Categories
мэдээ цаг-үе

​Сонгох эрхгүй сонгогчид ба АНУ дахь монголчууд

Удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, бидний сайн мэдэх, олон улсын тоймч Ш.Гантулга гадаад орнуудад оршин суугаа өөрийн орны иргэддээ хандан сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаандаа хандив дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Бусад улс орнууд гадаадад оршин суугаа иргэддээ анхаарал тавин дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг бол манай төрөөс энэ талаар огтхон ч анхаарал тавьдаггүйг шүүмжлэн энэ удаа иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг боогдуулж байгааг эрс буруушаасан байна.

Монгол оронд ажилгүйдэл, ядуурал нүүрлэж үй олон монголчууд амь зуухын эрхээр гадаад орнуудыг зорих болсон нь төр засгийнхны урагшгүй бодлогын үр дагавар юм.

Хүний газар харь элгийн нутагт аж амьдралаа зохиохоор ирсэн бидэнд аль олон зовлон бэрхшээл тохиолдохыг тэр гэхэв, юутай ч тэр бүхнийг тэвчээртэйгээр даван туулж хөлс хүчээ урсган ажиллаж он цагийг туулсаар явна.

Бидний амьдарч буй эрх чөлөөт зах зээлийн гэх энэ нийгэм өөрийн эрдэм мэдлэг авъяас чадвараа дайчлан шаргуу хөдөлмөрлөсөн хэн бүхэнд үр шимийг нь харамгүй хүртээдэг нийгэм болохыг бид өөрсдийн амьдралаар ойлгож мэдэрч байна.

Намайг Ш.Шагдаржав гэдэг энд ирэхээсээ өмнө Үйлдвэр худалдааны яаманд 10 гаруй жил ажилласан. Эхнэр Б.Энхтуяа одоогийнхоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд олон жил ажиллаж байв.

2004 он гэхэд хоёр хүүгийн хамт гэр бүлээрээ Америкт ирж Вашингтон ДС орчимд сууршихаар болсон юм.

Бид Америкт 2008 оны хямрал эхлэх үед хурааж цуглуулсан бага сага мөнгөөрөө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж багаж хэрэгслэлүүд худалдан авч гал тогооны чулуун тавцан үйлдвэрлэдэг жижиг цех нээн ажиллуулж эхлэсэн.

Үйлдвэрлэлээ жигдрүүлэн ашиг орлоготой болох хүртэл эхний хэдэн жил хүүхдүүдийнхээ хамт нойр хоолоо хасаж хөлс хүчээ шавхан ажилласан.Хүүхдүүд маань хөдөлмөрийн хатуу хөтүүд нухлагдаж бас баяр жаргалыг мэдэрсэнд би хамгийн их олзуурхаж байдаг.

Миний аав Монгол улсын хөдөлмөрийн баатар, анхны гавьяат механиникжуулагч Ц.Шатар нэгэн дурсамжиндаа “Байнгийн дур сонирхолтой ажилтай байна гэдэг бол хүний онцгой аз жаргал мөн” гэж хэлсэн байдаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө Нью-Йорк хотын Манхэйтэнд байх 42 давхар хоёр хос 600 айлын орон сууц мөн ойролцоох хоёр зочид буудлын өргөтгөлийн чулуун хийцүүдийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлыг хийж дуусгах үед манай компани олон захиалагчдын итгэлийг олж чадсан юм аа.

Одоо манай компани жил тутам хэдэн мянган айлын орон сууцны гал тогооны чулуун тавцан, бусад барилгын чулуун хийцүүдийг үйлдвэрлэн угсардаг компани болтлоо өргөжин тэлээд байгаа билээ.

Бидний нэгэн адил өөрсдийн бизнесээ нээж амьдрал ахуйгаа амжилттай авч яваа олон гэр бүл энд бий. Америкийн монголчуудын аж амьдрал өнөөдөр шинэ үед орж байна.

Би 1992 онд Москва хотын Бүх Оросын Гадаад Худалдааны Академийг төгсөж ирэхэд миний үеийн хэсэг залуучууд улс орондоо эрх чөлөөт ардчилсан нийгэм байгуулахаар хувьсгалт эргэлт хийж төр засгийн эрхийг гартаа авсан байлаа.

Тэд улс орон даяар ардчилсан хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж тухайн үеийн нэгдэл, САА, үйлдвэр, заводуудыг удирдаж байсан мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай, ажлын арвин туршлагатай, удирдлагын багийг хуучин тогтолцооны хоцрогдсон хүмүүс гэж үзэн толгой дараалан ажлаас нь халж, оронд нь Ардчилсан намын гишүүн гэгдэх дунд сургуулийн багш голдуу хүмүүсийг ажиллуулахаар тавьсан юм.

Төр барих нь байтугай гэр ч барьж үзээгүй залуучуудын гэнэн алдаатай бодлого улс нийгмийн хөгжлийг зогсонги байдалд оруулж хүн ардыхаа амьдралыг уруудан доройтуулах болсонд уурлан бухимдсан олон түмэн 1992 оны сонгуулиар тэднийг төрийн сэнтийгээс зайлуулахаар шийдэж ардчилсан хүчнийхэн УИХ-д ердөө таван суудалтай үлдсэн юм.

Тэдний оронд хуучин тулхтай улс төрийн хүчин хэмээн итгэж одоогийн МАН -д саналаа өгцгөөсөн боловч тэд нөгөө намаасаа огтхон ч дутахааргүй Монголын нийгэмд хор уршиг тарьсныг өнөөгийн бидний эргэн тойронд болж буй үйл явдлууд бэлхнээ харуулж байгаа билээ.

1992 оны сонгуулиар хаалгаар өшиглөгдөн гарсан АН-ын залуучууд 1996 оны сонгуулиар элдэв башир арга хэрэглэсээр тооноор орж ирцгээсэн юм.

1990-ээд оны дундуур зах зээлийн нийгмийн шилжилтийн үе дэх өмч хувьчлалын шатанд гарсан эмх замбараа сахилга хариуцлагагүй үйл явдал даамжирсаар Монголын нийгмийн хөгжилд хамгийн их хор уршиг тарьсан бөгөөд энэ нь нийгэм, улс төр хууль ёс, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд ажлын хариуцлага сахилга дэг журмын тогтолцоог бүр мөсөн устгаж алга болгосон явдал юм.

Сахилга бат дэг журам хариуцлагын тогтолцоогүйгээр Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч ардчилсан нийгмийг байгуулах гэдэг байж болшгүй зүйл билээ.

30 жил Монголын төрийг ээлжлэн барьсан МАН, АН аль алиныхан ч засаглалын үед энэ ажлыг хийж хэрэгжүүлээгүй юм. Төрийн албан тушаалтнууд хээл хахуул авах өмч хөрөнгө завших, төсвийн мөнгө хулгайлах, уул уурхай тонох, байгаль орчноо сүйтгэх энэ бүхэн одоо ердийн зүйл мэт болсон ч үүнийг хийсэн хүмүүстэй хэн ч хариуцлага тооцдоггүй “шударга ардчилсан” нийгмийг бид байгуулсаар байгаа билээ.

Эрдэнэтийн 49 хувь, Жастын Батхүүгийн хэрэг, Оюу толгой, Таван толгой, ЖДҮ, Концес гэх мэт олон гэмт үйлдлүүд төрийн томчуудтай холбогдох бөгөөд хууль шүүхийн байгууллага тэднийг хамгаалсаар өнөөг хүртэл шийдэж чадахгүй байна.

Засгийн газрын шийдвэрээр очсон аймгийн дарга нар төрийн хуулиа зөрчин албан тушаалтнуудыг ажлаас халж оронд нь өөрийн хүмүүсийг томилон багаа бүрдүүлдэх гэгчээс ажлаа эхлүүлдэг юм байна.

Тэр баг нь аймаг орон нутгийнхаа төсвөөс боломжит бүх мөнгийг хулгайлах, улс нийгмийн хөрөнгийг үнэгүйдүүлэн завших, тэндэр хуйвалдан авах, хүний бизнес булаах зэрэг гэмт хэргийн үйлдлүүдийг зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх ажээ. Энэ ажлаа хийж гүйцэлдүүлэх зорилгоор хүний аминд хүрсэн байж болзошгүй байх сэжүүр таамгууд илэрсэн ч хууль, Шүүхийн байгууллагууд тэр багт нь байх тул аливаа хийсэн хэргүүдийг нь хаацайлан хамгаалах үүрэгтэй аж.

Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийнхэн хэд хэдэн аймгаар очиж холбогдох баримт материалд түшиглэн энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжилсныг та бид харцгаасан билээ.

Ийм их гэмт үйлдлүүд нь баримттайгаагаар илэрсээр байхад тэднийг барьж шийтгэн хариуцлага оногдуулахын оронд харин нам нь тэдэнд шагнал хүртээн УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлж байгаа нь ард олноо басамжлан доромжилж байгаа хэрэг боловч нөгөө талаас нь харвал сонгуулийн булхай луйвар хийхээр улаан цагаандаа гарч байгаа хэрэг бус уу.

Гэмт этгээдүүд төрийн өндөр албан тушаалтнууд хууль шүүх хүчний байгууллагууд хамтран гэмт хэрэг үйлдэх нь мафийн тогтолцооны хамгийн төгөлдөржсөн хэлбэр бөгөөд өнөөдөр Монголын төрийн тогтолцоо яг ийм хэлбэр агуулгыг олжээ.

Цензүргүй сурвалжлага УИХ-ыг Улсын Их Хулгайчид гэж нэрлэв. Гучин жил бидэнд аз жаргал эрх чөлөө амлан төр барьсан тэр хүмүүс толгой дараалан баян болсон бол 30 жил тэднийг толгой дээрээ залсан монгол түмний ихэнх ядуу зүдүүхэн амьдарч гурван хүн дутмын нэг нь нэн ядууран хоосорчээ.

Энэ удаагийн сонгуульд шударга ёсны төлөө бидний дуу хоолой болж явдаг олны танил эрхмүүд, улс нийгэмдээ хийсэн ажилтай хэлэх үгтэй бизнесменүүд эрдэм боловсролтой зөв хандлагатай залуус зэрэг олон сайн хүмүүс нэрээ дэвшүүлсэн байна.

Өнгөрсөн сонгуулиудаар сонгогч бид нэг талыг барин хэт туйлширсан сонголт хийж алдаа гаргаж байсан билээ.Бусармаг үйлдэл гаргасан журмын нөхдийнхөө эсрэг шийдвэртэй тэмцэл өрнүүлж, зарчимч шаардлагатай ажиллаж ирсэн УИХ ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт үйлдэл хээл хахуулын эсрэг, шударга үнэний төлөө тууштай тэмцэгч Ардчилсан намын гишүүн Г.Уянга нарыг сонгож итгэл үзүүлэх нь зүйтэй юм.

Гадаадад байгаа монголчууд бид УИХ-ын сонгуульд санал өгөх эрхээ хасуулсан ч өөрийн дэмжигч сонгогчдодоо хандив тусламж өгөх боломж нээлттэй байгаа билээ.

Бид хэдийгээр сайн танихгүй боловч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө түмэн олны дуу хоолой болон тууштай тэмцэгч, бидний хүндэлж явдаг хүмүүс болох нэр дэвшигч Ш.Гантулга, Г.Уянга нарын сонгуулийн сурталчилгаанд нь зориулан хандив өгөхөөр манай гэр бүлийхэн ярилцаж шийдсэн юм.

Энэ удаагийн сонгуулиар бүрэлдэн бий болох шинэ төр засаг нийгэмд нүүрэлсэн дээрэм хулгай луйврыг илрүүлэн, эмх журам тогтоон, нийгмийн харилцааны бүх шатанд ажлын хариуцлага сахилга батын тогтолцоог бий болгох ажлыг улс орон даяар кампанит ажил болгон зохион байгуулснаар ажлаа эхлүүлэхийг бид шаардах эрхтэй бөгөөд хойшлуулшгүй тулгамдсан энэ асуудалд хэрхэн хандаж байгаагаар нь дараагийн Засгийн газрын өнгийг шинжих болно.

Шатарын Шагдаржав, Вашингтон ДС, АНУ

2020 оны 6 сарын 19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *