Categories
мэдээ цаг-үе

Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ

Гурван сая хоёр зуун мянган хүнээс сонгуулийн насны 2.4 сая иргэнтэй, өргөн уудам нутагтай Монгол оронд өнөө маргаашгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн анир алга. Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгааны албан ёсны, хуульд заасан хугацаа эхэлж байгаа болохоор эрхбиш нэг юм дуулдаж эхлэх байлгүй. Улс төржөөд сүйд байхад, яахаараа нам гүм байна гэдгийн гэж зарим хүн хэлэх байх л даа. Өнөөдөр Монголд сонгуульдаж, улстөржөөд байгаа талбар сошиал л байх шив дээ. Нийгмийн сүлжээнд сонгуулийн шуугиан тарьж, шуугиулж байгаа 20-иодхон л хүн байна. Тэр шуугиан таригч зорилтот хориодхон хүний үгээр сошиалд хаягтай, завтай голдуу нөхөд нь хоёр талцан дээр, дооргүй хэрэлдэж, МАН, АН гэлцээд сүйд майд болох юм. Тэрийг нь тухайн цаг агшинд таймлайнд таарч уншиж байгаа, ихээр бодоход хоёр зуун хүн л үзэж байна. Тэр мэдээлэл шуугиан тарьсан, худал үнэн эсэх нь эргэлзээтэй пост, жиргээг нь тухайн цагт үзэж байгаа хүн л харна уу гэхээс олон зуун мянган дагагч нь бүгд олоод харчихдаг юм биш. Хэрэв бүгд зэрэг олж хараад байдаг бол дагагч нарынхаа тоогоор хэдэн зуун мянга, хэдэн мянгаар нь ретвийт, лайк яагаад авдаггүй юм. Монголын хамгийн олон ретвийт авсан жиргээ гурван мянга гаруй ретвийт л авсан байдаг. Гэхдээ нэг өдрийн хугацаанд биш шүү. Хэдэн жил болж байж, ийм хэмжээний ретвийт авна. Түүнээс олон ретвийт авсан нь сонгуулийн үед бот буюу бодит хүн биш, программаар зориуд өсгөсөн хуурамч байдаг.

Үүнийг одоо нийтийн сүлжээ хэрэглэгчид андахаа байсан л даа. Тэгэхээр яг нэг цаг минутад сошиалд хаяг, бүртгэлтэй бүх хүн байдаг гэж андуурах хэрэггүй. Жишээ нь би өдрийн цагаар ажилтай тул орой гэртээ очиж хоол ундаа хийж дуусаад тавлах зуураа гүйлгэж сошиалыг нэг харна. Өглөө ажилдаа ирэх зуур нэг харна. Өдөр цай уух зуур зав гарвал нэг шагайна. Гэхдээ энэ нь байнга бас биш шүү дээ. Бусад үед нь ажил амьдралтай хүмүүс өдөржин сошиалд сонгууль, улс төр жиргэж, постлоод суух нь юу л бол. Мэдээж нэр дэвшигчдийн сошиалд ажиллах баг бол сонгуулийн хугацаанд тогтмол байж болох л юм.

Тэгэхээр өөрийгөө сошиалд гол нөлөөтэй гэж үзэж, байнга сонгууль, улс төр жиргэж, постлоод сууж буй хориод хүн “Тэрний эмээ хятад, тэрний эмээ монгол, төмөр зам тавьсан, тавиагүй, Ганбаа боссон, босоогүй гэхээр сайндаа хоёр зуун хүний хүрээнд л шуугина. Хальт харсан хүнд бол сонгууль ид өрнөөд хэдэн өрсөлдөгч нь бие биенээ хар, цагаан хар пиараар бөмбөгдөөд, иргэд нь нийтээрээ талцаж байгаа аятай харагдаад байгаа юм. Үнэн хэрэгтээ тал хээрийн Монгол нам гүм байна. Зуны дэлгэр цаг ирж, айраг цагаа, найр наадам ярьцгаахаас биш хотын сошиал хэрэглэж байгаа хэдэн хүнээс халиад сонгууль сонирхож байгаа хүн алга. Монголын амьдрал бусад өдрүүдийн л нэгэн адил үргэлжилсээр.

