын чихэнд хүрч, хэлгүй, дүлий өдрүүдэд гагцхүү сонин л таныг олон түмэнд тунхаглан зарладаг. Өдөр тутмын сонинд нийтлэгдсэн материал тэр чигээрээ түүх болж үлддэг гэдэг нь ийм учиртай.

Сонинд нэг л гарсан бол тэгээд болоо, дахиж гарах шаардлага байдаггүй. Харин зурагт радио, цахим сайт бол өөр, тухайн үедээ урсаад өнгөрдөг. Гар дээр үлдэх бодит зүйл байдаггүй.

Таны ярилцлага нийтлэгдсэн сониныг хүмүүс маш дуртай, урамтай авч уншина. Учир нь тухайн сонинд таны ярилцлага, нийтлэлээс гадна олон сайн материал хахаатай байх нь мэдээж. Нүүр нүүртээ унших юмтай, өвөрмөц содон, нийгэмд тодорч буй хүмүүсийн сонирхол татсан яриа хөөрөө, зураг хөрөгтэй сонинг үнэхээр юм уншдаг хүн булаах нь холгүй шүүрч авдгийг бид мэднэ. Ухаандаа, “Өдрийн сонин”-д та ярилцлага өглөө гэж бодоход тухайн дугаарт төрийн шагналт нэрт нийтлэлч Баабарын юм уу, төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн нийтлэл хэвлэгдэхэд юу болох уу. Ингэж тухайн нэр дэвшигчийн өөрийгөө олон түмэнд нээж гаргасан сонины хуудас бүхэн үнэ цэнтэй байдаг юм.

Монголын брэнд сонины нүүр талбайд гарч, түүний эн цараагаар өргөн олон уншигчдад хүрч өөрийгөө таниулах нь эрхэм. Түүнээс биш нэр дэвшигчид өөрсдөө сонин гаргаад, сонгогч олондоо тараана гэвэл үлгэр. Зүгээр нэг сурталчилгааны болсон болоогүй албан ёсны хуурай хэвлэмэл хуудас л болно. Тэгж ард түмнийг басамжилж болохгүй. Өнөөдөр монголчууд нэг үеэ бодвол боловсролтой, өндөр соёлтой болсон. Сүүлийн үед хэн дуртай нь цахим сайт нээж, түүнийгээ сонгуульд ашиглахаар зэхэж байна. Яг бодит амьдрал дээр, Монголын нөхцөлд аваад үзэхэд хөдөө орон нутгийнхан тэр чигээрээ цахим сайт үзээд сууж байх уу. Сумын цөөн хэдэн албан хаагч л үзнэ байх. Интернэтгүй бол, ухаалаг утасгүй бол цахим ертөнцийн тухай ярихын ч хэрэг байхгүй. Энэ мэтчилэн эрсдэл ихтэй. Ер нь энүүхэндээ хэлэхэд, цахим сайтад тавигдсан нэр дэвшигчийн яриаг хэн нэгэн “ба бэ”-гүй уншаад сууж байна гэдэг бас л асуудалтай. Манайхан чинь цахимаас хов жив, элдэв яриа хөөрөө, сенсаци л хайдаг юм биш үү. Ингээд бодохоор зурагт радио, цахимаар өөрийгөө таниулна гэдэг тийм ч үр дүнтэй биш байх нь. Тиймээс сонгуульд оролцъё гэж бодож төлөвлөж байгаа хэн бүхэн сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуульд оролцъё гэж байгаа бол сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэн гарч, уншигчдадаа хүрлээ.

Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гариг бүр хүргэдэг уламжлалт “Танайд өнжье” буланд далан жил ханилан, эв эеийг эрхэмлэж, олон сайхан үр хүүхэд, ач зээ нартайгаа энх тунх амьдарч яваа хоёр азай буурлын тухай нийтэлж байна. Нас хэдий 90 дөхөж яваа ч хөнгөн шингэн, ярьж хэлэх нь цэгцтэй Г.Жигжид, А.Цэрэнням гуай нарын хөгжилтэй сайхан яриаг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Хилийн байлдагчаас хошууч генералд болтлоо зүтгэсэн Онцгой байдлын албаны П.Даш генералын ярилцлагыг энэ удаагийн дугаартаа хүргэж байна. Тэрбээр хоригдож гарснаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа юм. Түүний ярилцлагыг нэг, зургаа долдугаар нүүрээс дамжуулан унших боломжтой.

Улс төр буланд Ч.Хүрэлбаатар гишүүний ярилцлага гарлаа. Тэрбээр “Үндэсний аж ахуй нэгжийг дампуурлаа гэхэд баярладаг гишүүн байх юм” хэмээн ярив Хоёр, тавдугаар нүүрт түүний ярилцлагыг нийтэллээ. Мөн Шадар сайд Ц.Оюунбаатарын ярилцлагыг энэ өдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

Энэ он гарснаас хойш улаанбурхан өвчний дэгдэлт эрс нэмэгдэж, 59 хүүхэд эндсэн харамсалтай мэдээ бий. Эцэг эхчүүдийн санааг зовоосон улаанбурханы өвчнөөр өвдсөн хүүхдүүд ХӨСҮТ-д ачаалал нэмэгдэж, нөхцөл байдал хүндрээд байгаа тухай өдрийн сурвалжлагыг 15 дугаар нүүрт хэвлэлээ. Орон нутгаас ирсэн өвчтөнүүдэд бүр ч хүнд байгааг энд онцоллоо.

Томоохон цахилгаан станцуудын ажил хэр урагштай байгааг 17 дугаар нүүрээс, сэтгэл судлаачийн ярилцлагыг 19 дүгээр нүүрээс тус тус унших боломжтой. Эдгээрээс гадна цаг агаар, зурхай ханшийн мэдээ зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *