Сонгинохайрхан дүүргийн 157,000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байна.
Тус эмнэлэг нь нийт 200 ортой, 16,000 м.кв талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд УИХ-ын чуулганд оролцож байгаа тул хэлэх үгээ дайсаныг уншиж танилцуулъя. Монгол хүний эрүүл амьдрах нөхцөлийг хангахад олон улсын байгууллагуудын хувь нэмэр үнэтэй билээ. Эрүүл мэндийн салбарт АХБ 37 сая ам.долларын буцалтгүй тусламж, 240 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үзүүлэн хамтран ажиллаж байна. 100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, жилд 150,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэхэн эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран нээж байна. Эмнэлгийн орц, гарц, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт юм. КОВИД 19-ийн халдвар тархсан хүнд цаг үед энэхүү эмнэлгийг нээж өгч байгаад Ерөнхий сайдаас талархал илэрхийлж байна.
Тэрбээр тус дүүргийн тойргоос УИХ-д сонгогдон гарсан гээд “10 жилийн дараа энэхүү том эмнэлэг нээгдэж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил хамтран ажиллаж буй АХБ болон донорууддаа талархлаа илэрхийлье.
Энэ барилга байгууламжийг бүтээн байгуулсан компанийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье. КОВИД-оос болж хойшлогдсон ч өнөөдөр энэ эмнэлгийг нээж байгаадаа баяртай байна” гэв.