Монгол орны тал хээрийн цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй “Ногоон Монгол орон(Green Mongolia)” аян нь Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс эхлэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар 2010 оноос жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, “Нэг хүн – Нэг мод” аяныг эхлүүлсэн нь Монголын Шинэ тосгон хөдөлгөөнийг харуулсан тод жишээ юм. Уг аянаар дамжуулан Нийслэл Улаанбаатар хотоос машинаар цаг гаран яваад хүрэх Налайх дүүрэг, Төв аймгийн Баянчандмань сум, Чойр хотууд дахь мод үржүүлгийн газрын ажилтнууд улс даяар суулгах мод, үрсэлгээг бэлдэх гээд амрах сөхөө үгүй.
Монгол Улсад Шинэ тосгон хөдөлгөөн эхэлсэн нь 2004 оны 11-р сар. 1996 оноос 3 жил Солонгост амьдрахдаа “Шинэ тосгон” хөдөлгөөнийг анх мэдэж авсан К.Марина төрийн бус байгууллага байгуулж өдгөө Монголын Шинэ тосгон холбоо ТББ-ын Тэргүүний албан тушаалыг хашиж буй. Тус байгууллага 2007 оноос Монголын Шинэ тосгон хөдөлгөөний удирдагч, манлайлагчдын уулзалт Их хурлыг нээж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн. 2010 он, 2014 онуудад зохион байгуулагдсан Их хурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж баярын мэндчилгээгээ хүргүүлж, 2015 оны Их хуралд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд өөрийн биеэр оролцож баяр хүргэж байв.
Хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эхэлсэн энэхүү төсөл ажил 2009 онд БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон янзын төсөл ажлуудыг хэрэгжүүлэх боломжууд гарч өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монголын Шинэ тосгон хөдөлгөөний 167 удирдагч ажилтныг Солонгост сургалтанд хамруулсан. Мөн өөрсдийн хэрэгжүүлж байсан байгаль орчин сэргээх, орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх зэрэг олон ажлуудад Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөний системийг авч хэрэгжүүлсэн.
Солонгосын Кёнги муж болон Хойд Кёнсан, Хойд Чүнчон, Канвон зэрэг мужуудтай орон нутгуудын харилцаа ч энэ үеэс эрчимтэй хөгжсөн. Төв аймгийн Баянчандмань суманд Шинэ тосгоны байр, хонины ноос боловсруулах, худаг гаргах, зүлэгжүүлэх, үрсэлгээ суулгах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах ажлууд байгаль орчин хамгаалах, орлого нэмэгдүүлэх зэрэг төсөл ажлуудаар үргэлжиллээ. 2004 оноос эхлэн 11 жилийн хугацаанд хоёр улсын Шинэ тосгон хөдөлгөөний салбарууд хамтран 9 тосгон газарт 35 ажил төслүүдийг явуулжээ. Энэ жил Кёнги мужаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орлого нэмэгдүүлэх төслөөр талхны үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.
2016 онд 12 жилийн ой тохиож буй Монголын Шинэ тосгон холбоо ТББ нь Монголын 16 аймагт 22 салбартай, 10 мянга гаруй гишүүдтэй өнөр бүл болжээ. Өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн төслүүдийнхээ хичээл зүтгэлийн үр дүнд 2014 оны 12 сард Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөс Алтангадас одон, 2015 оны 11 сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өргөмжлөлийг хүртсэн билээ. Түүнчлэн, 2010 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөний Ерөнхийлөгч И Жэ Чанд орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медалиар шагнасан.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2009 онд Ханнара намын дарга байх үедээ Монголд айлчилж, Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс эдийн засгаа амжилттай хөгжүүлсэн загвар туршлагыг суралцаж байгаад ихэд олзуурхаж “Ачийг ачаар” дипломат харилцаа хэмээн онцолсон байдаг.
Солонгос улс ч мөн адил гадаад улсын тусламжтайгаар хөгжин цэцэглэсэн улс учир тэр хэрээр бусад улс орнуудад буцаж өгөх хэрэгтэй гэсэн үг юм. Саяхан Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Африкийн улсуудаар хийсэн айлчлалаар ч мөн олон салбар чиглэлд тусламж дэмжлэгийг үзүүлж “Ачийг ачаар” дипломат харилцаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.