Нарлаж суугаа хэдэн өвөгцүүлийн яриаг чагнах нь ээ сошиалаар яваад байгаа мэдээллийг огтоос дуулаагүй шинжтэй. Даалуу, даам, шатрынхаа нүд нүүдлийг л ярьцгаах аж. Хөдөө нутгаадаа яваад ирсэн хүн “Манай тэнд сонгууль болж байгааг мэдэж байгаа, тоож байгаа ч хүн алга” гэнэ.

Телевизээр сүүлийн үед бие бие рүүгээ дайрсан захиалгат нэвтрүүлэг хэд хэд гарлаа. Өрсөлдөгчид өөр өөрсдийн хувийн телевизээр л голдуу нэгийгээ намнасан, өөрийгөө магтуулсан нэвтрүүлгүүд гаргаж байна. Хорхойсон улс төр сонирхдог хэсэг хүмүүс, улс төрд оролцон тоглогч хэдээс өөр тэрийг сонирхож байгаа хүн төдий л олон биш. Телевизээр бие биенийгээ сүйд хийчих гээд явуулаад байгаа нэвтрүүлгийг хоногийн хоолоо болгох гэж яваа гэр хорооллын хэдэд яаж ч хүрэх билээ. Аль нь үнэн яриад байгааг ялгахаа ч байж.

“Яг түүн шиг” шоуг сая хүн үзэж байхад төмөр зам барьсан бариагүй, хэн нэгний удам сударт нь хятад хүн байдаг эсэхийг яг сонирхож харагдаач. Бүр тэгээд телевизүүдийн эфирт гарах дарааллын 10-аас хойш гарч байгаа сувгуудыг үзэх зав цаг, боломж алга. Эхний хэдэн сувгаа оройдоо үзэж барвал их юм. Энэ их цаг наргүй амьдралын шуурганд оройхон хэрд үздэг ганц нэг нэвтрүүлэг, киногоо үзнэ. Монгол HD-гээр гарч байгаа “Цэнхэр тэнгисийн домог” Солонгосын олон ангит кино хүүхэд залуусын дуртай кино болж. Үдэш хоолоо идэж дуусаад цэнгээнт нэвтрүүлэг эсвэл кино үзэж байна. Боловсрол сувгаар “Яг түүн шиг” шоу, “Көсем”, “Сэжүн хаан” олон ангит кинонууд гарч байгаа. Киног гадныхан үнэхээр сайн ч хийх юм. Үзэгчид тэр мэтэд уяатайл дэлгэцний өмнө сууж байна. МҮОНРТ-ээр “Людмила Гурченко” Оросын олон ангит кино гарч байна. UBS-ээр “Эхнэрийн урхи” олон ангит кино үзэгчдийн тоогоороо мөн л шуугиулж байна. ТV5-аар “Ээж” Солонгосын олон ангит кино, ТV9 дээр “Эргээд ирээч хайр минь” “Дуулиан“ зэрэг уран сайхны кинонууд, ТМ дээр “Золиослогдсон хайр” гэж Мексикийн олон ангит кино, NTV-гээр “Хоосон харгуй” олон ангит уран сайхны кино гэх мэтээр солонгос, америк, япон, орос сериалууд гарч байна. Дэлхийд шуугиулсан интертайнмент шоунуудыг Монголын телевизүүд уралдан эрхийг нь авч ирж байна. Ийм нэвтрүүлэг, кинонууд үзэж суугаа хүмүүс төмөр зам барьсан бариагүй тухай дөчин хэддүгээр сувгаар нэвтрүүлэг үзээд суух уу. Элсэн дороос төмөр зам олсон олоогүй, эмээ нь хятад мөн биш гэсэн шуугиан, олон түмэнд хүргэх гэсэн пиар нэг иймэрхүү л сошиал, олон хүн үздэггүй телевизээр цомхон хүрээнд л өрнөж байна.

Тэгвэл сонгуульд саналаа өгөх бусад хүн нэр дэвшигчдийн мэдээллийг бодитойгоор хаанаас авах вэ. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчилж болдоггүй сонин л үүнийг хүргэж байна. Энэ хүмүүс сонин ирэхийг л сонгуулийн сурталчилгаа эхэллээ гэж үздэг. Тааралдсан захын хүн хэлнэ дээ. “Сонгуулийн сонин энэ тэр нь ирээгүй л байна. Тэрийг харж байж хэнийг сонгохоо шийднэ” гэж. Зарим нь “Тэр сонгууль нь хаагуур болоод байгаа юм. Манайхаар лав нэр дэвшигчийн сурталчилгааны юм орж ирээгүй” гэнэ. Сурталчилгааны юм гэж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, ярилцлага, тэр хүнийг танилцуулсан мэдлээлэл бүхий сонин, мөн товч танилцуулгатай хэвлэмэл хуудас хоёр шүү дээ. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог эмээ, өвөө нар фэйсбүүк, твийтрийг мэдэх ч үгүй, мэдлээ гэсэн ч итгэх ч үгүй. Хэдэн хүүхдүүдийн тоглож наадаж зураг хөргөө сэлфидэж, танилцдаг газар гэлцэнэ. Технологийн хөгжил тэдэнд учир нь олдохгүй хов живийн ертөнц шиг санагдана. Орчин үед хэний ч дуу хоолойг үгийг нь өөрчлөөд монтажлаад, хаа байсан Холливудын ододтой хамт зургаа эвлүүлж, дүрс бичлэгээр ямар ч тохитой томоотой хүнийг дэггүйтүүлж болж байна. Хүнийг есөн шидээр нь өөрчилж Путин, Трамп хоёрыг ч хооронд нь зодолдуулж шоглож болдог болчихсон. Хэний ч мэдэхгүй танихгүй жаал нэг удаа live хийж, хүн ойлгохын эцэсгүй бураад амьтны элэг доог болж, тэнэгэрлийг нь хүн бүхэн шаагихаар өөрийгөө од болчихлоо гээд андуурна. Үнэн хэрэгтээ гадуур тэрнийг таних ч нэг ч хүн байхгүй. Ингэхээр ийм зүйлд яаж ч итгэх билээ дээ. Солгой хоолойтой хүн ч бичлэгт ороод хоолойгоо техникээр засуулаад мэргэжлийн дуучных шиг болгож нийтэд цацаж байна. Манай телевизүүд аналоги системээс дижитал систем рүү шилжиж, дуу, дүрсний өндөр чанартай нэвтрүүлэх болж, программ хангамж нь сайжирсан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн ч үүнийг дагаад үнэнийг худал болгож, сайхныг муухай болгож, муухайг сайхан болгох боломж нь илүү л нарийн болсон. Ингэхээр л итгэл үнэмшил улам буураад байна. Иймдээ ч хэдэн зууныг дамжин хэвлэгдэн гарч өнөөдрийг хүрсэн цаасан сонины үнэ цэн хэвээр байгаад байгаа юм.

Америк, Европт банкны мэдээлэл эхлээд цахимаар сүүлд нь цаасан хэлбэрээр дугтуйтай ирдэг. Шүүхийн бүх зарга цаасаар ирдэг. Үнэн гэдгийн баталгаа тэр. Ямар ч гэрээг цаасан дээр хийдэг. Өөрчилж болохгүй тул ингэдэг. Яг үүн шиг хэдэн зуун жил цагаан дээр хараар бичигдэж ирсэн сонин гэдэг юмыг л гартаа барьж, нүдээрээ харж байж итгэдэг. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчлөх аргагүй. Нэг удаа урсаад өнгөрөхгүй учраас өнөөх сонингоо дахин нягталж үзэж болно. Баримт болгон хадгалж болдог.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийг гэрт нь, гарт нь сонин ирэхлээр л мэддэг ард түмэнтэй улс шүү дээ, бид. Сурталчилгааны бодит материалыг сонин л гэж ойлгодог. Тиймдээ ч хэвлэмэл сонинг хүлээж суудаг. Нэр дэвшигч өрсөлдөгчийн тухай бодит үнэн мэдээлэл авахын тулд шүү дээ. Тэр тусмаа “Өдрийн сонин”-д юу хэлж вэ гэж чих тавьж байдаг. Мэргэжлийн өндөр түвшинд ямар мэдээ, мэдээлэл нийтэлж вэ гэж хүлээдэг. Хүн төрөлхтний том дэвшил бичиг үсэг үүссэний дараа мэдээлэл солилцох хэрэгцээ улам ихэсч, орн зай цаг хугацааны шалгуурыг туулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэр цаг үеэс хэвлэмэл мэдээлэл ард түмнийг хэдий чинээ байлдан дагуулна төдий чинээ ихэс дээдсийн бухимдлыг төрүүлдэг байж. Эх сурвалжуудад анхны сонин хэзээ гарсныг янз бүрээр дурдсан байдаг бөгөөд хэвлэмэл анхны сонин бол “Библи” гэж үзэх нь бий. Нэг үгээр Библийг цаасан дээр хэвлэж тарааснаас үүдэлтэй ингэж үзэх талтай гэнэ. Мөн дэлхийн хамгийн анхны хэвлэмэл сонин VIII зуунд Хятадад “Нийслэлийн мэдээ” гэдэг нэртэй гарч байсан талаар зарим эх сурвалжид дурджээ. Ингэхээр хэвлэмэл сонины түүх хэдэн зуун жилээр тогтохгүй нь ойлгомжтой болж таарна.

Харин Монголд анхны сонин 104 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сард “Шинэ толь бичиг” нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Гэхдээ түүнээс өмнө монгол хэлээр гарсан анхны сонин Хаант Оросоос монгол уншигчдад зориулан 1895-1897 оны хооронд “Дорнод хязгаарын амьдрал” нэртэй гарч байж. Оросын Чита хотод хэвлэгдэж байсан уг сонин нийт 450 дугаар гарсан байдаг. Тэр ч бүү хэл нийслэл хүрээ Ховд, Улиастай зэрэг газарт байнгын сурвалжлагчтай байсан юм билээ. Энэ бүхнээс харахад сонин гэдэг ямар урт удаан хугацаанд оршин тогтнож, мэдээлэл түгээж ирснийг илтгэнэ. Иргэд сониныг төдийгөөс өдий хүртэл уншиж, захиалж ирсэн нь технологийн хөгжлийн үед ч үнэ цэнээ алдалгүй, бодит мэдээллийг хүргэсээр, уншигчид цөөрөхгүй байгаагаас харж болно.

Сонгуулийн сурталчилгаа ч эхэллээ. Таны гарт сонин очихоор л цаад хэдэн нэр дэвшигчдийнхээ хэнийг нь хэн болохыг яг таг мэдэж авах нь дамжиггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж байгаа юм. Энэ тухай мэдээллийг нэгдүгээр нүүртээ онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербург хотноо олон улсын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн. Түүний айлчлалын хүрээнд яригдсан асуудлын нэг болох Тува руу төмөр замаар холбогдох эсэх асуудлыг энд хөндлөө. “Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа” хэмээх нийтлэлийг өнөөдрийн дугаараас тольдон уншаарай.

Мөн түүнчлэн “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогын тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болдог Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ” хэмээх нийтлэлийг хэвлэлээ.

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгын ярилцлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас мөн уншиж болно. Тэрбээр “Иргэдэд хүлээлт үүсгэсэн амин чухал олон ажил тодорхойгүй байна” хэмээн ярилцлагадаа онцолсон юм. Нэг, хоёр, тавдугаар нүүрээс энэхүү ярилцлагыг уншина уу.

Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан цуврал сурвалжлагын үргэлжлэлийг өнөөдрийн дугаарт хүргэж байна. “ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона Вита” компани улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө “идэж” байна” хэмээх гарчигтай энэхүү сурвалжлагыг долдугаар нүүрт хэвлэлээ. Эдгээрээс гадна “Эмч”, “Шинжлэх ухаан танин мэдэхүй”, “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” зэрэг хуваарьт булангуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *